Улаан.Ч 2014.05.07 | Сонин: Үндэсний Шуудан

Ч.Улаан: Бонд бол Засгийн газрын өр биш

Ч.Улаан: Бонд бол Засгийн газрын өр биш
Сангийн сайд Ч.Улаан

Сангийн сайд Ч.Улаан өнгөрсөн баасан гаригийн УИХ- ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр ингэж хэлэв. Бонд хэний өр юм бэ. Манай улсын Хөгжлийн банк 2012 оны гуравдугаар сард Засгийн газрын баталгаатайгаар анх удаа олон улсын зах зээл дээр 580 сая ам.доллартай тэнцэх бонд гаргасан байдаг.

Энэ Хөгжлийн банкны өр үү. Үүний дараа 2012 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээлээс 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг амжилттай гаргасан. Энэ бонд Засгийн газрынх юм уу, Хөгжпийн банкных уу. Өнгөрсөн онд Хөгжлийн банк мөн Засгийн газрын баталгаатай, 30 тэрбум иентэй тэнцэх “Самурай” бонд гаргасан. Засгийн газар, Хөгжлийн банк хоёр 2012-2013 оны хооронд 2.3 тэрбум ам.доллартой тэнцэх бонд гаргачихсан байгаа. Үнэндээ Хөгжлийн банк Засгийн газрын чиглэлийн дагуу ажилладаг байгууллага. Гэтэл Засгийн газрын гаргасан, мөн Засгийн газрын харьяа  баталгаатайгаар Хөгжлийн банкны гаргасан бонд нь Засгийн газрын өр биш болж таарах шиг.

Чингис бондын хүүнд хагас жилд 35 сая ам.долларыг төлөх тооцоог гаргасан.

Уг нь Засгийн газар баталгаа гаргаж олон улсын зээлдэгч нараас урт хугацаатай, хүүтэй зээлсэн эх үүсвэрүүд. Хөгжлийн банкны 580 сая ам.доллартай тэнцэх бондыг 2017 онд төлнө. Энэ хугацаанд 5.75 хувийн хүүгийн төлбөрийг төлж байгаа. Нэг өдөрт хүүнд дундажаар 129 сая төгрөгийг төлж байгаа гэдгийг эдийн засагчид тооцож гаргасан байдаг. Засгийн газрын гаргасан “Чингис” бондын 500 саяыг 2017 оны сүүлээр төлөх бол нэг тэрбумыг нь 2022 онд төлнө. Харин хүүгийн төлбөрийг хагас жил тутам төлнө.

Чингис бондын хүүнд хагас жилд 35 сая ам.долларыг төлөх тооцоог гаргасан. Мэдээж бондын эргэн төлөлтийг монголчуудын татварын мөнгөөр төлнө. Бонд бол Монгол Улс, монголчуудын төлөх өр гэж эдийн засагч, улстөрчид байнга хэлдэг. Энэ нь ч үнэн. Татвар төлөгчдийн мөнгөөр л төлнө шүү дээ. Уг нь бонд бол Засгийн газрын л өр баймаар. Яагаад гэвэл эдгээр бондыг ард түмний биш Засгийн газрын баталгаагаар олон улсын зах зээл дээрээс гаргасан. Гэтэл бонд бол Засгийн газрын өр биш гэж хэлж байгаа нь хэр шударга бол. Хар ухаанаар бодсон ч Засгийн газар баталгаа гарсан юм чинь илүү хариуцлага хүлээх ёстой санагдана.