С.Бямбацогт: МАН Засгийн газарт орохгүй
МАН Засгийн газарт орохгүй
2014.05.13

С.Бямбацогт: МАН Засгийн газарт орохгүй

МАН-ын бүлгийн өчигдрийн хурлаар Ашигт малтмалын тухай хуулийн төсөл болон төсвийн тодотголын талаар хэлэлцсэн байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, гишүүн Ч.Хүрэлбаатар, Я.Содбаатар нар мэдээллээ.

Төсвийн тодотголыг эдүгээ чуулганаар хэлэлцэж буй. “Урсгал зардлаа 20 хувиар танана” хэмээн Сангийн сайд мэдэгдэж байгаа ч үнэн хэрэгтээ нэг хувьд ч хүрэхгүй хэмээн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт ярив. Тэрбээр “Улсын төсөв 5.2 их наяд төгрөгийн зарлагатай. Үүний 20 хувь гэвэл нэг их наяд төгрөг болно. Гэтэл одоо танаж буй зардал нь төсвийн нэг хувьд ч хүрэхгүй байна” гэлээ. Ч.Хүрэлбаатар гишүүн “Бараа, үйлчилгээний зардлаас 17, урсгал шилжүүлгээс 10, татаасаас таван тэрбум төгрөг л хасаж байгаа” гэсэн юм.

Мөн цалин, тэтгэвэр нэмэхэд зориулж тодотголд 35 тэрбум төгрөг тусгаж буй аж. Энэ нь инфляцийн өсөлттэй харьцуулах юм бол хангалтгүй гэж МАН- ынхан үзэж байна. Мөн дээрх байдлаар танасан төсвөө цалин, тэтгэвэр нэмэхэд зориулж, нэг удаадаа гал унтрааж байна гэлээ. Түүнчлэн эдийн засгийн хямралаас гарах гарцын талаар тодотголд тусгаагүй учраас энэ төслөө буцаан татах ёстой гэсэн байр суурьтай байлаа.

Улсын төсөв 5.2 их наяд төгрөгийн зарлагатай.

Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлд ДНБ-тэй харьцуулах өрийн босгыг 70 хувь болгож нэмэхээр тусгасан. Энэ талаар Ч.Хүрэлбаатар гишүүн “Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг зөрчөөд хоёр жил болж байна. Энэ хуульд зааснаар 2014 онд өрийн хэмжээ 30,2015 оноос 40 хувь болох ёстой. Гэтэл одоо нэмж байна. Монгол Улс зээл авах биш, хөрөнгө оруулалт татах замаар хөгжинө. Зээлийг биш, хөрөнгө оруулалтаа шүтэх нь Монгол Улсын ирээдүйд хэрэгтэй” гэлээ.

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүн С.Баярцогт “Эдийн засгийн хямралыг даван туулахын тулд МАН- ыг урьж, Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах ёстой” гэж ярьсан тухайд С.Бямбацогт гишүүн “2012 оны сонгуулиар хамгийн олон суудал авсныхаа дараа АН “Шударга ёс” эвсэлтэй хамтарсан. Тэд чадна гэсэн. Одоо хэлсэндээ хүрэх хэрэгтэй. Бид зөвийг нь дэмжинэ, бурууг нь засна. Түүнээс биш Засгийн газарт орохгүй” гэв.