Газар чөлөөлөлт, дахин төлөвлөлттэй холбоотойгоор хүний эрх зөрчигдөж байна
2014.05.04

Газар чөлөөлөлт, дахин төлөвлөлттэй холбоотойгоор хүний эрх зөрчигдөж байна

Сүүлийн үед газар чөлөөлөлт,  дахин төлөвлөлттэй холбоотой хүний эрх зөрчигдөх болсныг хүний эрхийн байгууллагууд хөндлөө.

Нийслэл Улаанбаатар хотод 12 байршилд дахин төлөвлөлтийн ажил явагдаж байна. 2016 он гэхэд гэр хороолол дахин төлөвлөлтөд бүрэн хамрагдана хэмээн албаныхан газар чөлөөлөлтийн тоо баримтыг олон нийтэд дэлгэж байгаа. нэг талдаа бүтээн байгуулалтын ажил явагдаж, үүнийг дагасан олон эерэг өөрчлөлтүүд гарч байгаа боловч газар чөлөөлөлтийн цаана хичнээн гэр бүлийн эрх зөрчигдөж байгаа асуудал төдийлөн яригддаггүй. Тиймээс газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтийн ажил иргэдийн эрх, эрх чөлөөнд халдаж байгаа талаар хүний эрхийн байгууллагуудын судалгаа гарчээ.

Иргэдэд хангалттай хугацаанд бүрэн дүүрэн мэдээлэл өгч, талууд тохиролцсоны үндсэн дээр зөвшөөрлийг нь авч, нүүлгэлтийн арга хэмжээг авах ёстой.

“Эмнест интернэшнл”-ийн УЗ-ийн гишүүн Д.Оюунсүрэн: “Ер нь орон сууцны хороолол барина, гэр хорооллыг барилгажуулна гэх зэргээр сонсоход гоё, сайхан сонсогдож байгаа боловч үүний цаана хүмүүсийн хэдэн үе дамжин суурьшсан иргэдийн эрх ашиг зөрчигдөх явдал өндөр байдаг. Хамгийн гол нь тэдгээр иргэдэд хангалттай хугацаанд бүрэн дүүрэн мэдээлэл өгч, талууд тохиролцсоны үндсэн дээр зөвшөөрлийг нь авч, нүүлгэлтийн арга хэмжээг авах ёстой. Нүүлгэсэн тохиолдолд тэдгээр хүмүүсийг зохих шаардлагыг хангасан орон байраар хангах ёстой.”

Уул уурхай, газар тариалан, тоглоомын талбай, олон нийтийг амарч зугаалах газар зэрэг эдгээр бүх асуудлын цаана хүний эрх ноцтой зөрчигдөж байна. Гэтэл үүнтэй холбоотой хууль, эрх зүйн орчин байхгүй, иргэд эрхээ мэддэггүй зэрэг нь эдгээр асуудлыг өөгшүүлэх бас нэгэн хүчин зүйл болж байгаа юм.

“Эмнест интернэшнл”-ийн гүйцэтгэх захирал Б.Алтантуяа: “Тухайлбал, нийгмийн тусгай хэрэгцээнд газар чөлөөлнө, хот дахин төлөвлөх, шинэчлэх асуудалтай холбоотойгоор газар чөлөөлнө, гэр хорооллыг барилгажуулах чиглэлээр газар чөлөөлнө, уул уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор газар чөлөөлнө зэрэг маш олон газар чөлөөлөлтийн асуудал нэгдсэн цогц бодлогоор явахгүй байна. Тус бүр олон хууль энд оролцож байгаа. Хуулиуд хоорондоо уялдаагүй байна. Газар чөлөөлөхтэй холбоотой хууль, эрх зүй өнөөдөр батлагдаж гараагүй байна” гэсэн юм