Б.БЯМБАСАЙХАН: Төслөө стандартын дагуу бэлтгээгүй байж хөрөнгө оруулалт татна гэж ярилтгүй
Төслөө стандартын дагуу бэлтгээгүй байж хөрөнгө оруулалт татна гэж ярилтгүй
2014.04.16

Б.БЯМБАСАЙХАН: Төслөө стандартын дагуу бэлтгээгүй байж хөрөнгө оруулалт татна гэж ярилтгүй

 “Монголын бизнесийн зөвлөл”-ийн ТУЗ-ийн дарга, “Новатерра” компанийн захирал Б.Бямбасайхантай Монголын эдийн засгийн болоод хөрөнгө оруулалтын орчны талаар ярилцлаа.

-Манай улс хөрөнгө оруулалтын гачигдалд орлоо. Гадаад хөрөнгө оруулалт өсөх нь үү. Хөрөнгө оруулалт, төслийн менежментийн үйл ажиллагаа эрхэлдэг танд маш сайн мэдрэгдэж байгаа болов уу?

-Гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь хамгийн чухал гэдэг нь ойлгомжтой. Монголдоо, эх орондоо амьдарч буй бид хөрөнгө оруулалтын орчныг нь яг байгаагаар харна. Харин Нью-Йоркт суудаг хөрөнгө оруулалтын шинжээч арай өөр өөр харна. Монголын хөрөнгө оруулалтын орчныг харж байгаа бидний өнцөг, Нью-Йоркийн шинжээчийн өнцөг том зөрүүтэй. Энэ зөрүүний голд миний эрхэлж байгаа бизнес оршин тогтнож байгаа юм.

Өөрөөр хэлбэл, манай компани Монголын бизнесийн орчны бодит байдлыг Нью-Йоркийн шинжээчид ойлгогдох хэлээр бэлтгэж танилцуулж, хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгдөг компанийн бизнес угаасаа ингэж явдаг. Монголыг монгол хүн л хамгийн сайн мэднэ, мэдэрнэ. Монгол хүн монгол хүнтэйгээ хамгийн сайн харилцана, ойлголцоно. Монголд 15 жил амьдарсан гадаадын хүн монголчуудын үгний цаад утга, янз байдлыг мэдэрдэггүй.

Монголчуудын санаа бодлыг тусгасан, олон улсын стандартаар бичсэн шинэ төсөл бариад хөрөнгө оруулагчидтай уулзахад арай нааштай хүлээн авдаг. Гэхдээ сүүлийн үед хөрөнгө оруулахаас цааргалах нь давамгайлж байна. Хөрөнгө оруулагчид “Өө танайх болоогүй байна аа. Уул уурхайн салбар чинь овоо явж байснаа буцаад уначихлаа” гэдэг юм. Манай эдийн засаг, зах зээлийг хөрөнгө оруулагчийн нүдээр харвал хамгийн ашигтай салбар нь уул уурхай. Гадаадын хөрөнгө оруулагчид манай ашигт малтмалын нөөцийг олборлож, боловсруулан баялаг болгоод дэлхийн зах зээлд худалдаж, ашиг олох сонирхолтой байдаг.

Гадаадынхан эрчим хүч, үйлдвэрлэлийн салбараас өмнө уул уурхайд чинь хөрөнгө оруулна гэнэ. Манайхан уул уурхайгаасаа өмнө эрчим хүч, үйлдвэрлэл гэх мэт дараагийн шатанд сонирхол татах салбартаа хөрөнгө оруулахыг санал болговол мөнгөний урсгалаа хаасаар байх болно. Хөрөнгө оруулалт татах төслүүдээ зөв дараалуулах хэрэгтэй.

-Хөрөнгө оруулагчид манай улс төр, эдийн засгийн бодлого тогтворжихыг хүлээж байгаа байх. Гэтэл бид “Оюутолгой” төслийг ая эвийг нь олоод үргэлжлүүлчихэж чадахгүй сууна.

-Би голдуу шөнө ажиллаж байна. Монголд шөнө болоход Нью-Йоркт нар манддаг. Монголын төслийг сонирхож байгаа Нью-Йоркийн хөрөнгө оруулагчид Монголд шөнө дөл болж байх ямар ч хамаагүй шүү дээ. Тэдэнд төслүүдээ олон улсын стандартын дагуу тайлбарлан ойлгуулж чадаж байгаа. Гэвч улс төр болон эдийн засгийн нийтлэг макро орчин гээд биднээс хамаарахгүй зүйл тээг болох юм. Хөрөнгө оруулагчид макро орчныг сайтар анхаардаг.

