Дуусдаггүй яриа нэвтрүүлэг
2014.04.28

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, гарах арга замын талаар "Дуусдаггүй яриа" өрнөлөө

“Дуусдаггүй яриа” нэвтрүүлгээр эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хүндрэлээс гарах арга замуудын талаар ярилцахаар цугларлаа. Нэвтрүүлгийг УИХ-ын гишүүн Д.Батцогт удирдаж, УИХ-ын гишүүн Д.Зоригт, Л.Энх-Амгалан болон клубын бусад албаны хүмүүс дуусдаггүй яриаг өрнүүлэх юм.

-          Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг бид юу гэж үнэлэх юм бэ? Хүндрэл юм уу, хямрал юм уу? Энэ юунаас болж ийм нөхцөл байдалд хүрэв. Яагаад?

УИХ-ын гишүүн Д.Зоригт: Манай улсын эдийн засгийн байдал хямралдаа арай тулаагүй. Хямрал гэдэг ДНБ-ийн хэмжээ хоёр, гурван улирал дараалан хасах руу орж байгаа үед үздэг. Энэ тохиолдол 2009 онд болж байсан. Манай улсын эдийн засаг 1.4 хувиар унаж байв. Одоо нэгдүгээр улирлын дүн өсөлттэй явж байгаа. Гадаад, дотоод хүчин зүйлээс хамаарсан хүндрэл бэрхшээлүүд байна. Энэ хүндрэлийг давах чиглэлээр бэлтгэлтэй байхгүй бол болохгүй.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:  Бид эдийн засгийн байнгын хороон дээр харьцангуй бүх талын шийдвэр гаргаж байгаа Монгол банкны Ерөнхийлөгч, Эдийн засгийн хөгжлийн сайд, ҮСГ-ын дарга, СЗХ-ны дарга нар гээд эдийн засагт гол үнэлэлт дүгнэлт өгдөг хүмүүсийн мэдээллийг сонслоо.

Харамсалтай нь өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн сайдын ярьж байгаа тоо, үзүүлэлтүүд бусад албаны хүмүүстэй зөрж байсан. Монгол банкны УИХ-аас баталсан мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй Монгол банкны  Ерөнхийлөгч Монголд улсад ханшны хямрал бодитойгоор нүүрлэчихлээ гэдгийг албан ёсоор зарлалаа. Энэ бол хариуцлагатай хүний хариуцлагатай мэдэгдэл гэж ойлгож байгаа. Үндсэндээ Монголын эдийн засгийн  сүүлийн хоёр жилээс харахад Монголын эдийн засаг руу орох ёстой байсан дөрвөн тэрбум долларын боломжийг бид алдлаа.

Хямралаас гарах арга замуудыг цаг алдалгүй авах шаардлагатай.

Монголын эдийн засаг дөрвөн тэрбум доллараар агшлаа гэсэн. Би хариуцлагатай хүний мэдэгдлээс ярьж байна. Хоёрдугаарт манай эдийн засагт үнэлэлт өгдөг олон улсын байгууллагууд болох Дэлхийн банк, Валютын сан, мөн зээлжих зэрэглэлийг тогтоодог олон улсын байгууллагуудын дүгнэлтийг бид эш үндэс болгож авч үзэх ёстой. Энэ бүх үндэслэлүүдийг аваад үзэхээр эдийн засагт тодорхой хямрал нүүрлэсэн байна.

Хямралаас гарах арга замуудыг цаг алдалгүй авахгүйгээр бид илүү өртөгтэйгөөр энэ хямралд өртөх, ард иргэдийн амьдралд илүү их ачаалал ирэх бодитой хүндрэлүүд байна. Энд эрх баригчид хямрал болоогүй гээд, сөрөг хүчин хямрал болсон гээд хоёр талаасаа бие биеэ хүлээн зөвшөөрөхгүй байдлаар хандах дэмий юм.

Байнгын хорооны хуралдаан дээр Монгол банкны эдийн засаг гэж ярихаас Ардчилсан нам,  Монгол Ардын намын эдийн засаг гэдэг зүйл байхгүй гэсэн. Тийм учраас эдийн засагт нүүрлэсэн бодит байдлуудыг бид бодитойгоор үнэлэх ёстой. Бид бодитой үнэлж, зөв онош тавьж байж энэ нүүрлэсэн хямрал, бэрхшээл, хүндрэлүүдээс гарах зөв арга замуудаа олох хэрэгтэй.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...