Монголчуудын баялгийн хийрхэл ("Шинэ монголчууд гадны сэтгүүлчийн нүдээр")
Монголчууд нь баялгийн хийрхэл, хэт үндсэрхэг үзлээр өвчилсөн анхны үндэстэн биш юм
2014.04.18

Монголчуудын баялгийн хийрхэл ("Шинэ монголчууд гадны сэтгүүлчийн нүдээр")

Уншигч та бүхэндээ Оросын “Комсомальская правда” сонины тусгай сурвалжлагч Дарья Асламовагийн Монголчуудын талаар бичсэн нийтлэлийг цувралаар хүргэж байна.

Газрын хэвлий дэх баялгаа зарж түргэн баяжина гэсэн найдлага, Барууны хэвлэлүүдийн эцэс төгсгөлгүй магтаал Монголчуудын цөсийг хөөргөв.

-Баялгийн хийрхэл бол дэлхий нийтэд байдаг үзэгдэл гэж улс төрч Д.Цогтбаатар толгой сэгсрэн ярилаа. – Оросууд та нар ч гэсэн сайн мэднэ. Харин одоо бид уг өвчнөөр өвчилчихлөө. Гадныхан бол дайсан гэж хүмүүст ухуулж байна. Бүх юм бидэнд байгаа ч зальтай, овжин гадаадууд ирээд байдгий нь хуу хамаад явчихна гэсэн айдсыг төрүүлдэг.

- Орос орон баялгийн хийрхэлээс ангижарч байхад Монголчуудын хувьд дөнгөж эхэлж байна гэж сэтгүүлч, эдийн засагч Д.Жаргалсайхан ярив. – Гэтэл үүний хамгийн эхний үр дагавар болж нүүрсний үнэ навс уналаа. Хүнд өдрүүд бидний өмнө байна. Хэсэгхэн зуур хөөрцөглөөд өнгөрлөө. Улс орон ийм ядуу. Гэтэл дарга болгон үнэтэй машин худалдаж авсан. Энд тэндгүй гялалзсан офисууд бариад л. Төрийн бүтэц хэтэрхий данхайсан.

Үнэндээ бид өөрсдөө юу ч барих чадваргүй. Мөнгө ч байхгүй, боловсон хүчин ч байхгүй.

- Хэт үндсэрхэг хийрхэл эрүүлээр сэтгэхэд саад болж байна хэмээн эдийн засагч В.Отгонтогос ярилаа. – Өнгөрсөн 70 жил чалчихдаа бид өөрсдөө юу барьсан юм бэ? Оросын мэргэжилтнүүд зөвлөлтийн мөнгөөр бүгдийг босгож өгсөн. Гэтэл одоо “Ард түмний төлөө” хэмээн хоосон хашгирдаг улс төрчид хэтэрхий олон. Тэд “Оюу-Толгойн ордыг” австраличууд, эсвэл  оросууд, хятадууд дээрэмдэх нь гэж сүржигнэнэ.

Оросуудыг яаж хуурсан бэ?

Путинг засгийн эрхэнд гарахтай зэрэгцээд Орос, Монголын харилцаа сэргэж эхэлсэн юм. Төрийн айлчлалууд болж, төлөөлөгчид ирж очин, худалдааны харилцаа сайжрав. 2003 онд ОХУ өөрийн татвар төлөгчдийн мөнгөөр Монголын 11,4 тэрбум долларын өрийг цайруулав. Гэхдээ оронд нь ЮУ Ч аваагүй. (Дам сонсоход, Монголын орд газруудаас хуваалцана гэж таамаглаж Оросын Гадаад хэргийн яамныхан үнэхээр уурласан гэдэг. Харин Ерөнхий сайд Касьянов Улан-Баторт ирснээр гэрээ байгуулав).

Зөвлөлтийнхний барьж өгсөн дэд бүтцийн үлдэгдлээр Монголчууд амьдардаг.

