Эмийн зохистой хэрэглээг хэвшүүлнэ
УИХ-ын чуулган
2014.05.01

Эмийн зохистой хэрэглээг хэвшүүлнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаар  “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх  шийдлээ.

Тогтоолын төслийн талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал танилцуулав. Энэхүү бодлого нь 2014-2018 онд эм зүйн салбарын хөгжлийн чиглэлийг тодорхойлох, хүн амыг эмчилгээний өндөр идэвхтэй, чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр хангах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэжээ.

Төсөлд Монгол Улсад хэрэглэгдэх эмийг улсын бүртгэлд бүртгэх, эмийн хяналтын лабораторийн хүчин чадлыг олон улсын түвшинд хүргэх, хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, эмчилгээний өндөр идэвхтэй эмээр хангах нөхцөлийг бүрдүүлэхээр тусгажээ.

Эмийн зохистой хэрэглээг хэвшүүлэхийн тулд эмийн цахим жорд шилжиж байгаа

О.Баасанхүү: Энэ бодлого орж ирж байгаа нь сайн хэрэг. Эмийн тухай хуулийн хэрэгжилт өнөөдөр ямар түвшинд байна вэ? Бүх л эмнэлгүүдийн доор нэг, хоёр компани сүлжээ эмийн сангууд байдаг. Тэгэхээр эмийн сангаас эм авсан, эмчийн заавраар эм авсан хоёр нь ялгаагүй байна. Бусад орны жишиг нь  эмнэлэгүүд нь өөрөө эмийн сантай байдаг.

Никотений наалт гэдэг зүйл гарч ирж байна. Энэ эм мөн үү? Хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй энэ бодис эм мөн үү. Өөрөөр хэлбэл жороор олгогддоггүй эмийг яаж зохицуулахаар заасан вэ?

Н.Удвал: Эмийн зохистой хэрэглээг хэвшүүлэхийн тулд эмийн цахим жорд шилжиж байгаа. Энэ бодлоготой зэрэгцээд эмийн бүртгэл, хэрэгслийн бүртгэлийг шинэчилж байгаа.

 

Г.Баярсайхан: Шинэ мэргэжилтэн бэлтгэх дээр онцгойлон анхаарах хэрэгтэй байна.

Дэлхий нийтийн чиг хандлага олон зүйлээр өөрчлөгдөж байгаа. Үүнтэйгээ уялдаад тухайн өвчнийг ямар эмээр эмчлэх вэ гэдэг нь тухай бүртээ шинэ сонголт болж байна. Тиймээс энэ бодлого тухайн үетэйгээ сайтар уялдуулах ёстой. Дотоодын эмийн үйлдвэрүүдийн технологийн асуудлууд чухал. Цаашид бид ямар эмийг, ямар хэмжээнд, ямар технологийн шийдэлд хүртэл үйлдвэрлэх вэ гэдгээ анхаарах хэрэгтэй. Шинэ мэргэжилтэн бэлтгэх дээр онцгойлон анхаарах хэрэгтэй байна.  Хуурамч эмийн худалдааг яаж хяналтадаа оруулах вэ гэдгээ тун анхаарах хэрэгтэй. Тогтолцоогоо сайн бий болгох ёстой.

Н.Удвал: Та мэргэжлийн хүний хувьд зөв зүйтэй зүйл хэллээ. Энэ хөтөлбөрт дотоодын үйлдвэрлэлийг дэмжих тодорхой заалтуудыг оруулсан. Энэ бондоос санхүүжилт авах гээд манай эмийн үйлдвэрүүд төсөл бичээд оролцож байгаа. Ялангуяа шингэн, тариур зэрэг бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх чиглэлээр төслүүд өгсөн байгаа.

Ж.Батсуурь: Шинэ хууль гарах бүрт л нэг агентлаг, алба байгуулдагт би шүүмжлэлтэй хандаж байгаа

Энэ бодлого гарснаар цаашид эм, эмнэлгийн хэрэгсэл жорын дагуу олгогддог болно гэсэн баталгаа байгаа юу? Эмнэлэгүүдэд эм зүйн албан байгуулна гэсэн байна. Дахиад баахан орон тоо нэмэгдэх нь. Шинэ хууль гарах бүрт л нэг агентлаг, алба байгуулдагт би шүүмжлэлтэй хандаж байгаа. Үүнийг хариуцсан ямар газар байгуулах вэ? Бие даасан агентлаг болгох уу?

Н.Удвал: Өнөөдөр хууль яагаад хэрэгжихгүй, жоргүй олгоод байгаа юм бэ гэхээр эмч бэлтгэж байгаа тогтолцоо  эмийн жор бичдэг хэмжээний эмч гарч чадахгүй байна. Бичиж чадаад явуулахаар тэр жорыг нь ойлгодог, эмийг нь олгодог эмийн сангийн ажилтан бас алга. Яагаад гэвэл эм хангамжийн асуудал, эмийн талаар төрөөс баримтлах бодлого  нь хэт төрийн оролцоог багасгасан. Энэ хүний эрүүл мэнд, амь настай холбоотой учраас төрийн оролцоо орох газраа чанга байх ёстой. Цахим жорд шилжсэнээр нилээд төлөвшинө гэсэн итгэл үнэмшил байна. Эм зүйн алба бол сүүлийн жилүүдэд манайд хаягдсан. Хангамж талдаа анхаарсан болохоос яг өвчтөнд тохирсон эмийг захиалга, эрэлтийн хэрэгцээг гаргадаг тэр хэсэг нь байхгүй болсон учраас энэ эмийн замбараагүй байдал үүссэн гэж би үздэг.