Ц.Элбэгдорж: Энэ жилээс иргэдийн тарьсан модыг улс худалдаж авдаг боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж
2014.05.11

Ц.Элбэгдорж: Энэ жилээс иргэдийн тарьсан модыг улс худалдаж авдаг боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ.  Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу өнөөдөр Монгол орон даяар мод тарих үндэсний өдрийг тэмдэглэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр мод, бут тарих хөдөлгөөн өрнүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Налайх дүүрэг дэх Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн өмнөх талбайд мод тарив. Тус сургуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел нарын санаачлагаар байгуулсан бөгөөд анхны хичээлийн жилдээ сургалт явуулж буй цоо шинэ байгууллага юм.  Шинэхэн их сургуулийн хичээлийн байрны өмнөх талбайг ногоон төгөл болгох их ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эхлүүлж анхны модыг тарьсан юм.

Тэрээр энэ үеэр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Жилд хоёр удаа болдог мод тарих өдрийн эхнийх өнөөдөр тохиож байна. Мод тарих үндэсний өдөртэй болох тухай зарлиг гаргасан 2010 оноос хойш Монгол Улсын хэмжээнд зургаан сая мод тарьсан гэсэн мэдээллийг БОНХЯ-наас өгсөн. Хамгийн багаар бодоход түүний 65 хувь нь ургасан байна.

Энэ санаачилга гарснаас хойш 2-3 сайн зүйлийг хийлээ. Бүх аймгийн төв өөрийн гэсэн цэцэрлэгтэй боллоо. Суурин газрууд ногоон цэцэрлэгтэй,Улаанбаатар хот том хэмжээний Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй болж байна.Уржнан жилээс “Дөрвөн зүг, найман зовхис” гэсэн санаачилга гарч Улаанбаатараас дөрвөн зүгт гарч байгаа засмал замын хажуугаар мод тарьж эхэлсэн. Нийт 40 гаруй км газарт мод тарьсан, цаашдаа нэмэгдээд явна. Суурин газар бүхэнд гол зам, засмал замынхаа хажуугаар ногоон байгууламж байгуулдаг, мод тарьдаг соёлыг Монголд нэвтрүүлэх хэрэгтэй.

2010 оноос хойш Монгол Улсын хэмжээнд зургаан сая мод тарьсан гэсэн мэдээллийг БОНХЯ-наас өгсөн. Хамгийн багаар бодоход түүний 65 хувь нь ургасан байна.

Монгол хүн бүхэн, аж ахуйн нэгж бүр мод тарья гэсэн санаачилга гаргаж хуульд орууллаа. Мод тарих бол сайн. Түүнд арчилгаа хамгийн чухал. Мод тарьсан өдрөөс эхлэн гурав, дөрөв, таван жил гардаж арчилгааг хийхгүй бол болохгүй. Мод тарьж ургуулна гэдэг хүүхэд төрүүлж өсгөхтэй ойролцоо гэдэг. Тарьсан модондоо ингэж хандахыг нийт ард иргэдээ уриалъя. Мод тарих үйлсэд санаачилгатай оролцдог нийт байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд баярлаж байгаагаа хэлье” гэлээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ “Энэ жил нэг онцлогтой жил болж байна. Чийг маш их уналаа. Энэ их ашигтай. Хавар хуурайшихаар ойн түймэр их гардаг. Мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг хүмүүс бол хавар өдийд орсон цасыг шар тос гэдэг. Мод тарих, зүлэгжүүлэх үйл ажиллагааг байгаль дэлхий маань ч цаанаасаа дэмжиж байна гэж бодох хэрэгтэй. Төр, засаг, ард иргэд, байгууллагууд мод тарих үйлсэд нийтээрээ оролцож, жилээс жилд улам идэвхтэй болж байна. Бид гаднаас суулгац худалдаж авдаг биш, дотроо бэлддэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Гаднаас авсан суулгацны татварыг өндөр болгоё. Бид нэг үе жилдээ 20 гаруй сая ам.долларын үр, суулгац гаднаас оруулж ирдэг байсан. Үүнийг дотооддоо бэлддэг болъё. Мод тарьсан хүмүүс модоо улсад худалддаг болж байна. Энэ жилээс тодорхой хэмжээний газар тарьсан модыг 80 сая төгрөгөөр улс худалдаж авч байгаа. Ийм байдлаар бусад сум, газруудад санаачилга өрнүүлбэл зүгээр. Эдийн засагтай холбож өгвөл иргэд мод тарих хөдөлгөөн рүү илүү эрчимтэй орно” гэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд Монгол Улсынхаа нийт хүн амын тоогоор гурван сая мод тарих зорилтыг өөртөө тавьжээ. Тэрээр мод тарьдаг, үржүүлдэг, боловсрол олгодог  аж ахуйн нэгжүүдтэй хамтарч, тэднийг дэмжин  ажиллаж, өөрөө мод тарьдаг хэсэгтэй болсон байна. Одоогийн байдлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийт 20 гаруй мянган мод тарьж, 500 гаруй мянган тарьц бий болгожээ.