Ж.Эрдэнэбат: Ерөнхийлөгч, УИХ-ын даргын шүүмжлэлийг ерөнхий сайд хүлээж авах ёстой
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2014.05.14

Ж.Эрдэнэбат: Ерөнхийлөгч, УИХ-ын даргын шүүмжлэлийг ерөнхий сайд хүлээж авах ёстой

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудлыг хаалттай хэлэлцсэн. Хэлэлцүүлэг өдөржин үргэлжилсний эцэст танай намын бүлгээс завсарлага авчихлаа. Үүнийг гадуур янз бүрээр тайлбарлаж байна л даа. “МАН яг кноп дарах мөчид завсарлага аваад гацаачихлаа” гэх мэтээр шүүмжлэлтэй хандаж байна. Яагаад завсарлага авчихав?

-Хууль зүйн салбарыг удирдаж байгаа хүн төсвийн болон бусад хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайдыг огцруулах санал оруулж ирсэн. Энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хаалттай хэлэлцсэн. Үүний дараа нэгдсэн чуулган ч мөн хаалттай хэлэлцлээ. Манай намын бүлгээс “Энэ асуудалд олон тодорхойгүй зүйл байна. Энэ бүгдийг нэг мөр болгосны дараа Х.Тэмүүжинг огцруулах эсэх шийдвэрээ гаргая” гэдэг үндэслэлээр ажлын тав хоногийн завсарлага авсан.

-Чуулганы нэгдсэн хуралдаанд ТЕГ,ЦЕГ, УЕПГ-ын дарга нар хамт суугаад нэг сайдыг огцруулах эсэх асуудлаар мэдээлэл өгч байсан тохиолдол байгаагүй. Мөн эдгээр байгууллагаас өгсөн мэдээлэл зөрүүтэй байсан гэх юм?

-Хаалттай хуралдаан байсан учраас энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Ямар ч байсан Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэх асуудалд тодорхойгүй зүйл олон байсан.

-“УИХ-ын чуулганы хуралдаан шүүх хуралдаан шиг болж байна” гэсэн шүүмжлэлийг ч цөөнгүй гишүүн хэлсэн. Үнэхээр тийм болсон юм уу?

-Гишүүд янз бүрийн байдлаар өөр, өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа байдал чуулганы хуралдааны үеэр гарсан. Ер нь Монгол Улсын хууль эрх зүйн салбарыг удирдаж байгаа хүний хувьд олон зүйлийг тодорхой болгож, мэдээлэл өгөх ёстой байсан. Тийм учраас энэ бүхэнд нэгдсэн ойлголт авах гэж лавлаж, асууж тодруулсан зүйл бий.

-Таны хувьд Х.Тэмүүжинг огцруулах эсэхэд ямар байр суурьтай байна вэ?

-Аливаа зүйл тодорхой болсны дараа би өөрийн байр сууриа илэрхийлнэ. Хэрвээ яригдаж байгаа зүйлүүд тодорхой болоод Х.Тэмүүжин хууль зөрчсөн эсэх нь тогтоогдчихвол хууль эрх зүйн салбарыг ийм хүн удирдах шаардлагагүй. Хууль сахиулах байгууллагын тэргүүн хүн хууль зөрчвөл энэ улсад хэн хууль хэрэгжүүлэх вэ. Тиймээс хэрвээ хууль зөрчсөн нь тогтоогдвол нэг бол УИХ огцруулах ёстой. Эсвэл өөрөө өргөдлөө өгөх нь зүйтэй гэж бодож байна.

-Энэ цаг үед бас нэг сайдын асуудал яригдаж байгаа нь Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг тэргүүлж байгаа Х.Баттулга өөрийн хүсэлтээр суудлаасаа бууя гэдэг өргөдөл гаргаад байна. Намын бүлэг нь түүнийг явуулахад санал нэгдсэн, санал хураалаа л бол явуулахаар байна гэх юм. Таны хувьд энэ бүхнийг хэрхэн харж байна вэ?

Энэ асуудалд олон тодорхойгүй зүйл байна.