Хамгийн наад зах нь Монголын эдийн засаг жилд 20 орчим хувиар өсөж байснаа 10 болоод буурчихаар хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрөх нь мэдээж. Эдийн засгийн өсөлт буурсан нь хөрөнгө оруулалтын хэмжээ багассантай холбоотой. Хөр өнгө оруулалтын муу хууль гаргасан, “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны санхүүжилтийг зогсоосон гэх мэт хөрөнгө оруулалтыг үргээсэн шалтгаанууд бий. Бид хөрөнгө оруулалтыг үргээж, эдийн засгийн өсөлтөө сааруулсныхаа горыг ам.долларын ханшийн өсөлтөөс алдагдал хүлээн амсаж байна даа.

-Буруу бодлогын горыг олон бизнесмэн амсаж буй байх. Саяхан МҮХАҮТ-д бизнесмэнүүд цуглаад төр засагт гомдол мэдүүлэхээр болсон гэсэн.

-Монголчууд өнөөдрийнхөөсөө илүү сайхан орчин, нөхцөлд амьдрахыг төлөө ажиллаж хөдөлмөрлөж байгаа. Хөрөнгө оруулалт татаж, төсл үүдээ хэрэгжүүлж чадахгүй бол сайхан амьдрах орчин нөхцөлийг бүрд үүлэх хугацаа хойшилсоор байх болно. Бид материаллаг хэрэглээ, мэдээлэл, ер нь хаанаас ч харсан 10 жилийн өмнөхөөсөө илүү сайхан орчинд амьдардаг болсон. Дэд бүтцээ хэр хөгжүүлсэн байна вэ, ард иргэд нь тохилог байр сууцанд амьдарч байна уу гэж сайхан амьдралын орчныг хэмждэг. Хөрөнгө оруулалт татах нь сайхан амьдрах орчныг илүү хурдан бүрдүүлэх арга зам.

-Хөрөнгө оруулалт сайжрахгүй байгааг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эсэргүүцдэг байсан Уул уурхай, Эдийн засгийн хөгжлийн сайдаас шалтгаалж байна гэх юм. Хөрөнгө оруулагчид үнэхээр зарим улстөрчөөс айгаад байна уу?

-Миний өвөг дээдэс Монголдоо амьдарсан. Би болоод гэр бүлийнхэн маань Монголдоо амьдарч байна, амьдарсаар байх болно. Ингээд бодохоор энэ бүхнийг хэсэг хугацааны бэрхшээл гэж үздэг. Болохгүйгээ өөрчилж, сайжруулах нь ухаантай хүний шинж гэдэг биз дээ. Хууль нь хуудуутай байвал өөрчилье, бодлого нь буруу байвал залруулъя. Түүнээс биш, болохгүй байна гээд яриад суугаад байвал хэдэн ч сар, жилийг өнгөрүүлнө. Манай улс маш хурдтай өсөж байгаа зах зээлтэй.

Тиймээс хүмүүсийн шаардлага маш хурдтай өөрчлөгдөж байна. Өнөөдөр хэрэглэж байгаа зүйлээ маргааш нь л илүү сайжруулна гэж ярьж байгаа. Бусдын сайн жишиг, жишээг дор хаяж google.com-оос хайгаад харчихдаг болсон. “Чингис хаан” нисэх буудал руу явдаг авто зам хоёр эгнээтэй нарийхан байсан. Саяхныг хүртэл хэцүү гэж түвэгшээдэггүй байж. Тэгээд дөрвөн эгнээтэй өргөн зам тавьсан чинь ийм сайхан болгож болох байж шүү дээ гэсэн бодол толгойд харваж байгаа юм.

Сайн хууль батлаад хөрөнгө оруулалт олчихгүй, эвсэл шинэ Засгийн газар байгуулагдаад бүх төслийг санхүүжүүлэхгүй. Тэгэхээр хөрөнгө оруулалт татахын тулд төслийнхөө бэлэн байдлыг хангах нь хамгийн чухал. Олон жил яриад хэрэгжүүлээгүй төслүүдэд дүн шинжилгээ хийгээд үзэхээр бэлэн байдлыг хангаагүйгээс шалтгаалсан байдаг.

