Сумъяабазар.Д 2014.05.16 | Сайт: News.mn

Д.Сумъяабазар: Ерөнхий сайд Н.Алтанхуяг чадваргүй байна

Д.Сумъяабазар: Ерөнхий сайд Н.Алтанхуяг чадваргүй байна
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.    

-УИХ-ын чуулганы хуралдаанаар 2014 оны Төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байгаа ч МАН-ын бүлгээс эргүүлэн татахыг сануулж буй. Гэвч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад батлах шаардлагатай гэж олонх үзэж байгаа?

-243 объекттой холбоотойгоор төсвийн тодотгол хэлэлцэж байна. Энэ тодотголд эргэж харах ёстой зүйлүүд бий. Ийм маягаар ажлаа явуулмааргүй байгаа юм. Уг нь бол Төсвийн тодотголын төслөө эргүүлэн татаж, зохих журмын дагуу оруулж ирэх ёстой гэсэн байр суурийг МАН-ын бүлгээс илэрхийлж байгаа. Хууль дүрмийн хүрээнд, төрийн ажлыг төрийн ажил шиг явуулж, нүглийн нүдийг гурилаар хуурах байдлаар ажилламааргүй байна.

-Төсвийн тодотголыг эргүүлэн татахаар улирлын чанартай хийдэг бүтээн байгуулалтын ажил хойшилж магадгүй болоод байгаа шүү дээ. Ийм үед хойшлуулах шаардлага байна уу?

-Монгол Улсын бүтээн байгуулалтын ажил улирлын чанартай явагддаг. Энэ ажлыг цаг хугацаанд нь явуулахын тулд Засгийн газар анхнаасаа хууль журмын дагуу, зөв тооцоо судалгаатай, үндэслэлтэй тодотгол оруулж ирэх ёстой байсан.

-Төсвийн тодотголд зардлыг 20 хувиар буруулахаар оруулж ирсэн нь нүдээ олсон таналт биш байна гэх хүмүүс байна уу. Жишээлбэл, төрийн албаны халаалт, бичиг цаас зэргийг танаж байгаа нь буруу гэх шүүмжлэл байна?

-Төсвийн тодотгол дээр байж болох бүх талын хэмнэлтийг судлах хэрэгтэй. Гэхдээ таналт нь зөв, оновчтой байх ёстой. Энэ төсвийн тодотголыг эргүүлэн татаж байгаад нухацтай боловсруулж оруулж ирэх ёстой гэдгийг манай намын бүлгээс шаардаж байгаа юм. Харин эрх баригчид яаралтай хэлэлцэх ёстой гэдэг байдлаар хандаж байна. Яг үнэндээ улс орны эдийн засгийн хуулиудыг хэлэлцэх ёстой байтал Засгийн газрын гишүүдийн асуудал, “давхар дээл” гээд албан тушаалтай холбоотой асуудлууд хэлэлцэхийн хажуугаар орж ирээд, хийх ёстой ажлаа хийхгүй цаг алдаад байна л даа. Мэдээж төсвийн тодотгол дээр ярилцах ёстой, хэлэлцэх ёстой асуудал олон бий.

Үүнтэй холбоотой Төсвийн хүрээний мэдэгдэл, өрийн хязгаарыг өсгөсөн, валютын ханш өссөн гээд улс орны эдийн засагтай холбоотой асуудал нь тооцоололгүй, тоо нь хоорондоо зөрсөн будилаантай байх байдалд хүрээд байна. Ингэж будилаантуулах нь эрх барьж байгаа хүмүүст нь хэрэгтэй байгаад байна уу гэсэн хардлагыг ч төрүүлж байна. Бид ханшаа нэг болго, нэг төсөвтэй бай, валютын ханшийн хэлбэлзэл, бондуудын учрыг олж төсөвт суулга, хяналт шалгалтаа сайжруул гэдгийг л шаардаад байгаа.

-Өнөөгийн нөхцөл байдлыг олж харсан учраас Ерөнхийлөгч “давхар дээл”-ийн хуулийг өргөн барьсан байх. Гэвч олонхийн бүлэг ухаалаг төрөөс татгалзсан?

