Барсыг ангуучлах нь буюу Хятадад өрнөж буй авлигын эсрэг тэмцэл
БНХАУ-ын дарга Си Цзиньпин
2014.05.14

Барсыг ангуучлах нь буюу Хятадад өрнөж буй авлигын эсрэг тэмцэл

БНХАУ-ын дарга Си Цзиньпин 2012 оны төгсгөлөөр Хятадын коммунист намын (ХКН) даргаар сонгогдсон даруйдаа авлигатай тэмцэх ажлыг дотоод бодлогынхоо нэгэн тэргүүлэх чиглэл болгов. Гэхдээ түүний энэ ажил хэтэрсэн үр дүн үзүүлэв. Өргөн хэмжээний авлигын эсрэг компанит ажлаас үүдэлтэй Хятадын ДНБ-ийн өсөлт 1,5 хувиар буурч магадгүй гэж эдийн засгийн шинжээчид үзэж байна.

Си Цзиньпин авлигачдыг өршөөх ёсгүй гэдгээ мэдэгдэж авлигатай хийх тэмцлийг ялаануудын эсрэг (бага гарын авлигачид) болон барсын эсрэг (авлигачин төрийн өндөр албан тушаалтнууд) явагдах болно гэж хэлэв.

“Барсын авлига” гэдэг нь Хятадуудын уламжлалт ойлголтоор “элитүүдийн хэрэглээ” юм. Хятадын удирдлага авлигатай тэмцэх ажлын хүрээнд тансаг хүлээн авалтууд, төрийн мөнгөөр гадаадад аялдаг, албаны ганган машин хэрэглэдэг нөхдүүд, хаалттай цэнгээний газрууд, үнэтэй бэлэг зэрэгтэй тэмцэхээр болжээ. Томилолтоор очсон албан тушаалтанд хүлээж авсан тал бэлэг өгч болохгүй болж байна. Си Цзиньпин болон Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүд өөрсдөө энгийн байдлаар биеэ авч явж байна. Тэд үйлдвэр,  байгууллагуудаар явахдаа лимузин биш микроавтобус хөлөглөдөг болов. Онгоцоор нисэхдээ люкс бус энгийн ангиллыг сонгодог болжээ. Тэр байтугай төрийн албан тушаалтнууд өмнөх шигээ нас барсан хамаатнуудаа тансаг байдлаар эцсийн замд үдэх ч хориотой болсон.

Сар гаруйн өмнө Хятадын Аюулгүй байдлын сайд асан Чжоу Юнкан авлигын хэрэгт орооцолдож түүний гэр бүлийн 14,5 тэрбум долларын хөрөнгийг хураажээ.

Эхлээд авлигатай тэмцэх ажил Хятадын “эрх баригч ангийг” тийм ч их айлгасангүй. Хятадын өмнөх дарга Ху Цзиньтаогийн үед “ХКН-ын гишүүдийн улс төрийн шударга үйл хэргийг явуулах дүрэм”-ийг баталж байв. Уг бичиг баримт төрийн хүнд хамаатай 56 хориотой зүйлс, түүний дотор үнэтэй бэлэг авах, тансаг хүлээн авалтад урих, албан ажлын үзэр гадаадад аялах зэргийг хориглосон билээ. Гэвч эдгээр дүрэм цаасан дээр бичигдэхээс хэтрээгүй нь үнэн.

Харин Си дарга гарч ирснээр байдал эрс өөрчлөгдөв. 2014 оны эхээр ХКН-ын Төв хорооноос эхнэр, хүүхэд нь байнга гадаадад амьдардаг хүнийг төрийн албанд томилохгүй байх шийдвэр гарав. Энэ мэт гэнэтийн шийдвэрүүд хүнд сурталтнуудыг барьц алдуулах нь тэр.

Коммунист намын төв хэвлэл «Жэньминь жибао» сонинд авлигатай тэмцэх ажлын улс төрийн утга учрыг Конфуцийн ёсоор дараах байдлаар илэрхийлжээ. Тодруулбал “Сагсуу хүн хөл дээрээ үл тогтоно, сагсуу гэр бүл эс өөдөлнө, сагсуу нам ялагдал хүлээнэ, сагсуу төр мөхөх тавилантай” гэжээ.

2007-2012 онд Хятадын хууль хяналтын байгууллагууд төрийн албан тушаалтантай холбоотой 6,606 сая гомдол хүлээн авч 643 мянган авлигын хэрэг үүсгэж, 639 мянгыг нь шийдэж, 668 мянган намын албан тушаалтанд шийтгэл ногдуулжээ.

