Хөдөлмөрийн салбарын 7 хоног эхэллээ
Хөдөлмөрийн салбарын 7 хоног эхэллээ
2014.04.24

Хөдөлмөрийн салбарын 7 хоног эхэллээ

Хөдөлмөрийн яамнаас "Хөдөлмөрийн салбарын өдрүүд" өдөрлөгийг Чингисийн талбайд зохион байгуулж байна. Өдөрлөгийн хүрээнд бүх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бүтээлийн үзэсгэлэн гарч байгаа юм.

Хоёр өдөр үргэжлэх өдөрлөгт бүх дүүргийн хөдөлмөрийн хэлтсүүдэд ирсэн ажлын байрны захиалгыг олон нийтэд танилцуулж, хэрэв иргэн хүсвэл шууд ажлын байранд бүртгэх, анкет бөглүүлэх ажлуудыг зохион байгуулж байна. Үүнээс гадна Нийслэлийн хөдөлмөрийн газар, Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөрийн судалгааны институт зэрэг олон байгууллага иргэдэд мэдээлэл өгч, ажлын байранд зуучлахаар ажиллаж байна. Мөн өдөрлөгийн үеэр Хөдөлмөр эрхлэлтийн танилцуулга, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн танилцуулга болон Хөдөлмөрийн аюулгүй байдлын танилцуулгыг хийж, иргэдийн сонирхсон мэдээлэлд хариулт өгч байна. 

Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газар, Хөдөлмөрийн яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах зорилгын хүрээнд салбар дундыг хамарсан “Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2016 он гэхэд 150 мянган байнгын шинэ ажлын байр бий болгохоор ажиллаж байгаа юм.

Хоёр өдөр үргэжлэх өдөрлөгт бүх дүүргийн хөдөлмөрийн хэлтсүүдэд ирсэн ажлын байрны захиалгыг олон нийтэд танилцуулж, хэрэв иргэн хүсвэл шууд ажлын байранд бүртгэх, анкет бөглүүлэх ажлуудыг зохион байгуулж байна.

Хөдөлмөрийн яамнаас 2014 онд мэргэжлийн ур чадваргүй, ажилгүй иргэдэд богино хугацаанд мэргэжил олгох, ажлын байранд буюу үйлдвэрлэл дээр дадлагажуулан сургаж ажиллуулах, ажил олоход хүндрэлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэхэд бэлтгэх зэрэг олон арга хэмжээ зохион байгуулж байгаа юм байна.

Тодруулбал,  “Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр” болон “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”, “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” “Аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх хөтөлбөр”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”,  “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” болон “Оюутны хөдөлмөр эрхлэлт ба цагийн ажил хөтөлбөр”, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ төсөл”-ийг тус тус хэрэгжүүлж байгаа аж. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангах, нийтийг хамарсан ажилд оролцуулах, ногоон ажлын байр бий болгох зорилго бүхий “Эзэнтэй Монгол хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.

Ажил хайж байгаа, ажилд шинээр орохоор сургуулиа төгсч байгаа бүх иргэд харьяа Хөдөлмөрийн хэлтэстээ хандах боломжтой. Иргэдээ ажлын байраар хангаж,  бэлэн байгаа ажлын байрны талаархи мэдээллийг "Хөдөлмөрийн салбарын өдөрлөг"-т ч мөн танилцуулж байна. Ажил хайж байгаа, ажлаа солих гэж байгаа болон мэргэжилтэй боловсон хүчин болохыг хүсч байгаа бол өдөрлөгөөр нэг ороод гараарай. Өдөрлөг өнөөдөр үргэлжилнэ.

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав: "Их дээд сургуульд 160 мянган оюутан суралцаж төгссөнийхөө дараа ажлын байраа хайж явдаг байсан бол манай МСҮТ-ийн 70-80 хувь нь, магадгүй ирэх жил 90 орчим хувь болох энэ гарцыг нээх бололцоог бүрдүүлж өгсөн зүйл нь МСҮТ-д суралцаж байгаа хүүхдүүдийн сургалтын тэтгэлгийг их дээд сургуулийн хүүхдүүдийн 70 мянган төгрөгийн түвшинд хүргэж өгсөн явдал. Энэ нь  ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн нэг том алхам”