-Энэ бол давхар албан тушаал хашиж байгаа хүмүүстэй холбоотой “Давхар дээл”-ийн талаарх асуудал. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан энэ хуулийг үндсэндээ эрх баригчид унагаасан. Үүнтэй холбоотойгоор Х.Баттулга сайдын гаргасан хувийн шийдвэр гэж ойлгосон. Энэ шийдвэрийг нь АН-ын бүлэг буюу олонхи хүлээж авч байгаа бол цөөнх зөрөөд байх шаардлагагүй байх. Нэг ч гэсэн сайд өөрийн хүсэлтээр “Давхар дээл”-ээ тайлах гэж байгааг манай намын бүлэг ч гэсэн дэмжинэ.

-Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Он дамжин яригддаг, улиг болтол нь хэлэлцдэг асуудлуудыг бодвол үнэхээр нэн яаралтай баталлаа. Энэ тогтоолын төсөл 100 хоногийн дотор эдийн засгийг идэвхжүүлэх боломж хэр байгаа бол?

-Эдийн засгийг идэвхжүүлэх тухай тогтоолын төслийн талаар багагүй маргаан, мэтгэлцээн явуулж байж, намын бүлгүүд ажлын хэсэг хүртэл гаргаж байж баталлаа. Манай намын бүлгээс оруулсан зарим санал үндсэндээ дэмжигдээгүй л дээ. Олонхи өөрсдийнхөө зүгээс асуудалд түлхүү хандсан учраас цөөнхийн санал бараг тусаагүй гэсэн үг. Ер нь эдийн засгийг идэхжүүлнэ гээд энэ тогтоолыг гаргаж байгаа нь яг одоо Монгол Улсын эдийн засаг хүндэрчихсэн байгаа энэ үед хэрэгтэй юу гэвэл, мэдээж тийм. Гэхдээ энэ Засгийн газар энэ тогтоолын төслийг санаачилж, оруулж ирээд хийж байх ёстой ажлаа хийхгүй явсаар бусдаар заавал үүрэг даалгавар өгүүлж байж хийх гэж байгаа нь харамсалтай юм.

Эдийн засгийг идэвхижүүлэх тогтоолын төсөлд багтаасан асуудлуудаа УИХ анхнаасаа хийгээд явсан бол УИХ- аас ийм тогтоол гаргах шаардлагагүй байлаа. Гэтэл өөрсдөө хийх ёстой үедээ хийхгүй явж байгаад одоо энэ тогтоолын төслийг гаргаж, оруулж ирээд УИХ-аар батлууллаа л даа. Ингэхдээ тодорхой хугацаа заасан. 100 хоногийн дотор идэвхжүүлнэ гэсэн байдлаар гаргалаа. Түүнчлэн уул уурхай, банк санхүү гэх мэт бүхий л чиглэлд үйл ажиллагаагаа идэвхжүүлэх утгатай тогтоолыг гаргалаа.

-Эдийн засаг эрүүл бус байгаа энэ үед 100 хоногт сэргээнэ гэж тооцоолсон нь хэр бодитой юм бол?

-Яахав, хүн чадна гэж байхад бид “Бүтэхгүй” гэж болохгүй л дээ. Чадах эсэх нь тэртээ тэргүй тодорхой болно. Гэхдээ ийм хүнд үед төвөгтэй л дээ. Манай эдийн засаг өөрөө тийм том биш, үүнийг хэрхэн зохицуулахыг эрх баригчид маань олоод харчихсан байж болох юм. Тиймээс ийм тогтоол гараад явбал 100 хоногийн дотор тодорхой хэмжээнд сэргэх найдлага байна үзэж байгаа бол “Та нар чадахгүй” гээд байж болохгүй. Товчхондоо, аль болох улс эрх орныхоо эрх ашгийг бодоод чадуулахын төлөө л ажиллах ёстой. Манай намын бүлгийн байр суурь ийм л байгаа.

-Танай намын бүлгээс эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төсөлд 14 санал гаргасан. Тэгэхээр энэ саналуудаас тогтоолын төсөлд багтаагүй гэж ойлгож болох уу?

