Сэтгүүлчид аврагч боллоо
Сэтгүүлчид аврагч боллоо
2014.05.19

Сэтгүүлчид аврагч боллоо

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үүсч байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд албаны үйл ажиллагааг сурталчлах, албан хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг олон нийтэд таниулах, гамшгийн эрсдлийг бууруулахад сэтгүүлчдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, Онцгой байдлын байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран “Мэргэжлээ сольсон нь” тэмцээнийг зохион байгууллаа.

“Мэргэжлээ сольсон нь” тэмцээнд МҮОНТ, ТВ-9, ТВ-5, MN 25  суваг телевиз, Өдрийн сонин, Өнөөдөр, Зууны мэдээ, Өглөөний сонин, Монголын мэдээ, Ардчилал, Монголын үнэн сонин, news.mn, shuud.mn, zaluu.com, times.mn зэрэг сайтын 40 сэтгүүлч оролцож  “Онцгой найм”, “Ялагдашгүй аврагчид”, “Шонхорууд”, “Аврагч” гэсэн дөрвөн багт хуваагдлаа.

Аврах бүлгийн аврах ажиллагааны багаж ашиглан өгөгдсөн цагийн байдлын дагуу 5 см-ийн диаметртэй төмөр хийцийг тасалж, шугаман хийцийг тэлэгч ашиглан 20 см өргөн эвүүр хийх, ой, хээрийн түймэр унтраах багаж хэрэгсэл болох зөөврийн ус шүршигч /РЛО/ ашиглан өгөгдсөн цагийн байдлын дагуу 6x6 метрийн хэмжээтэй талбайд асч буй өвсний галыг унтраах, уулын аврах багаж, хэрэгсэл аврах олс, шуудаг, карбин, 8 хэлбэрийн гар ашиглан хоёр замаар 90 градусын өнцөгтэй хана руу 10 метрт авирах, арьс болон амьсгал хамгаалах хүн нэг бүрийн хэрэгслийг өмсөн утаат орчинд орж холбох шугамыг солих, луужин /JPS/-д бэлтгэж өгөгдсөн зовхисын дагуу хөдөлгөөн үйлдэх, 5 метрийн өндрийн цамхагаас нэрвэгдэгчийг өөртөө бэхлэн доош буух зэрэг аврах ажиллагааны төрлөөр өрсөлдөж, багууд өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

Тэмцээний тэргүүн  байрыг Э.Харцага ахлагчтай “Шонхрууд” баг  эзэлж, хоёрдугаар байрт Ү.Батхишиг ахлагчтай  “Ялагдашгүй аврагчид” баг шалгарсан бол   “Аврагч”, Онцгой 8” багууд удааллаа.