2008.01.01

Л.Гантөмөр: Ноолуурын нөхөн олговрыг хэний захиалга вэ гэж хардаж байна

Улсын 2008 оны төсвийн тодотголын анхны хэлэлцүүлгийг УИХ хийгээд байна. Үрэлгэн зарлагыг хумих, бас ямааны ноолуурын нөхөн олговор болгож малчдад 30.5 тэрбум  төгрөг тараах гэсэн зөрчилтэй асуудлуудыг УИХ зэрэгцүүлэн хэлэлцэж буй. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийн байр суурийг сонирхлоо.

-2008 оны төсвийн тодотголоор зарлагыг хумьж байгаа. Таныхаар төсөл энэ зарчмаа баримталж чадсан байна уу?

-2008 онд бид төсөв батлахдаа инфляци 34 хувь хүрч, үнийн хөөрөгдөл гаарахыг тооцоолоогүй. Нэгэнт гаргасан алдаагаа засах хэрэгтэй. Төсвийн тодотголоор Засгийн газар асуудлаа шийдэх ч үнийн өсөлтөд өртөж буй иргэдийн асуудлыг зохицуулж чадахгүй.

-Ийм нөхцөлд ямаанд 30.5 тэрбум төгрөг “зориулах” гэж буйг та юу гэж үзэж байна вэ?

-Энэ бол үнийн хөөрөгдлийг дэвэргэх арга хэмжээ. Засгийн газар 30 тэрбум төгрөгийг салхинд хийсгэснээрээ “үрэлгэн” гэдгээ л харуулна. Гар дээрээ хэдэн төгрөг авах малчид бол яах вэ, харин авахгүй хүмүүс нь энэ мөнгөний үймээнд нэрвэгдэх аюултай шүү дээ. Малчдад өгөх эл нөхөн олговроос болоод дараа хавар ноолуурын үнэ хямдрах нөхцөл бүрдэнэ. Худалдан авч буй хүмүүс нь малчдад төрөөс олгох 5000 төгрөгийг тооцож үнийг хямдруулна. Тэгэхээр бас хэний захиалга орж ирээд байна вэ гэсэн хардлага төрж байгаа юм.
Төр худалдах, худалдан авахад нь  биш үйлдвэржилтийн түвшинд нь л оролцож болно. Уг нь өнгөрсөн тавдугаар сард баталсан тогтоол ноолуур худалдан авах аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн хандлагатай байсан юм. Гэвч тэр үед нь инфляци өсөж, зээлийн хүү нэмэгдсэн. Одоо дэлхийн зах зээл хэмнэлтийн горимд шилжиж байна. Цамаан загнадаг цаг өнгөрсөн. Ноолуурын хэрэгцээ ч энэ хэрээр буурна. Энэ талаас нь Засгийн газар анхаарах учиртайгаас биш “Сонгуулиар амлачихсан юм чинь” гэж хандаж болохгүй. Өнгөрсөн дөрвөн жилийн турш ярьсан бэлэн мөнгө тараах бодлогыг үргэлжлүүлэх нь хортой. Бид халамжnay улс болохоос аль болох сэргийлэх хэрэгтэй байна.

-Хоол тэжээлийн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг бас хэлэлцэж эхэлсэн.

-Буруу шүү дээ. Энэ төслийг хэлэлцэхийг түр хойшлуулсанд би талархалтай байгаа.

-Эх орны хишиг болох 1.5 сая төгрөг халамжийн нэг хэлбэр мөн үү?

-Ямар бодлогоор хэрэгжүүлэхээс хамаарна. Хэрэв иргэнших, соёлжих, үйлдвэржилт бий болгох түвшинд хэрэгжүүлбэл энэ зөв асуудал. Харин зүгээр л 1.5 сая төгрөг бэлнээр тараавал улс орны эдийн засгийг дампууруулна. Одоо бол баялгийн дахин хуваарилалтыг зөв хийх алтан үе. УИХ-ын гишүүд тойргийн сонгогчдын гэхээсээ улс орны эрх ашгийг бодох цаг болсон.

-Ноолуурын нөхөн олговорт өгөх 30.5 тэрбум төгрөгийг орон нутгийн сонгуулиар санал урвуулах гэсэн шоу гэж нэг хэсэг нь үзэж байна. Таны байр суурь ямар байна вэ?

-Хэрэв би АН-ын удирдлагын нэгэн байсан бол МАХН-ынхны энэ бодлого дээр “тоглох” байсан. Үүгээр нь нийслэлийн орон нутгийн сонгуульд МАХН-ыг арчих байлаа. Энэ бол арчаагүй байдлын л илрэл. Тэдний завтай байх үедээ хийсэн ажлынх нь нэг. Энэ төслийн  сөрөг талыг нийслэлийн сонгогчдод ойлгуулахад МАХН шууд л унана. Аймаг, сумдад ч ялгаагүй. Бүр хөдөөний малчдаас тэд санал авна гэж мөрөөдсөн байхыг үгүйсгэхгүй.

-Энэ төслийг өмнөх Засгийн газрын үед өргөн барьсан учир үргэлжлүүлэн хэлэлцэж буйгаа Сангийн сайд мэдэгдсэн. Буруу зүйл бол дараагийн Засгийн газар үргэлжлүүлэхгүй байж болох биш үү?

-Засгийн газар УИХ-аа аргадаж ажиллах учиргүй. “Хөдөөнөөс сонгогдсон гишүүдэд хэрэгтэй гээд байна” гэж хандаж болохгүй. Ний нуугүй хэлэхэд УИХ-ын гишүүд жалга, довны төлөөлөгч шүү дээ. Энэ байдал нь эцэстээ улс орныг дампууруулдаг.  Тиймээс Засгийн газар УИХ-даа хөтлөгдөх хэрэггүй юм. Ер нь Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөлд таван хувиас илүү өөрчлөлт оруулах хэрэггүй. Гэтэл тойргийнхоо дэд бүтцийн асуудлыг төсөвт тусгаад байдаг. Засгийн газар ч бас төслөө анх оруулж ирэхдээ хөрөнгө оруулалтыг зөв, хэрэгцээтэй зүйлд нь төлөвлөдөг байя. Ноолуурын нөхөн олговорт биш оношлоогооны төв барих, Харвардын их сургуулийн салбарыг нээхэд тэр 30 тэрбумыг зарцуулбал илүү үр ашигтай. Хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцож чадахгүй байна. Бутархай мөнгөөр тоглохоо больж, дэлхийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулъя.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.