Энэ жил 304,5 мянган га талбайд буудай тариална
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ээлжит хуралдаан
2014.04.16

Энэ жил 304,5 мянган га талбайд буудай тариална

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж, Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийн талаарх санал дүгнэлт гаргах, Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонслоо. 

Хаврын тариалалтын ажил тун удахгүй эхлэхтэй холбоотойгоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Энэ онд үр тариа 315,3 мянган га-д, үүнээс улаан буудай 304,5 мянган га-д, төмс 15,5 мянган га-д, хүнсний ногоо 8,3 мянган га-д, малын тэжээл 10,3 мянган га-д, тосны ургамал 24,1 мянган га-д, нийтдээ 373,5 мянган га-д  тариалалт хийж, үр тариа 439,6 мянган тонн, үүнээс улаанбуудай 426,4 мянга, төмс 198,1 мянга, хүнсний ногоо 106,8 мянган тонн, малын тэжээл 25,9 мянган тонн, тосны ургамал 19,2 мянган тонныг тус тус хүлээн авч, 329,5 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэх зорилт тавин ажиллаж байгаа юм байна.

Хаврын тариалалтад 48 мянган тонн буудайн үр шаардагдах тооцоо гарсан бөгөөд тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 26,8 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/ 1,2 мянган тонн, Онцгой байдлын ерөнхий газрын улсын нөөцийн салбар таван мянган тонн үр тус тус нөөцөлжээ.

ОХУ-ын Алтайн хязгаар болон Буриадаас нийт 6,8 мянган тонн, "Милл хаус" ХХК хоёр тонн, бусад аж ахуйн нэгж 3,8 мянган тонн, нийтдээ 10,6 мянган тонн үрийн буудай импортлохоор гэрээ байгуулжээ

Бэлтгэсэн уриншдаа бүрэн тариалах, буудайн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үрийн чанар хангамжийг сайжруулах зорилгоор 20 мянган тонн үрийг импортоор авахаар УИХ-ын тогтоолоор гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн байна. Үүний дагуу Тариалан эрхлэлтийг дэмжих санд 6,8 мянган тонн, гурилын үйлдвэрүүд болон бусад аж ахуйн нэгжүүдэд 13,2 мянган тонн буудайн үр импортоор нийлүүлэх зөвшөөрөл олгоод байгаа аж.

Мөн ОХУ-ын Алтайн хязгаар болон Буриадаас нийт 6,8 мянган тонн, "Милл хаус" ХХК хоёр тонн, бусад аж ахуйн нэгж 3,8 мянган тонн, нийтдээ 10,6 мянган тонн үрийн буудай импортлохоор гэрээ байгуулж, өнөөдрийн байдлаар 2,4 мянган тонн үр орж ирсэн, 3,9 мянган тонн нь тээвэрлэлтийн замдаа яваа гэж Х.Баттулга сайд мэдээллээ.

Улсын хэмжээнд 21 аймгийн 329 сум, нийслэлийн есөн дүүрэгт 15,5 мянган га-д төмс тариалах бөгөөд нийт 38,7 мянган тонн буюу хүрэлцэхгүйц үрийн төмсний нөөц бүрдүүлээд байгаа аж.