-Ганц нэг заалт авсан байна лээ. Манай бүлгээс гаргасан гол санаануулыг үндсэнд нь тогтоолд тусгаагүй л дээ. 2013 онд төсвөөс гадуур нэлээд их хэмжээний мөнгийг хувийн хэвшлээр дамжуулаад зах зээлд гаргачихлаа шүү дээ. Тиймээс бид үүнийг болиулах талаар үнэ бууруулах хөтөлбөр санаачилсан. Үүнээс болоод эдийн засагт тодорхой хэмжээний хямралыг бий болгоод байна. Төлбөрийн тэнцлийн хувьд алдагдал, хямралд оруулах нөхцөл байдлыг үүсгээд байна шүү гэдэг байдлаар хандсан ч хүлээж авахгүй байх жишээтэй.

-Үүнээс гадна Ц.Оюунбаатар гишүүний санаачилсан төсвийн байгууллага хэвлэлд төлбөрт материал нийтлүүлэхгүй, хаалтын гэрээ хийхгүй байх тухай заалт байнгын хороон дээр унасан ч чуулган дээр дэмжлэг аваад тогтоолын төсөлд тусчихлаа. Үүнийг хэвлэлийнхэн багагүй шүүмжилж байна . Энэ заалтыг та тодорхой тайлбарлаж өгнө үү?

-Энэ тогтоолын төсөлд хаалтын гэрээ хийхгүй гэдэг заалт орсон. Гэхдээ тэгтлээ их эсэргүүцээд байхаар заалт биш. Хэвлэл өөрөө шударга байх ёстой шүү дээ. Хаалтын гэрээ гэдэг миний ойлголтоор янз бүрийн муу, муухай мэдээлэл гаргахгүй гэж хийж байгаа тохиролцоо гэж ойлгодог. Төрийн байгууллагуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр үйл ажиллагаагаа огт сурталчлахгүй бай гэж хэлээгүй шүү дээ. Сурталчилж болно, гэхдээ болж, бүтэхгүй байгаа зүйлийг нь хэвлэл мэдээллийнхэн давхар хэлж л байх ёстой. “Тухайн байгууллага өөрийн үйл ажиллагааг сурталчлахаас бусад хаалтын гэрээ хийхийг хориглоно” гэсэн заалт л байгаа юм.

Тухайлбал, Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдлыг ингэж хүндэрчихээд байхад бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхий сайдын болж, бүтэж байгаа гэдэг магтан дууллыг л гаргаад байна шүү дээ.Гэтэл болж, бүтэхгүй байгааг нь хэлж байгаа хэвлэл, мэдээллийн хэрэгсэл маш цөөхөн байна. Үүнийг л хэлээд байгаа юм. Товчхондоо, сайныг нь саартай нь хамт гарга, хэт нэг талыг битгий барь л гэж байгаа юм. Хэн нэгэн өөрийнхөө хийсэн алдаатай зүйлийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гаргахгүй байх ёсгүй. Хэвлэл өөрөө эрх чөлөөтэй байх ёстой гээд байгаа юм.

-Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төсөл бодит үр дүнгээ өгч, иргэдийн амьдралд бага ч болов дэм болно гэж хүлээсэн хэсэг бий. Энэ тогтоолын төсөлд ам.долларын ханшийг бууруулна, гадны хөрөнгө оруулагчид нэмэгдэнэ гэх мэт бодит тооцоо, төсөөлөл хэр байгаа юм бол?

-Ер нь энэ тогтоолын төсөлд бодит төсөөлөл байхгүй. Дандаа тийм арга хэмжээ авна, тэгж сайжруулна гэх мэт ерөнхий үг л байгаа. Хүрэх төвшинг тодорхой тоогоор илэрхийлсэн зүйл байхгүй. Жишээ нь, валютын ханшийг бууруулна л гэж байгаа болохоос хэдэн төгрөгөөр, яаж бууруулах талаар нарийвчлан тусгаагүй л байгаа.

