2008.11.11

Лу.Гантөмөр: 100 тэрбумын хэмнэлт имфляцийг ч бууруулна

Дэлхийн зэх зээл дээр зэс, алтны үнэ унаж байгаа учир төсвийн урсгал зарлагыг "царцаана" хэмээн өнгөрсөн сард Сангийн сайдаас удаа дараа мэдэгдсэн. Ирэх оны төсвийг хэлэлцэх үеэр мэдэгдэл эсрэгээрээ эргэж, төсвийн байгууллагын ажилчдын дүрэмт хувцас, унаа, тээвэр, утас, их засварын зарлага гэх мэтээр өнөөх зардал нь үлэмж өсжээ. Иймд УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр төсвийн байгууллагын урсгал зарлагад төлөвлөсөн 475 тэрбум төгрөгийг 100-гаад тэрбумаар танах санал боловсруулж өчигдөр Төсвийн байнгын хороонд өргөн барив. Тэрээр өнгөрсөн жил ч төрийн нүсэр зарлагыг бууруулах санаачилга гаргасныг манай сонин дэмжиж, "Ард түмний мөнгийг хэмнэе" уриан дор нийтлэл, сурвалжлагуудыг уншигч түмэндээ хүргэсээр байгаа.
УИХ-ын гишүүн Лу.Гантөмөртэй ярилцлаа.

-Төсвийн байгууллагын урсгал зарлагыг танах талаарх саналаа Та Төсвийн байнгын хороонд өргөн барилаа. Ямар зарлага танах тухай илүүтэй тусгасан бол?

-Төрийн байгууллагын дүрэмт хувцсанд 15 тэрбум төгрөг зарцуулж байгааг 5-10 тэрбум болгож багасгах боломжтой гэж би үзэж байна. Мөн төрийн албан тушаалтнуудын гар утасны төлбөрийг төсвөөс бус цалингаасаа төлдөг болгох хэрэгтэй байна. Ингэснээр 600 сая төгрөг хэмнэнэ. Унаанд зарцуулах мөнгийг ч багасгаж, 600-700 сая төгрөгөөр бууруулж болох юм. Шатахуун, тээврийн зардал төсөвт 41 тэрбум төгрөгөөр тэмдэглэгдсэн байна. Өнгөрсөн жил 31 тэрбум төгрөгт багтаахаар болсон шүү дээ. Тиймээс тэр хэмжээнд хүртэл багасгах ёстой. Төсвийн байгууллагын шагнал урамшуулалд 4,4 тэрбумыг төсөвлөсөн нь огт шаардлагагүй зүйл гэж үзэж байна. Бас төрийн албан хаагчдын сургалтад зориулж 18 тэрбум төгрөг тусгажээ. Үүнээс 15 тэрбумыг нь хасах хэрэгтэй. Тэр хүмүүс төрийн албанд орохын тулд маш олон тооны шалгалт өгч, өөрсдийгөө багагүй бэлтгэсэн байгаа. Эдийн засгийн нөхцөл хүнд байхад заавал давтан сургах нь оновчгүй хувилбар. Төсвийн байгууллагын их засварт 19 тэрбум төгрөг төлөвлөсөн байна. Боловсролын салбарын засвараас бусдыг нь царцаах нь зүйтэй.

-Таны саналыг гишүүд хэрхэн хүлээж авав?

-Тэд өөр өөрийн саналаар хандаж байна. Олонх нь дэмжиж буйгаа илэрхийлсэн. Сангийн яам, Төсвийн байнгын хороо хамтраад үрэлгэн зарлагыг таная гэсэн байр суурьд хүрсэн.

-Урсгал зардлын хэмжээг багасгах тухай УИХ-аар өмнө нь яригдаж, гишүүд ч ихээр дэмжсэн. Төсөвт эл зардал бүр нэмэгдээд ороод ирчхэж?

-Орлого нь байгаа тохиолдолд зарлагаа бууруулах алхам Сангийн яам хийхгүй нь гэж харж болохоор байна. Засгийн газар, Сангийн яам хамтран үрэлгэн зарлагыг танаж чадна гэж би найдаж байгаа. Бүр 4,7 тэрбум төгрөгөөр тавилга худалдаж авна гэж төсөвт тэмдэглэсэн байх юм. Төрийн албаны тавилга шинэчлэгдсэнээр үйл ажиллагаа нь сайжирна гэж бодохгүй байна. Засгийн газар эндээс дүгнэлттэй хандаасай.

-Төсөв дэх хяналт сул байгаагаас урсгал зардал өссөөр байна гэж та үзэж байгаа юм уу?

-Төсвийн төлөвлөлт, захиран зарцуулалтад тавьж байгаа хөндлөнгийн хяналт бага байна. Захиран зарцуулагчид өөрт ногдсон мөнгийг бүгдийг заавал хэрэглэнэ гэсэн шаардлагыг Сангийн яаманд тавьдаг юм билээ. Тэдний зарлагыг ч Сангийн яамнаас хасаж чадахгүй байсаар өдийг хүргэсэн байна. Ерөнхий сайд зоригтойгоор Засгийн газрын хуралдаанд байр сууриа илэрхийлж чадвал зарлага буурах боломж-той. Өнгөрсөн оны аравдугаар сэрд намайг "Ард түмний мөнгийг хэмнэе" гээд ярьж байхад л Засгийн газар шийдэж чадсан бол инфляци өдийд ийм өндөр төвшинд хүрэхгүй байсан. Төсвөө бид хэдий хэмжээнд царцааж чадна тэр хэрээр инфляцийг багасгана шүү дээ. Тиймээс ирэх оныхоо төсвийг чадах чинээгээрээ хумьж, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, хувийн хэвшлийг дэмжих хэрэгтэй байна.

-Энэ удаад Төсвийн байнгын хороо Таны саналыг дэмжихгүй бол ямар нөхцөл байдал үүснэ гэж төсөөлж байна вэ?

-Бид энэ жилээс л төсвийн сахилга батыг хангахгүй бол энэ ажлын нэр хүнд ч ахихгүй. Тэгээд хүрэх гээд байгаа зорилтоосоо асар ихээр холдоно.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.