Х.Тэмүүжингээс "хүлцэл өчье" гэдэг утгатай захиа ирсэн
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2014.05.06

Х.Тэмүүжингээс "хүлцэл өчье" гэдэг утгатай захиа ирсэн

Дугаарынхаа “Ярилцах тан­хим”-д УИХ-ын гишүүн О.Баасанхүүг урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Улс төрийн хүрээнээс хальж шуугиан тарьсан асуудал бол Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хийж, хэ­рэгжүүлж буй ажил. Тэрбээр хуулийн салбарын шинэч­лэл гэж тайлбарласан. Таныхаар түүний хийж буй ажил үнэхээр шинэчлэл болж чадаж байна уу?

-Хууль зүйн сайд Х.Тэмүүжин яагаад энэ суудлаасаа буухгүй, огцрохгүй гээд байгааг би ойлгохгүй байна. Соёлтой ний­гэмд энэ салбарын сайд хууль биелүүлдэг юм гэдгээр нь бахархаж, хууль зөрчдөггүй гэд­гийг нь харж ард түмэн нь амьдрах ёстой. Манайх арай дэндүү бүдүүлэг болчихлоо. Жишээ нь, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Би торгуулдаг сайд” хэмээн твиттерт жиргэсэн байсан.

Удаа ч үгүй АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Би өрөөндөө тамхи татдаг” гэж жиргэсэн байсан. Хууль тогтоогч нар хууль бус үйлдлээ сурталчлаад байхаар юу болох юм бэ. Хүн төгс биш. Гэхдээ олон нийт харж байгаа гэдэг утгаар хууль зөрчихгүй юмсан. Эсвэл зөрчсөн гэдгийг минь битгий мэдээсэй гэж амьдардаг биз дээ. Гэтэл Х.Тэмүүжин буруутай үйлдэл бүхнээрээ бахархах боллоо. Тодруулбал, Н.Амарзаяа гэдэг хүнийг буруу томилсон байна гээд халчихлаа. Энэ юу хэлээд байна вэ. Ингэж хууль зөрчсөн үйлдлээрээ бахархдаг Хуульзүйн сайдын үнэн төрхийг ойлгохгүй юм.

-Хуулийн салбарт шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байгаа юм уу. Цаг нь болоогүй байхад арай эрт хөдөлсөн нь түүний алдаа юм болов уу?

-Шинэчлэлийг гурван төвшинд хийх ёстой. Нэгдүгээрт, иргэдийн эрхийн ухамсрыг өөрчлөх. Нөгөө нь, эрх зүйн хэм хэмжээний өөрчлөлт. Гуравдугаарт нь, тогтолцооны өөрчлөлт. 24 жил оршин тогтно­сон иргэдийн ухамсрыг өөрчлөх нь зүйтэй гэдэг дээр ихэнх хүн санал нэгдсэн байгаа. Тэгэхээр шинэчлэлийн хөрс бэлэн болсон байгаа биз дээ. Мөн УИХ тодорхой хуулиуд батлаж, хэрэгжүүллээ. Зарим дээр нь ажлын хэсэг гарсан ажиллаад явж байна. Эцэст нь одоо байгаа тогтолцоог хэрхэн өөрчлөх вэ.

Шинэчлэлийн үндсэн гол суурь нь тухайн байгууллагын албан тушаалтан

Х.Тэмүүжин сайдын хамгийн том алдаа нь өөртөө бүх эрх мэдлийг авч байгаад бий. Түүнийхээр бол хүчний байгууллагын дэд дарга нарыг Х.Тэмүүжин томилно. Мөрдөх албыг Х.Тэмүүжин авах ёстой. Дараа нь албан тушаалын хэрүүл хийгээд яваад байх юм. Энэ нь юуг харуулж байна гэхээр Х.Тэмүүжин эрх зүйн шинэчлэл хийх сонирхолгүй, эрх мэдлийн шинэчлэл хийгээд байна гэдэг нь харагдана.

Нөгөөтэйгүүр, эрх мэдэлд өөрөө дэндүү дуртай хүн гэж харагдаж байна. Тийм болохоор хуулийн байгууллагын эрх зүйн шинэчлэл гацаанд орчихлоо. Энэ хүн доод шатныхаа байгууллагад итгэдэггүй гэж хэлсэн. Тэгчихээд Х.Тэмүүжин гэдэг хүн өөрчилнө гэх юм. Тийм юм байдаггүй юм. Тиймээс миний зүгээс Х.Тэмүүжин сайдыг зайлшгүй огцруулах шалтгаан байна гэж хэлээд байгаа юм.

-Та УИХ-ын 75 гишүүнтэй нийлж Х.Тэмүүжин гэдэг хүнийг сайдын суудалд суулгасан. Эцсийн бүлэгт та нар ч бас алдааг хамтран үүрэлцэх ёстой юм биш үү?

