2008.11.09

Л.Гантөмөр: С.Баярын Засгийн газрын төсвийн үрэлгэн байдлыг засах нь гэсэн итгэл алдарлаа

-Үрэлгэн байдлыг хамгийн их дэвэргэж байгаа хүмүүс бол салбарын сайд нар-

-Ирэх оны төсөв төсөөлж байснаас хавьгүй давлаа. Уг нь хумина гэж их л ярьж байсан даа?

-Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хөгжил саарч байгаа, банк санхүүгийн хямрал, зэсийн үнийн уналтаас шалтгаалж ирэх оны орлого тодорхой хэмжээгээр зогсонги байдалд орох болоод байна. иймээс бид олж байгаа орлогодоо тааруулж амьдрах гарцаагүй нөхцөл байдал үүсээд байна. Засгийн газраас өргөн барьсан төсөв хөрөнгийн хэмжээг 200 тэрбумаар бууруулж батлах байх. Өнгөрсөн жилийн төсвөөс ялгарах зүйл их бага байна. Ялангуяа бараа үйлчилгээний зардал дотор шаардлагагүй 100-аад тэрбум төгрөг байгаа. Энэ их мөнгийг зарцуулаад төрийн үйлчилгээ сайжирч байгаа нь харагдахгүй байна.

-Таны гаргасан төсөв хэмнэх саналууд хэр дэмжлэг хүлээж, үр дүнд хүрч байна вэ?

-Том оврын автомашиныг Улаанбаатар хотод хэрэглэхгүй байх, архи дарс худалдаж авахаа болъё гэсэн санал үр дүнгээ тодорхой хэмжээгээр өгч байна. Би дарга хүн, их тансаг хэрэглээтэй байх ёстой гэсэн зарчмаас ухарч эхэлсэн. Харин нүдэнд ил биш үрэлгэн байдлаа дарга нар засаж чадахгүй байна. Ерөнхий сайд өөрийн удирдагч шинж чанараа харуулж манлайлах ёстой. Хийхгүй бол УИХ-ын гишүүний хувьд энэ асуудлыг шаардсаар байх болно.

-Засгийн газрын өргөн барьсан энэ удаагийн төсөв ч хэмнэлт биш, нэмэлт ихтэй байх шиг байна. Таны хувьд ямар тоонуудад шүүмжлэлтэй хандаж байна?

-Маш олон. Хамгийн их шүүмжлэлтэй хандаж байгаа нь дарга нарын үйл ажиллагаандаа зарцуулж байгаа хэсэг нь юм. Өнгөрсөн жил энэ мөнгө 453 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ их мөнгийг төрийн үйл ажиллагаанд зарцуулна гэж байгаа юм. Жишээлбэл гадаад томилолтод зургаан тэрбум, дотоод томилолт есөн тэрбум, харилцаа холбооны зардал мөн тийм хэмжээтэй, түлш шатахууны зардалд 40-өөд тэрбум, 30-40 тэрбум төгрөгийг засвар үйлчилгээ хийхэд, урсгал зардалд зарцуулна гээд маш олон таагүй зардлуудыг гаргасаар байна. Энэ зардлуудаа багасгаач ээ гэсэн шаардлагыг би хувьдаа 2007 оны турш тавьсан.

Ерөнхий сайд С.Баяр маш нааштайгаар хүлээж авч байсан. Тиймээс С.Баяр гэдэг Ерөнхий сайдын толгойлж байгаа Засгийн газар төсвийн үрэлгэн байдлыг засах юм байна гэсэн итгэл үнэмшил тэр үед надад төрж байсан. Харамсалтай нь үрэлгэн байдлыг зогсооё гэсэн хандлагыг өнөөдрийг хүртэл бүрдүүлж чадаагүй байгаад харамсаж байна. Жишээлбэл 15 тэрбум төгрөгөөр хувцас худалдаж авдаг байсан нь энэ жил ч хэвээрээ л байна. Төсвийн хэлэлцүүлгийн явцад би албан ёсоор саналаа гаргана гэж бодож байгаа. 153 тэрбум төгрөгийн урсгал зардлыг 100-аад тэрбумаар багасгах шаардлага байгаа. Энэ бүхнийг УИХ хийж чадна гэж бодож байна.

-Төр захиргааны аль шатанд үрэлгэн байдал илүүтэй байна вэ?

