Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
2014.04.18

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

 УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг нар Хамтын тэтгэврийн сангийн тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан юм. Хамтын тэтгэврийн хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах зэрэг чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.

Энэхүү хуулийн төслийн гол үзэл санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд түүний тэтгэврийн тодорхой хувь нь гэр бүлийн үлдсэн гишүүний нь амьдралын тодорхой хугацаанд өвлөгдөхөд чиглэгджээ..

 

Энэхүү хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг энэ оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. Завсарлагын үр дүнгийн талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлэхдээ, хуулийн төслийн тооцоо судалгаа дутуу байна, Засгийн газраас санал авалгүй өргөн барьсныг засах, түүнчлэн Засгийн газар танхимын зарчмаар ажиллах учиртай байтал нэг гишүүн нь танхимынхаа саналыг авалгүй хуулийн төсөл санаачлан өргөн барьсан нь энэ зарчимтай нийцэж буй эсэхийг тодруулах үүднээс завсарлага авсан боловч тодорхой хариу авч чадсангүй. Гэхдээ хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжээд хэлэлцүүлгийн явцад холбогдох тооцоо судалгааг тодорхой болгоё гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Ингээд байнгын хорооны саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 60 гишүүний 47 нь буюу 78.3 хувь нь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.