-УИХ-ын гишүүний ажил бол ард түмнийг төлөөлж, хууль тогтоох цаг зав шаардсан том ажил. Энэ том хариуцлага, ажлын хажуугаар Засгийн газрын гишүүн, сайдын албыг хавсран нэгэн зэрэг хашихаар ажил цалгардах байдал үүсч байгаа юм. Төрийн ажил цалгардах нь сөрөг талыг дагуулдаг. Ерөнхийлөгч нь энэ гажуудлыг зөв харж хууль энэ бүхнийг засч залруулах, төрийн ажлыг зөв тал руу нь явуулах, ажил үүргийн биелэлтийг сайжруулж, хариуцлагатай болгох зөв зүйтэй санаачилга гаргасан.

УИХ-ын гишүүний ажил бол ард түмнийг төлөөлж, хууль тогтоох цаг зав шаардсан том ажил.

Харамсалтай нь улстөржүүлээд, Засгийн газар тогтвортой байснаар эдийн засаг нь тогтвортой байх юм шиг ойлголтыг нийгэмд төрүүлж энэ хуулийг унагасан. Энэ байдлаас харахад хариуцлага алдаж байгаа хүмүүст хариуцлага тооцохгүй яваад байх бололтой. Төрийн ажил бол хариуцлагатай, гүйцэтгэл сайтай, иргэд, олон нийтэд ил тод, мэдээлэлтэй байх ёстой. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийг эрх баригчид бас л унагасан. Уг нь энэ хууль том төрөөс ухаалаг төр рүү явах, төрийн төлбөр тооцоо, бүртгэл хяналтыг ил тод байлгах хууль байсан ч батлахыг хүсээгүй. Монгол Улсын эдийн засгийг сайжруулах, улс орноо хөгжүүлэх олон зүйл хүлээлттэй байхад эрх баригчид хоорондоо ойлголцож ажиллаж чадахгүй байна уу даа л гэж харж байна.

-Парламентынхаа дээр гарсан намын дүрэмтэй, намын эрх ашигтай болсон байна гэдгийг “давхар дээл”-ийн хуулийн санал хураалтын үеэр АН-ын гишүүд хэлж байсан. Энэ байдлыг засах гол нөхцөл нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль байсан байх?

-Хууль тогтоох байгууллага нь хуулиа тогтоож, Засгийн газар нь хуулийнхаа дагуу гүйцэтгэх засаглал шигээ ажиллая гэсэн л санаа байсан. Ажлын чиг үүрэг нь давхцаад ирэхээр ажлын ачаалал нэмэгдэж, хариуцлагын тогтолцоо алдагдаж, шаардлагаа тавьж чадахгүй учраас төрийн тогтолцооны систем гажуудаад ирж байгаа юм. Засгийн газрын 19 сайдын 17 нь УИХ-ын гишүүн-сайд байгаа. Засгийн газартайгаа хариуцлага тооцох гэхээр сайдууд нь УИХ-ын гишүүний албыг давхар хашдаг учраас эрх баригчид парламент дотроо бүлэг фракцаараа бие биенийгээ барьцаалан хамгаалж үлддэг байдал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Энэ тогтолцооны гажуудлыг шүүжлэхээр хүний муу үзэх гэж байгаа юм шиг харагдаж байгаа юм.

-Эдийн засаг хүндэрсэн нь өмнөх Засгийн газрын буруугаас болсон гэдгийг эрх баригчид хэлэх “дуртай”. Засгийн газрын үйл ажиллагаанд та ямар дүгнэлт хийх вэ?

-Энэ цаг үед боломж, бололцоондоо тулгуурлан ажлаа явуул гэдэг эрхийг нь одоогийн эрх баригчдад ард түмэн өгсөн. Ажлаа хийж чадахгүй, өөрсдөө алдаа гаргачихаад өнгөрсөн үе рүүгээ буруугаа чихнэ гэдэг бол ичгэвтэр явдал юм. Эрх баригчид эдийн засгийн хямралд АНУ-ын Холбооны нөөцийн банк, гадаад улс орнуудын төв банкны бодлого, Украины хямрал, мөргөлдөөн, өмнөх Засгийн газар, АТГ, Ардын нам гээд байж болох бүхнийг буруутгаж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл бурууг бусдаас хайхдаа гаргуун болчихоод байна. Шинэчлэлийн Засгийн газарт маш том боломж, бололцоог УИХ олгосон.