-Тодорхой бус байх нь зөв юм уу буруу юм уу. Уг нь бодит тооцоолол, төсөөлөлтэй байж нэг төвшинд хүрэх ёстой баймаар?

-Хүн ирээдүйгээ төлөвлөхдөө шууд тодорхой хэлбэрээр төсөөлөхөд нэг талдаа төвөгтэй. Нөгөө талдаа хийсэн ажлынхаа гүйцэтгэлийг харахад ч гэсэн хэцүү шүү дээ. Эрх баригчид ам.долларын ханшийг төсвийн төсөлд 1384 төгрөгт барина гээд тусгачихсан. Гэтэл энэ тоонд барьж чадахгүй байгаа биз дээ. Магадгүй эдийн засгийн тогтоолын төсөлд 1400 төгрөг байна гээд тооцчихдог. Гэтэл энэ тооноос хэтрээд явчихвал нөгөө зорьсон ажлаа хэрэгжүүлж чадаагүйн нэг хэлбэр болчихно. Тийм учраас яг хатуу тоогоор төсөөлөхөд бэрх л дээ.

-Засгийн газраас эдийн засгийн идэвхжүүлэх тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр оруулж ирснийг эрх баригчид тэр дундаа АН-ынхан эдийн засаг хүндэрснийг хүлээн зөвшөөрөөд яаралтай авч хэрэгжүүлж байгаа эхний алхам гэж олон нийт дүгнэсэн. Гэтэл Н.Батбаяр сайд бол “Эдийн засаг хүндрээгүй ээ. Бид зүгээр л идэвхжүүлэх гэж байна. Эдийн засаг хүндэрсэн эсэхийг дүгнэдэг тоон үзүүлэлтүүд хэвийн байна” гээд байгаа шүү дээ?

-Өмнө нь эдийн засгийн хурдцыг нэмэгдүүлэх гэсэн нэртэй орж ирээд одоо идэвхжүүлэх болчихоод байгаа юм. Мэдээж эдийн засгийн идэвх суларчихсан, уналтад орчихсон байгаа учраас л идэвхжүүлэх гээд байгаа юм шүү дээ. Идэвхтэй байхад нь идэвхжүүлнэ гэж юу байхав дээ. Эдийн засаг өсөлттэй, ард иргэдийн амьдралд нөлөөлөх нөлөөлөл нь эерэг байхад идэвхжүүлье гэсэн тогтоол оруулж ирэх шаардлага байхгүй биз дээ. Тийм учраас эдийн засаг уналтад орсон, ард түмний амьдрал ахуйд сөргөөр нөлөөлж байгаа учраас идэвхжүүлж, эерэг нөлөөлөл үзүүлэх зорилгоор л энэ тогтоолын төслийг оруулж ирж байгаа. “Эдийн засгийг уналтад ороогүй” гэж Засгийн газарт байгаа хэдхэн хүнээс өөр хэлэх хүн байхгүй.

-Ойрын өдрүүдэд УИХ-аас гарсан анхаарал татахуйц бас нэг шийдвэр бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан “Давхар дээл”-ийн тухай хуулийн төсөл унасан явдал байлаа. Үүнийг нэг талаас АН-ынхан хүч түрээд, элдэв наймаа тохиролцоо хийсээр байгаад унагачихлаа гэж олон нийт дүгнэсэн. Нөгөө талаас МАН-ынхан хууль хэрэгжих хугацааг ярьж, улстөржүүлсээр байгаад хуулийг унахад хүргэлээ гэсэн нэг хэсэг ч байна?

-Хууль хэрэгжүүлэх хугацааг ярьснаар унасан гэдэг нэг талаас үнэн л дээ. Манай намын бүлгээс аливаа хуулийг УИХ баталж гаргаж байгаа бол түүнийгээ үлгэр жишээ хэрэгжүүлдэг л байх ёстой гэж үзэж байгаа. Бид ийм л шаардлага тавьсан. “Өнөөдөр бид нар УИХ-ын гишүүн атлаа Засгийн гарын сайдын албан тушаалыг давхар хашиж болно. Харин дараагийн сонгогдсон парламентын гишүүд “Давхар дээл”-тэй байж болохгүй” гэдэг байдлаар асуудалд хандаж болохгүй. “Парламентын гишүүн “Давхар дээл”- тэй байж болохгүй гэдгийг бид үлгэр жишээ болгоод харуулчихлаа.