Тэр замыг буцаагаад нарийхан болговол бид яагаад ч дасан зохицохгүй. Яг энэ замтай адил бидний амьдрал байнга сайжирч байх учиртай. Амьдралаа сайжруулахын төлөө л манай үеийнхэн мэдлэг, боловсролоо дайчлан тэмцэх ёстой. Түүнээс биш, тэр сайд хэн байсан бэ, байгаа вэ гэдэг огт хамаагүй.

-Та өнөөдрийн жижиг асуудалд түүртэлгүй, ирээдүйд илүү санаа тавь гэж хэлэх гээд байна уу?

-Бид ямар зорилготой вэ. Тэрийгээ харах хэрэгтэй. Гэр бүл, компани, улс орныхоо ашиг орлогыг зөв зохицуулж, нэг шат ахихаа бодох хэрэгтэй. Өөрөө хичээхгүй байж хүнийг хичээсэнгүй гээд суугаад байвал ахиц дэвшил гарахгүй. Бүх хүн сайн сайхныг хүсдэг. Тиймээс сайн сайханд хүрэхийн төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй.

-Монголын Засгийн газар болон компаниуд олон төсөл хэрэгжүүлэхээр зорьж буй өнөөгийн нөхцөлд танайх шиг хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ нэн чухал. Төслүүдэд хөрөнгө оруулалт татахад юун дээр анхаарах шаардлагатай вэ?

-Сайн хууль батлаад хөрөнгө оруулалт олчихгүй, эвсэл шинэ Засгийн газар байгуулагдаад бүх төслийг санхүүжүүлэхгүй. Тэгэхээр хөрөнгө оруулалт татахын тулд төслийнхөө бэлэн байдлыг хангах нь хамгийн чухал. Олон жил яриад хэрэгжүүлээгүй төслүүдэд дүн шинжилгээ хийгээд үзэхээр бэлэн байдлыг хангаагүйгээс шалтгаалсан байдаг. Нэг сая ам.долларынх ч бай, нэг тэрбумынх бай ямар нэг төслийг олон улсын стандартын дагуу бэлтгэсний дараа хөрөнгө оруулагч мөнгө өгдөг. Төслөө стандартын дагуу бэлтгэж, бэлэн байдлыг нь хангаж чадаагүй байж ийм ч үйлдвэр, тийм ч станц барина гээд давхиад байх хэрэггүй. Олон улсын санхүү, инженерийн стандартын дагуу бэлтгэсэн төсөл хөрөнгө оруулалт татаж чадна.

-Монголын компаниуд төслийн бэлэн байдлаа хэр хангаж чадаж байна вэ?

-Том компаниуд төслөө олон улсын стандартын дагуу бэлтгэх хэрэгтэйг аль хэдийнэ ойлгосон. Одоо дундаж компаниуд ойлгож эхэлж байна. Ерөнхийдөө олон улсын стандартад нийцсэн төсөл боловсруулах чадвартай монгол мэргэжилтэн ч олширч байгаа.

-Манайханд эцсийн үр дүн нь гоё сонсогдоод байдаг юм шиг. Жишээ нь, “ДЦС-5”-ыг барина гэж олон жил ярьж, одоо л суурийг нь тавих гэж байна.

-Эцсийн үр дүнд хүрэхийн тулд дунд нь олон шат дамждагийг ойлгох хэрэгтэй. Барих саналаас суурийг нь цутгах хоёрын хооронд олон шат бий. Тэр нь төслөө стандартын дагуу бэлтгэх. Яагаад төслөө стандартын дагуу бэлтгэх хэрэгтэй вэ гэвэл Нью-Йоркийн хөрөнгө оруулагчдад ямар ч эргэлзээгүйгээр ойлгогдож байх шаардлагатай тул тэгэх ёстой юм. Тавдугаар цахилгаан станцыг барих төслийг хэрэгжүүлэх боломж макро түвшиндээ байсан ч микро түвшиндээ алдсан.

-Та “Монголын бизнесийн зөвлөл”-ийн ТУЗ-ийн даргын албыг хашдаг. Бизнесийн зөвлөлд багтдаг компаниудын үйл ажиллагаа хэр байна вэ?