-Эрх зүйн шинэчлэл гэдэг нь “Савангийн дуурь” биш. Х.Тэмүүжин гэдэг хүнийг анх би томилсон. Би гэдэг нь УИХ-ын 75 гишүүнтэйгээ нийлж шүү дээ. Энэ хүний хийгээд байгаа шинэчлэлийг анхнаас нь дэмжиж явсан. Х.Тэмүүжингийн УИХ-д оруулж ирсэн хууль болохгүй үед олон зүйл яриагүй. Наад хуулиа цааш явуул гэсэн байр суурь илэрхийлж байсан. Хууль ч батлагдсан.

Харамсалтай нь мань хүн шинэчлэлийг ганцаараа хийдэг. Өөрөө л ухаантай, бусад нь тэнэг гэх болсон. Х.Тэмүүжин хууль зүйн салбарт байснаар шинэчлэл явагдана гэх утгатай зүйл ярих болсон. Уучлаарай тийм юм байхгүй ээ. Шинэчлэлийн үндсэн гол суурь нь тухайн байгууллагын албан тушаалтан. Дээр нь хууль батлах эрх бүхий байгууллага болох УИХ. Мөн Хууль зүйн яам, тэнд ажиллаж буй албан тушаалтан, мэргэжилтэн.

Бүр томруулбал ард түмэн энэ шинэчлэлийг хийж байгаа. Бүдүүлгээр хэлэхэд Х.Тэмүүжин дэндүү сагасан байна. Хүмүүс рүү дэндүү бүдүүлэг үг хэлээр дайрч, давшилж, зохион байгуулалтайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслийг “угжиж” эхэллээ. Өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үйл явдлыг зохион байгуулалттай гэж тайлбарлахаас өөр арга байхгүй. Энэ хүнийг ингэж үхэн хатан улайраад байгааг ойлгохгүй байна. Шинэчлэл хийх гээд байгаа юм бол УИХ-д орж ирээд хий л дээ.

-Шинэчлэл гэхээр манайхан боловсон хүчийг халж, сэлгэх гэж ойлгодог. Тэр нь шинэчлэл болж байна гэж дүгнэдэг. Х.Тэмүүжин сайдын үйлдэл энэ үгийг батат­гаад байна л даа.

-Аль ч салбар тухайн цаг үедээ байнга шинэчлэл хийх ёстой. Ийм юм байж л байдаг шүү дээ. Өмнөх Засгийн газрыг алдаа, ололтыг харж хийж эхэлсэн ажлыг үргэлжлүүлэх эсэхийг шийдэж л байдаг шүү дээ. Аль ч засаг төрийн үед ийм ажил өрнөдөг. Манайх гэсэн үзлээр асуудалд хандах нь зохимжгүй. Х.Тэмүүжингийн одоо хийж буй ажлаас харахад ийм л төрх ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, манайх гэсэн хэлбэр дээр санаа зовж байна.

-Түүний үйлдэл энэ байдлаар үргэлжилбэл хэрхэх бол?

-Ард түмэн л хэцүү байдалд орно. Тэд хуулийн байгууллагад итгэхгүй. Хуулийн байгууллага нь ард түмэндээ үйлчлэхгүй болчихвол шинэчлэл байтугай нийгмийн тусгаар тогтнол хүнд байдалд орно. Дэлхийн аль оронд Хууль зүйн сайд хуулийн байгууллага руугаа дайрж, давшилдаг юм бэ. Би амьдралдаа анх удаа ийм Хууль зүйн сайдыг харж байна. Хошин байдлаар жишээлбэл, Оросын Иван, АНУ-ын Жорж ч байдаг юмуу гарч ирээд зурагт, радио, сайтаар “Муу сайн цагдаа нар хар тамхийг миний цүнхэнд хийж чадах хүмүүс” гэж мэдэгдвэл юу гэж ойлгох вэ. Ингэж хэлээд байгаа сайдыгаа АН өмөөрнө гээд байгааг гайхаад байна.

-Одоо ажиллаж буй парла­ментыг хууль зөрчигч гэх болсон. Та бүхэн баталсан хуулиа зөрчихөөр хэн хууль биелүүлэх вэ гэсэн асуулт гарна. Мөн Х.Тэмүүжин сайдыг авч үлдэх эсэхийг ирэх пүрэв гарагт УИХ-ын чуулганаар хэлэлцэх ч жагсаалтад түүний асуудал байхгүй байна гэсэн. Энэ ямар учиртай юм бол?