Нийт 5 тэрбум ам.долларын бонд гаргахыг зөвшөөрсөн. Үүнээс нь 1,5 тэрбум нь Чингис бонд нэрээр гарсан. Боломжийг ашиглаж чадахгүй, өөрсдөд нь боломж олгоод байхад төгсгөл муутай хийж байгаа нь чадамж муутайгийнх гэсэн үг. Шулуухан хэлэхэд, Засгийн газрыг тэргүүлж байгаа Ерөнхий сайд нь төрийн хүний ноён нуруугүй, чадваргүй хүн байна. Жижиг зүйлээр амь аргацааж, улс төрийн соёлгүй байдал гаргадаг, зарим асуултад тэнэг хариулт хэлдэг, тухайн үед нь маазраад өнгөрдөг л хүн шүү дээ.

Засгийн газрын тэргүүний хувьд байж болохгүй байр суурь гаргаад байна. Хоёр жилийн дотор хийж чадаагүй атлаа эдийн засгаа 100 хоногийн дотор эрчимжүүлнэ гэсэн амлалт  өгөөд сууж байна гэдэг ухаан санаанд багтмааргүй.  Ид шид л байхгүй бол 100 хоногийн дотор эдийн засгаа сайжруулж чадахгүй. Маргааш /өнөөдөр/ Ерөнхий сайд сөрөг хүчний гишүүдэд эдийн засгийг хэрхэн эрчимжүүлэх талаараа танилцуулна. Юу ярихыг нь сонсоно доо.

-“Чадваргүй” тэргүүн, сайд нартай Засгийн газрыг яах вэ. Хариуцлага тооцох гэхээр олонхоороо авч үлдэж, амьдрал сайхан байна гэсээр л байна шүү дээ. Цаашид яах ёстой юм бэ?

-Ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байна. Үнийн өсөлтөд цохиулж, иргэдийн худалдан авах чадвар муудаж байна, орлого хумигдаж, эдийн засагт агшилт үүсэж, валютын нөөц багасан, баялгийн урсгал зогссон, дотоодын өрсөлдөх чадвар муу байна гэсэн олон зүйлийг ярьж хэлж байгаа. МАН-ын зүгээс сөрөг хүчнийхээ байр сууринаас хандан эрх баригчдыг хүчтэй шахаж, шаардаж, АН-ын мөрийн хөтөлбөрийг сануулж, хариуцлага тооцох хэлбэрийг бий болгож ажиллана.

-Эв нэгдлийн Засгийн газар байгуулах талаар ярьсан. Эдийн засаг сайжирч, ард түмний амьдрал сайжрах бол яагаад эв нэгдлийн Засгийн газар байгуулж болохгүй гэж?

-С.Баярцогт гишүүний хүслээр нийлээд явна гэж юу байх вэ. Эв нэгдлийн Засгийн газар байгуулна гэвэл бүтэхгүй. Сөрөг хүчин АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг нь сануулан шалчийтал нь шахаж ажиллах л ёстой. Ард түмэн мөрийн хөтөлбөрийг нь харж, итгэж саналаа өгсөн. Тэгвэл сөрөг хүчин нь амлалтыг нь сануулж  ажиллах болно. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, төмөр зам, Оюутолгой, Тавантолгой, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг шийдэх, мөн үнийн өсөлттэй уялдуулан цалин тэтгэвэр, тэтгэмжийн нэмэх зэрэг гэсэн амлалтууд байгаа шүү дээ. Ард түмэн ч мэдэж байгаа.