-Бизнесийн 280 орчим компани багтдаг. Ерөнхий эдийн засгийн орчин бэрхшээлтэй байна. Компанийн удирдлага бүр л бэрхшээлийг яаж хурдан давах вэ гэж бодож байгаа. Тэд хүчээ зөв хуваарилаад, зардлаа танаж байна. Манайхан эдийн засгийн макро орчноо сайжруулъя гэж ярилцдаг. Бас бодлогын өөрчл өлт хийхэд өөрсдийн ажлын туршлагыг нэмэрлэе гэж ярилцдаг. Монголын өсөж байгаа эдийн засагт таарч тохирсон бодлогыг бид өөрсдөө хийж чадна. Гадаад ямар нэг улсад хэрэгжүүлсэн бодлогыг дуурайж болохгүй. Тэр нь Монголын нөхцөл байдал, онцлогт тохирохгүй. Харин туршлагыг судалж болох байх.

-280 компанийн хэд нь үндэсний, хэд нь гадаадын хөр өнгө оруулалттай вэ. Танай зөвл өлийг Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын компаниудын эрх ашгийг хамгаалдаг гэж харддаг.

-Гадаадын хөрөнгө оруулалттай компани 30, хамтарсан болон үндэсний хөрөнгө оруулалттай нь 70 хувийг нь эзэлдэг. Мэдээллээ сайн ойлгодоггүй хүмүүс гадаадын компаниудад үйлчилдэг байгууллага гэж бодож байж магадгүй. Хөрөнгө оруулалт буюу мөнгө гэдэг зүйл ямар ч үнэргүй, амтгүй. Хөрөнгө оруулалт ороод, төсөл хэрэгжээд, монгол хүн ажлын байртай, тогтмол орлоготой болж байвал бусад нь ямар хамаа байна вэ. Оюутолгойн нөөцийг хэн ч ухаад аваад явчихгүй.

Монголчууд тэрийг ойлгох хэрэгтэй. Харин Оюутолгойд уурхай, баяжуулах үйлдвэр барьсан нь монголчуудад ашигтай. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагч гэж ялгахаасаа илүү, Монгол Улсад, монгол хүнд юу хэрэгтэй вэ гэдгээ бодох хэрэгтэй. Төр засгийн гаргаж буй бодлогын шийдвэр бизнес бөгөөд эдийн засгийн хувьд бидний амьдралын дараагийн 10-15 жилийг тодорхойлно. Тиймээс манай зөвлөл бодлогын шийдвэр зөв байгаасай гэж хүсдэг. Зөв шийдвэр гаргуулахын тулд идэвхтэй ажилладаг. Олуулаа хэлэлцэж байж шийдвэр гаргадаг системтэй улсын иргэд шүү дээ, бид.

-Бизнесийн зөвлөлд багтдаг гадаадын хөрөнгө оруулалттай компани Монголоос хөрөнгө татах талаар ярьдаг уу. Эсвэл эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчин сайжрахыг хүлээж байна уу?

-Хаалгаа хаагаад явж байгаа компаниуд бий. Монголд хийх ажлын гэрээгүй, ялангуяа уул уурхайн инженерингийн компаниуд хаалгаа бариад явж байна. Энэ орон зайг монголчууд өөрсдөө нөхөх хэрэгтэй болов уу. Хөрөнгө оруулагч гэж хэн бэ гэдгээ сайн ойлгох хэрэгтэй. Монголд ресторан, үйлдвэр байгуулсан гадаадын хүнийг л хөр өнгө оруулагч гэж нэрлэх гээд байдаг.

Монголд хэрэгжиж байгаа төслүүдийн хувьцааг худалдаж авсан асар олон хүн бий. Угтаа тэд ч бас Монголд хөрөнгө оруулагчид. Жишээ нь, “Туркис хилл” компанийн хувьцааг Нью-Йоркийн хөрөнгийн биржээс худалдаж авсан хүн “Оюутолгой” төсөлд хөрөнгө оруулчихсан нөхөр байхгүй юу. “Туркис хилл”-ийн ширхэг хувьцааг 15 ам.доллараар худалдаж авсан хөрөнгө оруулагчид өнөөдөр 80 хувийн алдагдал хүлээчихсэн сууж байгаа. Уг нь тэр хүн хувьцааных нь үнэ 30 ам.доллар болж өснө гэж бодоод худалдаж авсан байлгүй. Ийм байхад Монголын уул уурхайн шинэ төсөл хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргахад хэн ч худалдаж авахгүй. Монголд оруулах хөрөнгө буурахад ийм нэг шалтгаан байгааг тайлбарлах нь зүйтэй.