Хэтийн төлөв сайхан болно гэж найдацгааж байв. Яаж ч байсан Оросууд Монголчуудад дайсан биш. 20 дугаар зуунд Хятад, Японоос аварсан ЗХУ-ын ачаар Монгол оршин тогтнож байгаа.

-Эхлээд бидэнд Оюу-Толгой, Таван-Толгойн орд газруудад ажиллах эрхийг өгнө гэж амласан. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр Оросын олигархууд Монголын баялагт санаархаж байна гэсэн ухуулга явж эхэлсэн. Удалгүй Оюу-толгойг Канад, Англи, Австралиудад өгчихсөн гэж Монголд ажилладаг нэгэн бизнесмен ярив. – Одоо болохоор Монголчууд оруулж ирсэн барууны компаниудаа адалж эхэллээ. Англи, Австралийн хамтарсан хөрөнгө оруулалттай “Рио Тинто” компани Оюу-Толгойн ордод долоон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийчихээд байна. Гэтэл одоо Монголын парламент хяналтын багцыг нь булааж авахаар зэхэж байна.

Монголчуудын бодлого бол гадныхнаар бүгдийг хийлгэж, бүгдийг бариулчихаад дараа нь булааж авах.

Яагаад гэвэл энэ нь стратегийн орд газар. Түүнчлэн 2006 онд Монгол, Тувагийн хил орчим байрлах Асгатын мөнгөний ордод Оросын “Полиметалл” олборлолт явуулна гэж тохиролцов. Энэ нь хэн хэндээ ашигтай төсөл байв. Москвад хоёр талын Элчин Сайдууд, Ерөнхийлөгч Путиныг байлцуулж гарын үсэг зурцгаалаа. Гэвч Монголын парламент бүх төслийг баллаж орхив. Ямар ч тохиолдолд ордын 51 хувь Монголд ногдох ёстой гэж зүтгэсэн ч «Полиметалл» татгалзав. Монголчуудын бодлого бол гадныхнаар бүгдийг хийлгэж, бүгдийг бариулчихаад дараа нь булааж авах.

Хамгийн өөдгүй зангаа төмөр замын асуудал дээр гаргасан юм. Улан-Удэ – Улаанбаатар чиглэлд засч шинэчлэх шаардлагатай хуучин Зөвлөлтийн төмөр зам бий (50 хувийг нь Оросууд эзэмшдэг). Дундаж хурд нь 37 км/цаг. Хэрэв уг замыг Хятад хүртэл тавьчихвал Монгол жинхэнэ транзит замтай болно. Эдүгээ Хятадаас Европ руу бараа тээвэрлэхэд гурван сар зарцуулдаг. Харин транзиттай болчихвол энэ хугацааг 23 хоногоор багасгана. Ямар сайхан хэрэг вэ. Монголд шинэ төмөр зам барих, хуучин замыг шинэчлэх стратегийн түншээр ОХУ ажиллана гэсэн хэлэлцээрт Медведев, Баяр хоёр гарын үсэг зурав. Тэгээд яасан гэж бодно? Биднийг хуурчихсан. Бидний араар Солонгосчуудтай гэрээ байгуулчихсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Оросууд төмөр замыг эзэгнэх нь гэсэн компанит ажил явж эхэллээ. Бидний барьсан хуучин замыг шүү.

Монгол нэртэй Азийн шинэ барна төрнө гэдэг бол үлгэр, домгоос цаашгүй.

Гэхдээ бид ч бас тэдэнд таагүй бэлэг барьж чадна. Гэхдээ аажмаар. Хэрэв ОХУ Монголыг тойруулаад Хятад руу газрын тос, байгалийн хийн хоолой барьчихвал Монголчууд дороо суугаад уйлах байлгүй. Хятадын тэнгэрт агаарын бохирдлыг нэмэх тэдний нүүрс хэнд хэрэгтэй юм бэ? Мэдээж Хятадууд экологийн цэвэр, хямдхан байгалийн хийг илүүд үзнэ. Монгол мөрөөдөл гэж юу болохыг хэлж өгье. Оросоос Монголыг дайрч Хятадад хүрэх шинэчилсэн авто болон төмөр зам, эрчим хүчний шугам, стратегийн дамжуулагч хоолойнууд бариулж юу ч хийлгүй, зүгээр транзитын төлбөр аваад суух санаатай.

