Энхтүвшин.Ө Бат-Эрдэнэ.Б Эрдэнэбат.Ж 2014.05.15 | Сайт: Vip76.mn

Эдийн засгийн хөгжлийн сайд "Би хор болох зүйл хийхгүй" гэв

Эдийн засгийн хөгжлийн сайд "Би хор болох зүйл хийхгүй" гэв
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд

Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд улсын өрийн хэмжээг 70 хувьд хүргэхээр оруулж ирсэн ихээхэн бухимдалтай хандсан юм.

Бусад улсууд өр зээлээс татгалзах хандлага руу орчихоод байна

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Төсвийн хүрээний мэдэгдэл дотор улсын өрийн хэмжээг 70 хувьд хүргэхээр оруулж ирж. Үүнээс гадна Засгийн газар БНХАУ-аас 162 сая ам.доллар, мөн Герман болон бусад орны банкнаас 80 сая ам.доллар, 300 сая ам.доллар нийтдээ 500 сая ам.доллар авахаар шийдвэр гаргаж. Ийм эрхийг УИХ Засгийн газарт өгөөгүй байгаа. Гэхдээ та бүхэн өр тавьчихвал валютын ханшийг бууруулна гэж хэлээд өнгөрсөн жил 1.5 тэрбумын Чингис бонд, Самурай бондыг тус бүр гаргасан. Валютын ханш өнөөдөр хэд хүрээд байна, 1820 төгрөг гараад явчихлаа. Ингэж хууль зөрчиж болохгүй. 500 сая ам.долларын зээл авахаар гэрээ байгуулсныхаа дараа асуудлаа УИХ-д оруулж ирнэ. Та нар ийм аргатай” гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнбаатар: Хууль тогтоох байгууллага нь  өөрөө хууль зөрчиж хууль баталж болох юмуу. Бид төсвийн тогтвортой байдлын хуулийнхаа 19.3 зүйлийг зөрчих гээд байна шүү дээ. Бид өнөөдөр хөнжлийнхөө хирээр хөлөө жийнэ гэсэн зарчмыг барьж явах ёстой. Одоо вальютын ханшийг 1380 төгрөгөөр тооцоод гадаад болон дотоодын өр зээлд Монгол улс 600 тэрбум төгрөг төлнө гээд төсөв дээр орж ирсэн. Цаашдаа вальютын ханшийн өсөлттэй уялдаад тооцох юм бол 700 гаруй тэрбум төгрөг болох нь тодорхой байна шүү дээ.

Үүнийг төлөх чадвар байна уу гэдгийг бодох хэрэгтэй. Өнөөдөр төсвийн орлого тасарчихсан л байна. Өнөөдөр би зөвхөн хүүг нь ярьж байна. 700 тэрбумаар өр зээлийнхээ хүүг төлчхөөд дахиад зээл авах тухай ярьж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Латин Америкийн улсуудын туршлага судлаад явж байхад тэд өрийн дарамтад олон дарлуулж, өөрийн дотоод үйлдвэрлэл бололцоотой түвшинд дэмжиж байж эдийн засаг сэргэх хандлага руугаа орж байгаа тухай ярьж байсан. Одоо энэ улс орнууд өр зээлээс аль болох болгоомжилдог хандлага руу орчхоод байна. Гэтэл бид аль 40 жилийн өмнө дэлхийн бусад улсууд туршаад алдаа оноогоо үзчихсэн зүйл дээр алдааг нь давтах гээд байх хэрэггүй.

Үүнд Сайд нар дараах хариултыг өгөв

Би хор болох юм хийхгүй

Сангийн сайд Н.Батбаяр  “Засгийн газар зээл авах бол Монгол Улсын хуулийн дагуу УИХ-аас зөвшөөрөл авдаг. Зөвшөөрөлгүй нэг ч зээл аваагүй, хэлэлцээрийг явуулах шийдвэрүүд гарсан. Хэлэлцээр явсны дараа шийдвэрээ УИХ-д оруулж ирдэг. Би хор болох юм хийхгүй.  Монгол Улс экспортоо нэмэгдүүлэх ёстой, импортоо хязгаарлах ёстой,  гаднаас эх үүсвэр татах ёстой, гаднаас хөрөнгө оруулалт татна гэдэг та нараас хамаарна. Амьд хүн аргатай гэж бид арга бодож байна, хувийн хэвшилтэй хамтраад ажиллах гарц хайж байна.

Сангийн сайд Ч.Улаан “Эрсдэлтэйг ойлгож байна, зээлгүйгээр хөгжилд хүрэх гарц байхгүй. Өр бол зээлнээс үүсдэг, зээл болгон өр болдоггүй. Зөв ашиглавал хөрөнгө оруулалт болно. Бүтээн байгуулалтаа сайн хийж чадвал хожоо болж хувирна”.

Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томъёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