-Засгийн газрын зарим сайд нарт хариуцлагын асуудал хөндөгдөхгүй яваад байна.  Нэг сайд нь өөрийн хүсэлтээр өргөдлөө өгчихлөө, та юу гэж дүгнэж байна?
Х.Баттулга сайд бол улстөрд байх ёстой маш том соёлыг харууллаа

-Том төрөөс ухаалаг төр лүү явахын тулд Ерөнхийлөгчийнхөө хуулийг дэмжих ёстой байсан. Том бодлогын хуулиуд унаад байх нь улс орны эрх ашигт л хохиролтой. Өнөөдөр /өчигдөр/-ийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Хяналтын тухай хууль, Газрын тосны тухай хууль гээд маш хэрэгтэй хуулийн төслүүдийг батлах байсан ч эцсийн хэлэлцүүлэг дээр унасан. Яагаад гэвэл Засгийн газрын “давхар дээл”-тэй сайд нар байхгүй байсан. Яг улс орны эрх ашигтай холбоотой асуудлыг ярихаар алга болдог. Гэтэл хэн нэгнийг огцруулах, хариуцлага тооцох гэхээр бүгд орж ирээд суучихдаг.

Ийм байдлыг залруулъя, ухаалаг төртэй байцгаая гээд хуулийн төсөл оруулж ирэхэд унагасан. Эргээд хариуцлага тооцъё гэхээр тооцохгүй, өөрсдийгөө хайрцагласан, ухаалаг бус байдлаар явах шийдлээ өөрсдөө хийсэн. Засгийн газрын гишүүдтэй нь хариуцлага тооцох гэхээр хамгаалаад үлддэг. Мөн УИХ, Засгийн газартай холбоотой асуудлыг яриад УИХ-ын гишүүнээсээ татгалзахад олноороо аваад үлддэг. Харин Х.Баттулга сайд бол улстөрд байх ёстой маш том соёлыг харууллаа. Ёс зүйн хувьд, хариуцлагын хувьд ч өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа ньцаашид ухаалаг төр рүү явах ёстой гэдгийг өөрийнхөө энэ үйлдлээрээнийгэмд илэрхийллээ. Энэ бол зөв алхам.

-Эдийн засаг хүндэрсэн, валютын ханшийн хэлбэлзэл гээд яриад байхаас, хариуцах эзэн, хариуцлага хүлээх хүн алга байх шиг?

-Ерөнхий сайд Эдийн засгийн хөгжлийн сайд, Уул уурхайн сайд нартаа хариуцлага тооцох ёстой. Энэ хүмүүсийн бодлогогүй алхам, шийдвэрээс болж улс орон хохироод байна. Эдийн засгийн нөхцөл байдал, долларын ханшны өсөлт, төгрөгийн сулрал гээд хариуцлагын асуудал яригдах ёстой. Мөн бондын мөнгөний зарцуулалт. Бондын эргэн төлөлтийг төсвөөс төлнө гэдэг нь Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж бүгд төлж байгаа гэсэн үг.

Гэтэл өнөөдөр Сангийн сайд Ч.Улаан “Бондын эргэн төлөлтийг Монгол Улсын иргэн төлөхгүй, Засгийн газар, улс төлдөг” гэж хариуцлагагүй зүйл хэлсэн.Ингэж худлаа ярьж болохгүй. Монгол улсын төсвийг иргэд, аж ахуйн нэгжийн татварын орлогоор бүрдүүлдэг. УИХ-аас ажлын хэсэг гарч, бондуудын зарцуулалтыг шалгаж, мэдээллийг олон нийтэд ил болгох ёстой.Гэтэл өмнөх бондуудын зарцуулалт нь олон нийтэд тодорхой бус байхад өнөөдөр дахин өр тавих гээд ярьж байна.

-Хариуцлага тооцохгүй, энэ байдлаар яваад байвал хоёр жилийн дараа ард түмэн дүнгээ тавих биз дээ?

-АН-ынхан хоёр жилийн дараа сонгуульд ялахгүй гэдгээ ойлгочихоод ингэж улаан, цагаандаа гарч байна гэж би ойлгож байгаа. Ингэж л ойлгогдож, ийм л мэдрэмж төрж байна. Хариуцлага гэдэг зүйл алдагдаж, төрийн тогтолцоонд гажуудал бий болж, хяналтаа  ч тавьж чадахгүй, нэн шаадлагатай чухал хуулиудаа ч батлаж чадалгүй унагааж байна. Үнэнийг хэлэхэд, хэлэх үг дуусч байна даа.