Оюутолгой төсөлд бодлогын дэмжлэг үзүүлэх эсэхийг "бодох" хэрэгтэй гэж үзэв
Оюутолгой асуудлаар завсарлага авлаа
2014.05.01

Оюутолгой төсөлд бодлогын дэмжлэг үзүүлэх эсэхийг "бодох" хэрэгтэй гэж үзэв

УИХ-ын чуулганаар Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгалаа.

Энэ асуудлаар “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авав

Байнгын хорооноос“Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, уг төслийн хэрэгжилтэд Улсын Их Хурал, Засгийн газраас бодлогын дэмжпэг үзүүлж ажиллах гэсэн санал орж ирсэн юм.

Улмаар энэхүү саналтай холбоотойгоор УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авсан юм. Завсарлагыг нэг хоногийн хугацаатай авч байгаагаа УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг мэдэгдсэн.

Асуудлыг хэлэлцэх үед гишүүдийн илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.

Я.Содбаатар: АН сонгуульд ялсан.Сайд нар болсон хүмүүс энэ сэдвийг хамгийн их ярьж гарч ирсэн

АН засгийн эрх авснаас хойш хоёр жил болжээ. Амлалт нэхнэ ээ Миний найз нар мартсан юм шиг байна. Танай Монгол хүн гэсэн мөрийн хөтөлбөрт “уул уурхайг түшиглэн байгуулах компаниудад Монголын талын оролцоог 51 хувиас багагүй байлгах эрх зүйн орчныг бий болно” гэжээ. Шударга ёс эвслийн Эдийн засгийн хувьсгалд “Оюутолгойн Монголын талын эзэмших хувийг 51-ээс доошгүй хувийг эзэмшихээр гэрээг өөрчилнө” гэжээ. Хэзээ өөрчлөх вэ? Сонгуульт болохоор сайхан зүйл амладаг, дарга болохоороо өөр зүйл ярьдгаа хэзээ зогсоох вэ?.

Үндсэндээ Оюутолгой гэрээгээр улстөр хийж АН сонгуульд ялсан.Сайд нар болсон хүмүүс энэ сэдвийг хамгийн их ярьж гарч ирсэн. Яагаад одоо ярьж байснаа хийж болохгүй байна вэ? Өмнөхөөсөө харин ч дордуулчихлаа.

Оюутолгойн хэлэлцээр ямар байдалтай байна. Мэдээлэл өгөөч. Ерөнхий сайд Рио Тинто руу явуулсан захиагаа олон нийтэд ил болгооч.  Эрх барьж байгаа Намууд сонгуульд амласан амлалттайгаа нийцүүлж асуудлаа оруулж ирж баймаар байна.

Д.Зоригт хариулав

Оюутолгойн асуудлаар УИХ байр сууриа илэрхийлэх цаг болсон.

Ц.Даваасүрэн: Өнөөдрийг төгрөгийн ханший уналт гэрээг үр ашиггүй байгааг харуулж байна.

Энэ заалт УИХ, Засгийн газар нэг компани өмнө үүрэг хүлээгээд байгаа юм шиг зохимжгүй байх. Өөрчлөх ёстой зарим нэг заалт бий. Гэхдээ гэрээгээ өөрчлөх ажлаа одоо хийгээд явна биз дээ. Заавал ийм амлалт авсан зүйл оруулж ирэх хэрэг байна уу. Харин миний бодлоор Оюутолгойтой ярих ёстой гол зүйл бол борлуулалтын орлого Монголоор дамжуулдаг болох. Өнөөдөр Эрдэнэтээс дөрөв дахин ашигтай Оюутолгой ашиглалтад орчхоод байхад бил вальютын нөөцийн хомсдолтой байна. Төгрөгийн ханшийн уналттай байна. Энэ чинь гэрээг үр ашиггүйг харуулж байгаа юм шүү дээ.

Г.Баярсайхан: Оюутолгойг зүгээр л тайван орхиё

Хамгийн гол асуудал бол улстөрчид Оюутолгойг маш их улстөржүүлж байна гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа явдал. Оюутолгойг зүгээр л тайван орхиё бүгдээрээ. Тэр 34 хувийг Монголын ард түмэнд  одоо өгьё. Энэ янзаараа бол далд уурхай явахгүй.Оюутолгой өөрийнхөө бизнесийг хийгээд л , улсад татвараа төлөөд явах нь хамгийн оновчтой юм шиг байгаа юм. Энэ заалтын ард бас ямар далд, нууц тохироо явах гээд байгаа юм гэсэн Гишүүдийн хардлага зөв.

С.Ганбаатар:

Улстөрийн бүлэглэлүүд өөрсдөө энэ хямралыг бий болгочхоод үүнийгээ ашиглаж барьцаа хангагдаж ажилтай болчихжээ. Энэ  эдийн засгийг идэвхжүүлэх гэдэг бичиг бол бүлэглэлүүд л зориулсан бичиг байна. Оюутолгойн улаан хамгаалагч нарт хэлье. Дэлхий харж байна ичээч ээ,  л гэх юм. Та нар өнөөдөр монголын 400 мянга гаруй ажилгүй иргэдээсээ, баян хоосны хэт ялгавартай байдлаасаа ичээч ээ. Энэ муу гэрээ учраас ингэж удаан ярьж байгаа юм. Муу гэрээгээ улам муутгаж гэж ийм юм оруулж ирлээ.