-Үрэлгэн байдлыг хамгийн их дэвэргэж байгаа хүмүүс бол салбарын сайд нар. Салбарын сайд нар өөрсдөө зардлаа хэмнэе, бага мөнгөөр амьдаръя гэсэн шаардлагыг гаргаж чадах юм бол Сангийн яам дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Нөгөө талаасаа сайд нартаа Ерөнхий сайд нь өөрөө шууд зардлаа буруулаач ээ гэсэн үүрэг даалгаврыг өгөх шаардлагатай байна. Жишээ нь орон нутгийн тээвэр, шатахууны зардал таван тэрбум төгрөг байхад Улаанбаатарт байгаа улсын төсвөөр ажилладаг байгууллагуудынх 40 тэрбум байж байна. Угтаа хөдөө орон нутагт илүү их алслагдсан зайд явах хэрэгцээ шаардлага байгаа шүү дээ.

Засгийн газар өөрийнхөө үйл ажиллагааг сурталчлахын тул 1.9 тэрбум төгрөгийг зарцуулдаг. Гэтэл ТИС долоон давхар номын сан барих гээд 1.5 тэрбум төгрөг олдохгүй барилгын ажил нь зогсчихсон байна ш дээ. Төвлөрсөн арга хэмжээнд зарцуулагдаж байна гэж байгаа их мөнгө бол хуулийн гадуур л зарцуулагдах мөнгө юм билээ л дээ. Энэ үрэлгэн байдлаа зогсооё гэсэн саналыг бүтэн жилийн хугацаанд ярьж байна. Гэтэл төсөвт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд гуравхан тэрбум төгрөг төсөвлөсөн. Ашигтай хөрөнгө оруулалтад зарцуулах мөнгө ийм байгааг юу гэж ойлгох вэ гэсэн асуулт гарч ирнэ.

-Төрд “Шахааны бизнес” цэцэглэж байгаа нь хэнд ч нууц биш. Төрийн албан хаагч болно гэдэг амьдралаа дээшлүүлэх том боломж гэсэн ойлголт нийгэмд хэдийн бий болсон байна. Яаж энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн бага хугацаа зарцуулах, зөв гарц хаана байна?

-Ерөөсөө л төрийн албан хаагчдын тоог л цөөлөх хэрэгтэй. Өнөөдөр Монголын арван хүн тутамд нэг төрийн албан хаагч байна. Арван хүний төлөө нэг хүн ажиллана гэдэг бол асар өндөр тоо. Ядаж л насанд хүрсэн хорин хүний төлөө нэг хүн ажилламаар байна ш дээ. Төр маш том, нүсэр бүтэцтэй байхад авилгал хээл хахууль алга болохгүй. Шахааны бизнес устахгүй. Энэ олон дарга нарын гараар дамжаад, хариуцах эзэн байхгүй болчихдог. Цомхон бүтэцтэй, хариуцах эзэнтэй байх юм бол энэ асуудлыг бид шийдэж болно. Дээр миний дурьдсан бэлэн хувцас худалдан авах 15 тэрбум төгрөгийг татвар, даатгал, мэргэжлийн хяналтын байцаагч нар өмсөж байна.

Тэд зүгээр л энгийн костюмтай ажиллаж болох энэ хүмүүсийг цэргийн дүрэмт хувцастай болгож байгаа нь хэнд ашигтай байгаа билээ. Энэ чинь л шахааны бизнес ш дээ. Гэхдээ зөвхөн нүдэнд ил байгаа хэсэг нь шүү. Үүнээс гадна албан тушаал, бүтцийн давхардлыг арилгах хэрэгтэй, Дүүргийн даатгал, татварын, газрын алба гэж байхад дахиад нийслэлийн татвар, газрын алба, даатгалын газар байж байх жишээтэй. Хэрэгжүүлэгч агентлаг нэртэй саатуулагч агентлаг байна. Хамгийн ойрын хугацаанд энэ нүсэр бүтцийг цэгцэлж, хувийн байгууллагаар боломжтой үйлчилгээг хийлгэдэг системд шилжих шаардлагатай байна.

-Таны энэ хэлж байгаа бүхэн хурлын тэмдэглэлд л үлдэх вий гэж эмээж байна?

-Төсвийн хэлэлцүүлэг одоо л эхэлж байна. Миний хувьд олон нийтийн дэмжлэг авч тэмцэхээсээ илүү улс төрийн ойлголцлоор олон асуудлыг хийж чадна гэж найдаж байгаа. Энэ найдлага маань талаар болох юм бол энэ чиглэлийн тэмцлийг олон түмэнтэйгээ нийлээд гудамжинд гараад хийх болно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.