Сүүлийн үед төрийн өндөр албан тушаалтнуудын унших дуртай ном нь авлига, хүнд суртлын талаар өгүүлсэн намын болоод Засгийн газрын дүрмүүдийн эмхтгэл болсонд гайхах зүйлгүй. 20 орчим тогтоолыг багтаасан 2012 оны төгсгөлд хэвлэгдсэн уг ном номын дэлгүүрүүдийн лангуун дээрээс түргэн хугацаанд алга болов. Тэгэхээр Си даргын санаачлага үр дүнгээ өгөөд эхэлсэн гэсэн үг. Зарим шинжээчид 2014 онд авлигатай тэмцэх ажлын эрч буурна гэж үзэж буй ч сонинууд өдөр болгон Хятадуудын ярьдгаар “мориноосоо ойчсон” төрийн албан тушаалтнуудын тухай мэдээг нийтэлсээр байна. Огцорсон эсвэл шоронд орсон гэсэн үг.

Энэ зуур үнэтэй ресторанууд, элит ангиллын эд зүйл, согтууруулах ундаа зардаг худалдаачид алдагдлаа тооцоод эхэлжээ. Учир нь тэдний үйлчлүүлэгчид жинхэнэ авлигачид байдаг аж. Хятадын хоол үйлдвэрлэгчдийн холбооны гаргасан судалгаагаар 2013 онд тус салбар хамгийн ашиггүй ажиллажээ. Тухайлбал акулын сэлүүр, хараацайн үүр, абалон хэмээх далайн нялцгай биетэн зэрэг чамин хоолны үйлдвэрлэл 30-70 хувь буурчээ. Засгийн Газрын хүлээн авалтанд голдуу хэрэглэдэг “Маотай” хэмээх 53 градустай элит архины үнэ 30 хувиар унажээ.

Хятад дахь баян хоосны ялгаа туйлдаа хүрэв.

Түүнчлэн авлигатай тэмцэх ажлын шуурганд зарим барууны компаниуд өртжээ. “Мартель” хэмээх үнэтэй коньякийн эрэлт эрс буурав. 2013 онд Хятадад сонгодог ангиллын «Бентли» болон «Ламборгини» автомашины худалдаа багассан үзүүлэлттэй байна. Засгийн газрын харъяа байгууллагууд машиныг нь худалдаж авахаа больсон учраас “Ауди” компани ч стратегиа өөрчлөв. Мөн зарим албан тушаалтнууд үнэтэй цаганд дуртай байдгийнхаа төлөө суудлаасаа мултарсны дараа Щвейцарь цагны худалдаа навс унажээ.

Тансаг барааны эрэлт 2013 оны эхнээс буурч эхэлсэн ч эдийн засагчид аяндаа зах зээлийнхээ жамаар засарна гэж үзэж байлаа. Үнэтэй барааны үнийн бууралт нь энэ төрлийн бараа голдуу хахуулийн хэрэгсэл болж, эсвэл бохир мөнгөөр худалдагдаж байсантай холбоотой гэж үзэж байв.

1990-ээд оноос хойш Хятадын 16-18 мянган намын албан хаагч 800 орчим тэрбум юанийг завшин гадаадад гаран ор сураггүй болжээ.

Тэр зуур авлигатай хийсэн тэмцэл компани болон зах зээлийн тодорхой секторт нөлөөлөөд зогссонгүй Хятадын эдийн засгийг бүхэлд нь доргиов. Хонконгийн “Bank of America Merrill Lynch” судалгааны байгууллагын шинжээчид үндсэн сангуудад орох хөрөнгө оруулалтын хэмжээ буурсныг авлигын эсрэг тэмцэлтэй шууд холбон авч үзэв. Учир шалтгаан нь энгийн. Бүхнийг мөнгөөр шийдээд дасчихсан хүнд сурталтнууд хөрөнгө оруулалтын шинэ төслийг дэмжих ямар ч сонирхолгүй болжээ. Гэхдээ хэргийн учир зөвхөн үүндээ биш. Шударга улс төрчид ямар нэгэн үйлдэл гаргавал авлигад сэжиглэж магадгүй хэмээн болгоомжилж шинэ төсөл барьж авахгүй байгаа аж. Ямар ч үйлдэл гаргахгүй байх нь хамгийн зөв арга гэж дээрх байгууллагын тайланд дурьджээ.

Энэ бүхэн Хятадын эдийн засагт ямар хохирол авчрах боломжтой вэ? Судалгааг хийсэн мэргэжилтнүүд үр дагавар нь ноцтой байж мэднэ гэж үзэж байна. Тодруулбал тэдний тооцоолсноор ДНБ-ий бууралт 0,6-1,5 хувьд хүрэх ажээ. Хятадын удирдлага “шударга засгийн газар”-ын төлөө ийм өндөр үнэ төлөхөд бэлэн болов уу?