100 хоногийн дотор тодорхой хэмжээнд сэргэх найдлага байна үзэж байгаа бол “Та нар чадахгүй” гээд байж болохгүй.

Та нар бас тэгээрэй” гэж дараагийн УИХ руугаа хандах ёстой байтал “Бид нар бол давхар албан тушаал хашиж болно. Харин та нар болохгүй шүү” гэж байгаа нь утгагүй асуудал. МАН- ын бүлэг ийм л зарчмын шаардлага тавьсан. Нөгөө талаас өнөөдрийн төр, засгийн явуулж байгаа үйл ажиллагаа системийн хувьд нэлээд доголдолд орчихоод байна. УИХ, Засгийн газар нь үндсэн үүргээ хэрэгжүүлж чадахгүй. Гүйцэтгэх засаглал нь хууль тогтоох дээд байгууллагынхаа дээр гарчихсан ч юм шиг байдалтай л байна. УИХ- аас өгч байгаа үүрэг даалгавар хэрэгждэггүй, Засгийн газраас УИХ-д орж ирж байгаа ямарваа асуудал ямар нэг санал асуулга бололгүйгээр шууд шийдэгддэг.

Нэг ёсондоо, Засгийн газар л юу гэж хэлнэ. УИХ түүнийг нь баталж байх үүрэгтэй юм шиг болчихиож. Энэ доголдлыг л өөрчлөх ёстой гэсэн зарчмын байр суурийг манай намын бүлэг баримталж байгаа. “Давхар дээл”-тэй 19 сайдын 17 нь УИХ-ын гишүүн буюу тал хувь нь Засгийн газрын гишүүн болчихоор УИХ өөрийнхөө чадамжийг алдчихаж байгаа юм. Товчхондоо, миний хувьд Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаа.

-Ойрын хугацаанд Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж, УИХ- ын дарга З.Энхболд нар хэвлэлээр нэлээд өргөн хүрээг хамарсан ярилцлага өглөө. Тэдний яриаг сонсоход төрийн гурван өндөрлөгийн хоёр нь Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагаанд сэтгэл дундуур, зарим тохиолдолд маш хурцаар шүүмжилж байна. Харин Монгол төрийн гурав дахь хүн болох Ерөнхий сайд Н.Алтанхуяг бол энэ хоёроосоо арай өөр байр суурьтай байгаа нь олон зүйлээс анзаарагддаг. Төрийн гурван өндөрлөг уг нь нэгдмэл байр суурьтай байж нэг зүг рүү харж ажиллах ёстой баймаар?

-Би бол сөрөг хүчний намын гишүүн. Ямар ч зүйлийг аль болох болгох бүтээх талаас нь байр суурь, санал бодлоо илэрхийлдэг. МАН ч гэсэн тийм байдлаар санал бодлоо илэрхийлж ирсэн, цаашид ч тийм байна. Өнөөдөр төрийн гурван өндөрлөгийн хоёр нь “Болохгүй байна” гэж хэлээд байна шүү дээ. Гэтэл нэг нөхөр л “Болж байна, бүтэж байна” гээд байдаг. Гэтэл бодит байдал эсрэгээрээ байгаад байдаг. Засгийн газрын үйл ажиллагаа болохгүй байгаагаас шалтгаалаад эдийн засаг ямар байдалд орчихоод байгаа нь харагдаж л байна. Ерөнхийлөгч, УИХ- ын дарга хоёрынхоо шүүмжлэлийг Ерөнхий сайд маань хүлээж аваад асуудалд хандах ёстой. Алдаа гаргахгүй хүн гэж байдаггүй. Хамгийн гол нь алдаагаа засч чаддаг л байх ёстой.