-Үнэн. УИХ хууль зөрчигч болчихлоо. Дэгийн тухай хуулийн 38.1, 38.2-ыг зөрчсөн. Энэ хуулийн 38.1-д “…УИХ-ын гишүүн аль нэг сайдыг огцруулах эсэхээр хуулийн төсөл өргөн барих юм бол долоо хоногийн дотор байнгын хороо хэлэлцэж, санал, дүгнэлт гаргана. Долоо хоногийн дотор УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулна” гэж заасан байгаа. УИХ-аар түүний асуудлыг хэлэлцсэн. Ямар нэг санал, дүгнэлт гаргаагүй. Гэтэл санал, дүгнэлт гаргах хугацаа дуусах гэж байтал арай гэж эцэслэсэн. Гэтэл дахиад л хугацааг сунгахаар болсон.

-Намын бүлгүүд сая Засгийн газрыг унагахгүй байх бүх бололцоог сэдсэн гэх юм. Засгийн газрын үйл ажиллагаа ганхвал манайд орж ирэх хөрөнгө оруу­лалт, түүнийг дагасан мөнгөний урсгал тасалдах магадлалтай гэдгийг хэн хүнгүй ярьж, сануулж байгаа.
Х.Тэмүүжингээс хүртэл “Хүлцэл өчье” гэсэн утгатай захиа ирсэн. Миний хувьд ирүүлсэн захиаг хангалттай хариу гэж үзэхгүй байгаа.

-Ганц гэм нь энэ. Мэргэ­жилтнээсээ эхлээд Төрийн нарийн хүртлээ улс төрийн томилгооны хүн байдаг. Цэвэрлэгчийг хүртэл нам томилоод байна. Энэ байдал болж буй үйл явдлыг ингэж харагдуулж байгаа юм. Гэхдээ өнөөдөр муу зүйл хийгээд байгаа хүнийг байлгаад байх нь зүйтэй юм уу. Муу юмнаасаа хурдан салж ажлаа цааш хийх ёстой юм уу. Энэ л чухал. Өнөөдөр засаг тогтвортой байх уу, үгүй юу гэдэг бол нэгдүгээр асуудал биш. Монгол Улсад төр байгаа юм бол Засгийн газар байж л таараа. Хамгийн гол нь муу зүйл хийдэг хүн худлаа сүрдүүлсэн маягаар “Засаг тогтворгүй болно шүү. Ингэнэ, тэгнэ” гэж барьцаалах аргаар үйлдлээ илэрхийлбэл үүнийг хэн ч зөвшөөрөхгүй.

-Одоо ажиллаж буй Засгийн газарт хувийн тоглолт хийдэг сайд олон байна. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Засгийн газар нэг хүнээс хараат байна уу, үгүй юу гэдгийг шууд дүгнэж чадахгүй байна. Миний хэлэх гээд байгаа санаа бол ийм Хууль зүйн сайд Монголын түүхэнд хамгийн эмгэнэлтэй л юм даа. Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоос долоон дор л сайд юм. Энэ хүн бас өрөвдмөөр сайд байсан. Үндсэн хууль зассан гэдэг шүү дээ. Харин Х.Тэмүүжин хууль зөрчдөг гэдгээрээ бахархдаг сайд болж. Ямар, аль түүхэнд Х.Тэмүүжин шиг хүн байсан юм бэ. Өнөөдөр хууль зөрчдөг олон хүн бий. Харин түүгээрээ бахархдаг хүн гэхээр Х.Тэмүүжин л болж байна.

-Хууль зүйн сайд Х.Тэмүүжин­тэй ойрын үед уулзсан уу. Мөн танд хаяглаж Хууль зүйн сайд захидал ирүүлсэн гэсэн. Ямар утгатай захидал ирсэн юм бэ?

-Хоёр удаа уулзсан. Ерөнхий­лөгч хүртэл хэлээ биз дээ. “Залуу хүн алдаагаа зас” гэж. Харин миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах хүсэлт хэд хэдэн удаа хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэг хариу алга. Мөн Ерөнхийлөгчид Х.Тэмүүжин гэдэг хүнд ийм дөрвөн алдаа бий гэдгийг бичсэн албан бичиг хүргүүлсэн. Х.Тэмүүжингээс хүртэл “Хүлцэл өчье” гэсэн утгатай захиа ирсэн. Миний хувьд ирүүлсэн захиаг хангалттай хариу гэж үзэхгүй байгаа.

-Төрийн тусгай хамгаалалт­тай эмнэлгийн барилга оффис болох уу, үгүй гэдэг асуулт хариулт нэхсээр байгаа. Энэ барилгатай холбоотой сүүлийн үеийн мэдээлэл юу байна вэ?

-Оффис болгоно гээд хамгийн сүүлд тавилга цуглуулж байна гэж дуулсан. Гэхдээ би Монголын ард түмэнд амласан. Өөрт байгаа бүхий л бололцоог ашиглаж ард түмний эрх ашгийн төлөө явна. Эцсээ хүртэл явна. О.Баасанхүү гэдэг хүн Х.Тэмүүжингийн гэх тодотголтой барилгыг оффис болгох уу, эмнэлэг болгох уу гэдэгт эцсийн бүлэгт 2016 он ард түмэн дүн тавина.