2014.04.30

М.Батчимэг: Одоо байгаа ордуудыг стратегийн гэж нэрлэхийг болих хэрэгтэй

УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй ярилцлаа.

-Уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар экспертүүдийн санал болгож буй гарц, мөн хууль эрх зүйн орчин тогтвортой байх ёстой гэдэгтэй та санал нийлж байна уу?

Санал нэг байна. Монголын эдийн засаг зөвхөн уул уурхайд түшиглэсэн бус, олон тулгуурт бүтэцтэй байх нь чухал. Эдийн засаг ганц уул уурхайгаас, цаашилбал нэг зах зээл, цөөн бүтээгдэхүүнээс хэт хамааралтай байснаар эдийн засгийн хараат байдалд орох, улмаар эдийн засгийн аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй. Тиймээс бусад салбарыг хөгжүүлэх төрийн бодлого тодорхой, хууль эрх зүйн орчин нь ойлгомжтой байж, гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлэх ёстой.

Харамсалтай нь өнгөрсөн жилүүдэд манайд уул уурхай тойрсон үндэсний үзэл ихэсч байна. Бодлогын түвшинд улс төржсөн, сэтгэл хөдлөлд тулгуурласан, мэргэжлийн бус байдал газар авч, уул уурхайг сонгуулийн өрсөлдөөний сэдэв болгож хувиргасан. Үүнээс болж өнөөдрийг хүртэл салбарын бодлогоо боловсронгуй болгож чадалгүй, Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх талаар ярих төдий хэвээр байна. Энэ ажлыг Засгийн газар яаравчлах ёстой.

- Төрийн оролцоог зөвхөн татвараар хязгаарлах гэсэн саналыг та юу гэж бодож байна. Ийм боломжтой юу?

Энэ саналыг дэмжиж байгаа. Уул уурхайн салбарын томоохон хэмжээний хамтын ажиллагаанд төр хариуцлагатай оролцогч байж чадахгүй гэдгийг Оюутолгойн жишээ тодорхой харууллаа. Магадгүй төр хангалттай хэмжээнд татвараа авчихаад, харин ашиг орлогоо хэрхэн өсгөх нь та нарын хэрэг гээд орхисон бол өнөөдөр Оюутолгойн гэрээ гацаанд орохгүй, харин ч манай улсад хэдэн төгрөгний татвар, хэдий хэмжээний орлого орсон нь ил тод байх байсан болов уу. Гэтэл өнөөдөр төрийн оролцооноос болоод ийм боломж алга.

Одоогийн хуулинд стратегийн гэсэн нэртэй олон ордыг жагсаагаад, төрийн оролцоо 34%, 51% байна гэж заасан. Оюутолгойн гэрээ шиг хариуцлагагүй, бүтэлгүй гэрээнүүдийг цаашид бий болгох үүдийг энэ хууль нээж байна.

Тийм учраас стратегийн үндсэн ордын тоог цаашид нэмэгдүүлэхгүй байх зарчмыг төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод тусгаснаа хэрэгжүүлэх шаардлагатай. Миний хувьд, цаашид стратегийн ордын тоог нэмэгдүүлэлгүй, одоо байгаа ордуудыг стратегийн гэж нэрлэхийг болих хэрэгтэй гэж боддог. Аюулгүй байдлын хувьд өвөрмөц, тодорхой ашигт малтмалуудад анхаарал хандуулах нь илүү чухал.

Иймд төрийн оролцоог зөвхөн татвараар хязгаарлая гэдэг санааг бүрэн дэмжинэ.

-Төрийн оролцоог хумихгүй байгаа нэг шалтгаан нь баялагтаа өмч байх гэсэн агуулгатай. Тэгэхээр ямар байдлаар зохицуулах нь зүйтэй вэ?

Төрийн оролцоог хязгаарлана гэдэг Монголын оролцоог хязгаарлана гэсэн үг биш. Цаашдаа эх орныхоо уул уурхайн баялгийг ашиглахад монголчуудын өөрсдийн оролцоо их хэрэгтэй. Төрөөс гол нь эх орондоо, эдийн засагтаа эзэн байх нөхцлийг бүрдүүлэх нь чухал. Өөрөөр хэлбэл, үндэсний компаниудаа дэмжинэ гэсэн үг. Эдийн засаг нь үсрэнгүй хөгжиж байгаа орнуудыг харахад хувийн хэвшил гол үүрэг гүйцэтгэж байдаг. Дотоодын компаниудаа дэмжиж, тэднийг олон улсад амжилт гаргах боломж олговол манай улсын эдийн засаг, хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулна.

 Ярилцсанд баярлалаа.