Ганхуяг.Д 2014.05.12 | Сонин: Улстөрийн тойм сонин

Д.Ганхуяг: Шалихгүй шалтгаанаар лиценз цуцлахыг болиулна

Д.Ганхуяг: Шалихгүй шалтгаанаар лиценз цуцлахыг болиулна
Уул уурхайн яамны сайд Д.Ганхуяг

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлагч Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэлэлцүүлгийн явцад дараах байдлаар байр сууриа илэрхийлсэн

-Засгийн газар Тавантолгойн хувьд нэгэнт нүүрсний үнэ буурсан үед эхлээд дэд бүтцийг бүрдүүлэх шийдвэрийг гаргасан. Ер нь бид эхлээд чанартай дэд бүтцийг бүрдүүлэх нь чухал. Энэ ч үүднээс дэд бүтцийг шийдсэнээр түүнийг ашиглах ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч компаниудын үнэлгээ, хувьцааны үнэ нэмэгддэг учиртай. Тэрнээс дэд бүтцээ барих санхүүжилтээ шийдээгүй байж ордоо хуваагаад өгчихөөр чинь утгагүй.

Цаашид Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод тусгагдсаны дагуу хайгуул, олборлолтыг хувийн хэвшлийнхнээр хийлгэх нь зохимжтой гэж бодож байна. Нөгөөтэйгүүр, Төрөөс геологийн салбарт баримтлах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд геологийн судалгаа, шинжилгээ, мэдээллийн нэгдсэн сантай болно.

Элдэв шүүмжлэл дагуулж байдаг сонгон шалгаруулалтыг багасгаж, олон улсын зарчмаар буюу эхэлж ирсэн нь зөвшөөрлөө авдаг шударга тогтолцоонд шилжих юм.

Мэдээлэл бол хөрөнгө оруулалтыг татах нэг чухал хүчин зүйл юм. Мөн уур амьсгалын онцлогоос шалтгаалан геологийн судалгаа, хайгуулын ажил хийх хугацаа манай орны хувьд жилд долоон сар байдаг. Иймд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нийт есөн жил байсныг 12 жил болгож байгаа.

Энэ нь ордыг ашиглахын өмнө гурван жилийг тодорхой болгосон гэсэн үг юм. Тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүйгээс цуцлагдсан болон буцааж өгсөн тусгай зөвшөөрөл бүхий талбайг сонгон шалгаруулалтгүйгээр ердийн өргөдлийн журмаар олгодог болно. Ингэснээр элдэв шүүмжлэл дагуулж байдаг сонгон шалгаруулалтыг багасгаж, олон улсын зарчмаар буюу эхэлж ирсэн нь зөвшөөрлөө авдаг шударга тогтолцоонд шилжих юм. Түүнчлэн шалихгүй шалтгаанаар лиценз цуцалдаг асуудлыг болиулж, ердийн торгуульд шилжүүлэх зохицуулалтыг хийсэн.