Тэр их эдийн засгийн өсөлт хаана байна? Талаар нь дүүрэн мал бэлчиж байгаа ч махных нь үнэ гурав дахин өсчихсөн. ЗХУ аж үйлдвэрийн салбарыг бүхлээр нь барьж өгсөн. Одоогийн Монголчууд үлдэгдлээр нь амьдарч байна. Байшин барилгыг нь ихэвчлэн Хятад, Солонгосчууд барьдаг. Угтаа Монголчууд тун хүмүүнлэг угсаатан. Хөгжим, бүжигт дуртай, сэтгэлийн хөдөлгөөнтэй. (Тал нутагт одтой тэнгэрийг эцэс, төгсгөлгүй ажиглаж болдог болоод ч тэр үү нүүдэлчид алсад тэмүүлж, дураараа байх дуртай). Зарчмын хувьд ийм үндэстэн “техникжсэн бар” байх боломжгүй. Эмх цэгц, сахилга бат, хамт олонч занч, тэвчээр, олны сонирхол нэг хүний сонирхлыг давамгайлсан байдал, зөөлөн засаглал зэрэг нийгмийн сэтгэлгээний чанаруудыг бүх Ази даяар тогтоосон Конфуцийн ёсны үнэт зүйлс Монголчуудад огт хүрээгүй. Монголчууд бол зөвхөн гон биеэ арчлах дуртай, хувиа хичээсэн хүмүүс. Менталитетын хувьд Монгол нь хоёрдогч Украйн. Хэрэг болохоор найзтай гэдгээ санадаг.

Оросын эсрэг мэдээллийн дайн хаа сайгүй явагддаг гэдгийг би Их хурлын гишүүн Н.Батцэрэгийн ярианаас олж мэдсэн юм. Монголын хүн амын 30 хувь ядуурлын түвшинд амьдарч байхад Алс Дорнод дахь Хабаровск хотод хүн амын тал нь ядуу амьдарч байгааг дуулаад түүний сэтгэл бага ч болов “тайвширдаг” ажээ.

-Та тоглож байна уу гэж би гайхан асуув. – Сибирь бол хамгийн баян бүс нутаг, харин Хабаровск бол Оросын хамгийн өндөр өртөгтэй хотуудын нэг.

- Тэгвэл танай Хабаровскт хичнээн хүн ядуу амьдардаг вэ?

"Бригад" сериалыг гаргасны дараа Оросуудыг Монгол руу визтэй зорчуулдаг болсон гэхэд уйлах, инээх эсэхээ мэдсэнгүй.

Та Улаанбаатарт байдаг шиг усгүй, гэрэлгүй, халаалтгүй, ажилгүй, гэрт амьдардаг хүмүүс байдаг гэж бодоогүй биз дээ? Хабаровскт тийм хороолол байхгүй. Мэдээж орон гэргүй, тэнэмэл хүмүүс бий. Гэвч та Оросын хүн амын амьдралын түвшний талаар маш буруу төсөөлөлтэй байна гэж хэллээ.

Олон оронд, тэр дундаа Монголд их үздэг “Бригад” хэмээх олон ангит кино Оросуудын хувьд хатуу тоглоом болжээ. Саша Белый бол Монголчуудын хайртай дүр. Гэхдээ Монголын нэг улс төрч “Бригад”-ыг гарсны дараа Монгол, Орос хоорондоо визтэй болсон гэж үнэнээсээ хэлэхэд нь уйлах, инээх эсэхээ мэдсэнгүй. “Орост ямар аймшигтай зүйлс болдгийг зурагтаар харсан. Оросуудыг визгүй оруулж болохгүй” гэж тэр хэлсэн юм.

