Д.Жаргалсайхан: Аж үйлдвэрийн салбар сэргэвэл ам.долларын ханш буурна
Аж үйлдвэрийн салбар сэргэвэл ам.долларын ханш буурна
2014.04.16

Д.Жаргалсайхан: Аж үйлдвэрийн салбар сэргэвэл ам.долларын ханш буурна

Төмөрлөг машин үйлдвэрлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай ярилцлаа

 Оюуны   өмчийн өдөрт зориулсан яармаг худалдаанд ямар бүтээгдэхүүнээр оролцох гэж байна вэ?

-Эдийн засгийн тусгаар тогтнолыг бий болгоно гэж бодож байвал төмөрлөг, машинт үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх ёстой. Цаашид техникийн зураг төсөл, технологийн боловсруулалтыг монгол  инженерүүд хийгээд гадаадын улс орнууд руу нийлүүлэх боломжтой. Тухайлбал, Япон, Солонгос, Хятадын машин үйлдвэрүүдэд маш олон тендер зарлагдаж байгаа.

Үүнд оролцох боломж манай залууст бий. Монголчуудын оюуны бүтээлийг гадагш зарж болох гарц нь энэ юм. Жижиг, дунд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж экспортод гаргах боломж ч бий. Түүнчлэн дэлхийн хэмжээний тендерт оролцож болно. Харин дэлхийн монгол хүнийг бэлтгэх хэрэгтэй. Үүний тулд политехникийн боловсролоо сайжруулах, зорилготой тууштай ажиллах. 2-3 гадаад хэлтэй байх шаардлагатай. Монголчууд Хонда, Тоёото машины сэлбэгийг үйлдвэрлэж гадагш гаргаж байгаа. Энэ мэтчилэн хийж бүтээж буй залуусынхаа бүтээлийг энэ сарын 26-ны өдөр Чингисийн талбайд болох яармаг худалдаанаас харж болно.

-Танай үйлдвэрлэлийн салбарт төрөөс ямар дэмжлэг үзүүлж байна вэ?

- Машинт үйлдвэрлэлийн салбарт “Монбус”, “Троллейбус”, “Дуобус” гээд компаниуд бий. Үүнийг дагаад жижиг, дунд 20 орчим компани гарч байгаа. Ер нь хөгжингүй улсуудын хөгжлийн загварыг харвал “Тоёото”, “Женерал моторс” компаниудын араас сая, сая хүн ажлын байртай болно, тэр хэрээр эдийн засаг сэргэдэг. Тэгэхээр үйлдвэрлэлийн, технологийн , хариуцлагын сүлжээнд орсон үйлдвэрлэлийн шинэ тогтолцоог манай улс бүрдүүлэх ёстой. Ингэснээр багаар ажиллах чадварт суралцана. Энэ ажлыг ойрын 5-10 жилийн дотор бид хийх ёстой.

- Машинт үйлдвэрлэлийн салбарт инноваци хийх боломж хэр байгаа вэ?

Үйлдвэрлэлийн, технологийн , хариуцлагын сүлжээнд орсон үйлдвэрлэлийн шинэ тогтолцоог манай улс бүрдүүлэх ёстой

-Баялаг бүтээх ухаан монголчуудад байдаг. Төр дэмжихгүй, зохицуулалт муу байна гэж гомдоллохоос илүү хүмүүс санаачилгатай байх ёстой. Манай улсын эдийн засаг тэлсэн байгаа нь бидний хийж бүтээхэд хамгийн сайн тал болно. Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудын дунд технологийн асар их боломжтой залуус бий. Тэдгээр иргэдээ эх оронд нь авчирч ажиллах боломж бүрдүүлэх хэрэгтэй.

Түүнчлэн Төрийн шагналт, инженер Нацагнямаар дамжуулан гадаад орнууд руу нэвтрэх боломж бий. Энэ нь эдийн засагт ч эерэгээр нөлөөлнө. Учир нь оюуны потенциаль өндөр залуус ажлын байрыг олноор бий болгож чадна. Хийж бүтээж, үйлдвэрлэхийн хэрээр импорт хумигдан, валютын ханшийг сулруулах боломж бүрдэнэ.

-Эдийн засагт эерэгээр нөлөөлөн, валютын ханшийг бууруулахад аж үйлдвэрийн салбар гол байр суурийг эзэлнэ гэж ойлгож болох уу?

-Зах зээлийн багтаамжид жил бүр 3-4 тэрбум ам.долларыг тэжээл болгон шахаж байдаг. Энэ тэжээлийг бид өөрсдөө хийдэг байх хэрэгтэй. Үүнийг импортоор гаднаас авах шаардлага огт байхгүй. Хамгийн наад зах нь халбага, сэрээ, тогоогоо хийх хэрэгтэй юм. Энгийн жижиг зүйлээ хийж чадахгүй байгаа нь эдийн засгийн болоод тусгаар тогтнолын байдалд хүндээр нөлөөлнө.

Валютын ханш өсч байгаа нь импортын бүтээгдэхүүнтэй шууд холбоотой. Худалдаж авах бүтээгдэхүүний маань үнэ өсч байгаагийн хэрээр бидний авдаг ажлын хөлс үнэгүйдэж байгаа нь харамсалтай. Тиймээс бид техник сэтгэлгээ болон оюуны потенциалаа ашиглан аж үйлдвэрийн салбараа сэргээх зайлшгүй шаардлага тулгарч байгааг хэлээд байгаа юм.