2014.05.02

“Чингис” бондын эх үүсвэрээс 1.5 тэрбум ам.долларын төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлжээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2014.05.02/ үдээс хойшхи хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Чингис бондын эх үүсвэрээр санхүүжиж буй төслүүд”-ийн талаар мэдээлэл хийв

Ерөнхий сайдын мэдээлэлд дурдсанаар, “Монгол Улсын Хөгжлийн банк нь Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн хөтөлбөр болон салбарын бодлогын хүрээнд Засгийн газрын холбогдох тогтоолуудаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн дараах төсөл, хөтөлбөрүүдийг /бичлэг дээрэс үзнэ үү/ 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондын эх үүсвэрээс санхүүжүүлэн ажиллаж байна.

С.Бямбацогт: Хэвлэл мэдээллээр тархи угаах эсвэл улаан цайм мэлзээд хуулийн буруу тайлбарлаад болж байна гэж бодож байгаа бол тийм биш ээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар Засгийн газрын гадаад зээлд Чингис бонд орж байгаа. Иймээс энэ бонд бол өр мөн. Төсвийн тухай хуульд зааснаар үүнийг улсын төсөвт суулгах ёстой. Хуульд зааснаар Монгол улсын өрийн таазыг энэ онд үйлчлэх хэмжээ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 45 хувьд тэнцэх байх ёстой.Чингис болон Самуурай бондыг оруулаад тооцох юм бол ОУВС-ынхаар 62 хувь, Дэлхийн банкныхаар 58 хувь байж байгаа. Өнөөдөр хэвлэл мэдээллээр тархи угаах эсвэл улаан цайм мэлзээд хуулийн буруу тайлбарлаад болж байна гэж бодож байгаа бол тийм биш ээ. Ажлын хэсэг ахиж байгуулья. Монгол улсын Ерөнхийлөгч хүртэл энэ өрийн зарцуулалт нууц байна гэдгийг хэлж байгаа шүү дээ. Энэ мөнгийг 2017, 2022 онд монголын ард түмэн, татвар төлөгч нар төлнө. Тиймээс үүнд  Монголын иргэн бүр санаа зовох ёстой. Яагаад гэвэл тэдний нуруу дээр энэ том дарамт болж ирэх юм.

Б.Бат-эрдэнэ: Засгийн газрын сайд нарын мэдээллүүд хоорондоо зөрүүтэй байна

Чингис бондын санхүүжилтийн хувьд эргэлзээтэй асуудлууд гарч ирж байна. Нийгэмд ч ийм яриа гарч байгаа. Ерөнхий сайдын танилцуулгаас ч хархад өөрөө их хөндий байгаа нь харагдаж байна. Ийм хариуцлагагүй байж болмооргүй байна. Засгийн газрын сайд нарын мэдээллүүд хоорондоо их зөрүүтэй байгаа. Сангийн сайд, УБ хотын захирагч, Эдийн засгийн хөгжлийн яам, Зам тээврийн яамны сайд нарын мэдээллүүдээс үзэхэд энэ бондын зарцуулалт маань туйлын эргэлзээтэй, бүрхэгдүү байна. Энэ мэдээллээс  хархад хамгийн үр дүнтэй нь МИАТ-ын онгоц авсан нь явдал байлаа. Бондын зарцуулалт бол түргэн эдийн засгийн  үр дүнгээ өгөх үйлдвэрийн газрууд руу орох ёстой. Ноолуурын л жишээгээр авахад нэр бүхий том компаниуд нь бондын үалгуурыг хангаж авдаг, бусад нь авч чадахгүй байгаа байдалтай байна.

Д.Сумъяабазар: Энэ засгийн газар 2016 онд ялахгүй гэж ийм замбараагүй байдал үүсгэж байгаа юм  биш биз дээ

Гудамж төсөл дээр 200 сая долларыг багцлаад батлаад өгчихсөн байдаг. Нарийн задаргаа нь хаана байна вэ? Үнэхээр илэн далангүй, нээлттэй ярилцъя гэж байгаа бол задаргаагаа гаргах хэрэгтэй  байна шүү дээ. Тэгээд ажлын гүйцэтгэл нь 92.60 хувьтай гээд тоо яриад байдаг. Сөрөг хүчнийхээ дуу холог сонсож, тусгаж авах хэрэгтэй шүү дээ. Тоонууд нь хоорондоо зөрөөд байгаа нь үнэн шүү дээ. Төмөр зам дээр хариуцсан яамны сайдынхан ярьж байгаа нэг өөр, хөгжлийн сайд нь бас өөр тоо хэлээд байх жишээтэй. Үүнээс болж ойлголтын зөрүү гараад байна.

Н.Батбаяр: Гудамж төслийн талаар УИХ дээр хийсэн ажлын объект нэг бүрээр танилцуулсан. Бүх материалыг гишүүдэд тараасан. Бүх хийгдсэн ажил gudamjtusul.mn гэсэн сайт дээр байж байгаа.

О.Содбилэг гишүүн төмөр замын хөрөнгө оруулалтын асуудлыг хөндлөө

ҮАБЗ-ын зөвлөмжийг яагаад биелүүлэхгүй байгаа юм бэ? Мөн УИХ-ын 52-р тогтоолыг хэрхэн биелүүлсэн вэ?