Үргэлжлэл бий ...

Нийтлэлийн дор үлдээсэн сэтгэгдлээс

Новый Монгол: Нийтлэлийг уншлаа. Бидний тухай ингэж бодож байна гэхээр дотор давчдаж байна. Хамгийн харамсалтай энд бичигдсэн зүйлсийг яаж няцаахаа мэдэхгүй байна. Би дунд сургуулийнхаа сүүлийн жилүүдэд Москвад сурсан, одоо Оросын нэгэн их сургуульд ажилладаг. Өөрийн орны түүхийг сайн мэднэ. Учир нь Улаанбаатарт сурдаг байхад түүхийн хичээлд хамгийн дуртай байлаа. Би хэзээ ч Оросуудыг “хараал идсэн эзлэн түрэмгийлэгчид” гэж хэлэхгүй. Хоёр орны харилцаанд сайн муу олон зүйл бий. Гэхдээ шинэ Монголчууд Орос орон биднийг Хятад, Японоос авраад зогсоогүй, бүх талаар дэмжиж байсныг ХЭЗЭЭ Ч мартаж болохгүй. Дарьяд хандаж хэлэхэд Оросуудыг өөрийн ах дүү хэмээн үздэг над шиг залуу Монголчууд байдаг шүү гэдгийг хэлмээр байна.

Из Улан-Батора: Үг гэдэг болжмор шиг нисээд гарчихдаггүйг та мэдэж байгаа. “Хараал идсэн эзлэн түрэмгийлэгчид” гэж бичсэн нь аюултай бөгөөд өдөөн хатгасан шинжтэй харагдаж байна. Гэхдээ овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ? Асуултанд хариулах хэрэгтэй. Миний хариулт: “Ямар ч тохиолдолд өдөөн хатгаж болохгүй. Нийтлэлийг захиалгаар бичсэн ч байсан”. Улс төрчид, ард түмэн хоёр өөр гэдгийг сана. Улс төрчид үхээд дуусахад ард түмэн байж л байна. Дуучин Хайдав “Ард түмний язгуур шинжийг шүүмжлэх эрх хэнд ч байхгүй. Тухайн үндэстнүүд ямар ч ялгаатай байсан эвсэг амьдрах хэрэгтэй” гэж тун онож хэлсэн. Монголчууд Оросыг үзэн яддаг гэдэгт итгэхгүй байна.

Гость №4397: Янз янзын л зүйл бичих юм даа. Хамрынхаа цаадахыг харахгүй байж хөршөө ингэж гомдоох хэрэг байна уу даа. Нэг үгээр хэлбэл эзэмшсэн боловсрол тухайн хүнийг илэрхийлдэг. Дарья яахав дээ. Залуу хүнд нэр алдар олмоор, аливаа оронд юу болж байгаар хармаар санагддаг байлгүй. Гэхдээ л арай буруу замаар яваад байх шиг. Уг өгүүлэлд өөрийгөө Монголчуудыг үнэн голоосоо үзэн яддаг хүн гэдгээ илэрхийлчихлээ. Энэ хүүхэн “Хориотой археологи” номыг унших хэрэгтэй. Ямар нэг юм ойлгох ч юм билүү. Ямар ч ард түмэн энэ ертөнцөд өөрийн эцсийн зорилготой ирдэг. Зорилгоо биелүүлсэн цагт түүхийн тавцнаас буудаг, мартагддаг, мөхдөг, алга болдог. Ийм л философитой. Хоцрогдсон, эс хоцрогдсон эсэхийг хэн ч хэлж чадахгүй. Зараа хэлж магадгүй.

Гоголь: Дарья өөрөө татар-монголоос гаралтай байж хэдий холын ч гэсэн төрөл садныхаа тухай ингэж бичих нь нүгэл.

Гость: Төрөл садангүй хүн л үндэстнийг муулдаг. Тийм байсаар ирсэн.