Д.Сумъяабазар: Төрийн алба халамж, цаашлаад шагнал болж байна
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2014.05.22

Д.Сумъяабазар: Төрийн алба халамж, цаашлаад шагнал болж байна

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүн, МАН-ын нийслэл хот хариуцсан нарийн бичгийн даргын хувиар мэдээлэл хийж, төсвийн үрэлгэн зардлаа танах хэрэгтэйг хотын удирдлагуудад сануулсан. Энэ талаар түүнтэй дэлгэрэнгүй ярилцлаа.

-Та төрийн данхар бүт­цийн хамгийн том жишээг нийслэл гээд байгаа. Цөө­лөх боломж бий юу?

-Дэндүү харамсалтай, хэ­тэрхий үрэлгэн байдал нийслэлд харагдаж байна. Зарим хэлтэс, аж ахуйн нэгжийн тоо хоёр дахин нэ­мэгдсэн гэсэн бодит тоо бий. Хотын дарга нарт зо­риулсан бүтцээс гарч бай­­гаа зардлаар бид 680 хүүх­­дийн 20 сургууль, 30 цэцэрлэг, 40 км авто зам тавих боломжтой. Энэ чинь өөрөө их харамсалтай тоо шүү дээ. Урьд нь хийгээд болоод байсан төрийн захир­гааны орон тоог бүтэн нэмэгдүүлж, зардлаа өсгөсөн байдлаар цаашдаа явна гэдэг эдийн засаг хүндэрчихсэн энэ цаг үед байж болохгүй үйлдэл.

-Мэдээж татвар тө­лөгчдийн халааснаас л данхар бүтэц “хооллож” байгаа биз дээ?

-Нийслэлд шинээр тө­рийн өмчийн байгууллага байгуулж, төрийн албан хаагчдаа нэмж, төсвийн зарлагаа өсгөж байгаа. Гэтэл хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд ажилтнаа цомхотгон, үүд хаалгаа барьж, төсвөө танаж, зардлаа хэмнэж байна.

Энэ хоёр үйлдлийг харьцуулахад л буруу жишиг гэдэг нь харагдаж, ухаалаг төртэй, цаашдаа энэ байдлыг таслан зогсоох нь зүйтэй гэдгийг илтгэж байгаа юм. Уг нь баялаг бүтээж, ажлын байр нэмэгдүүлж, төрийн ажлыг нуруун дээрээ үүрч яваа хувийн хэвшлийг дэмжиж ажиллах нь юу юунаас чухал болоод байна. Нөгөөтэйгүүр ажлын байрыг нэмэг­дүүлнэ гээд төрийн захиргааны зардлыг өсгөж, төрийн албан хаагчдын орон тоог олшруулна гэдэг зохисгүй үйлдэл. Энэ бүхний эхлэл бол төрийн албыг төрлийн алба болгож байгаа явдал юм. Нэмээд хэлэхэд төрийн алба халамжийн, цаашлаад шагналын алба болж байна. Тиймээс бид цаашид төрийн энэ данхар бүтцийг багасгах, үргүй зардлыг танах чиглэлээр байнга мэдээлэл хийх болно.

-Нийслэлийн төсвийн үрэлгэн зардлын тухайд тодорхой тоо баримт дурьдвал ямар хэмжээнд байна?

Тал талх, ургамлын тос 3/1-ээрээ савлагдсан байна. Бүх зүйл жижгэрчихлээ.

-Цалингийн зардал болох 24.4 тэрбум төгрөг 100 хувь нэмэгдсэн. Мөн хогны ногоон уутанд хоёр он дамжаад төсөвт суусан мөнгө нь 13.6 тэрбум төгрөг болж байна. Энэ бүхэн татвар төлөгчдийн мөнгөнөөс гарч байгаа гэдгийг онцлох хэрэгтэй. Өнөөдөр илүү ухаалаг, илүү шийдэлтэй, илүү хариуцлагатай байхыг цаг үе биднээс шаардаж байгаа. Гэтэл данхар төрийн хамгийн тод жишээ нь нийслэл Улаанбаатар хот, түүнийг дагасан есөн дүүрэг болчихоод байна.

-Эрх баригчид үүнийг харахгүй байна уу. Эсвэл харсан ч засахыг хүсэхгүй байна уу?

-АН цөөнх байхдаа төсвийг хэмнэе, төрийн албан хаагчид болон яам тамгын газрынхны унаж байгаа жийпийг төрийн хэрэглээнээс хасъя гэж уриалж байсан. Гэтэл одоо яам, тамгын газрын дарга нар, нийс­лэлийн улсын үйлдвэрийн газар, орон нутгийн улсын үйлдвэрийн газрын дарга нар гээд бүгдээрээ жийп машинтай.

Бүх зардлаа төрөөс гаргуулдаг ийм л тогтолцоо нүүрэлчихээд байна. Тиймээс сөрөг хүчний зүгээс үүнийг хүчтэй шахаж, шаардаж, эрх баригчдын мөрийн хөтөлбөрийг сануулна.

-УИХ-аас төсвийг 30 хувиар танах үүрэг өгөөд байгаа. Энэ хүрээнд нийслэлээс хэчнээн төгрөг хэмнэгдэх бол?

-Төсвийн зардлыг 30 хувиар бууруулах үүрэг өгчихсөн. Би үүнийг зөв зүйтэй шийдэл гэж харж байна. Нийслэлийн хувьд зардлаа танаснаар нэлээд боломжийн тоо гарах учиртай. Би яг нарийвчилж гаргаж амжаагүй байна. УИХ-ын гишүүн хариуцлагатай байх ёстой. Тиймээс бодитой тоо хэлнэ. Ер нь 100 хувь нэмэгдсэн цалингийн зардлыг бууруулснаар багагүй мөнгө хэмнэнэ.

-Нийслэл данхар бүтцээ цомхотгож, үргүй зардлаа хэмнэснээр төсөв дээр ирэх зардал хэдий хэмжээгээр буурах дүр зураг харагдаж байгаа вэ?

-Захиргааны орон тоог хассанаар боломжийн хэмжээний зардал мөнгийг төвлөрүүлэх боломжтой. Жишээ нь 10 орчим тэрбум төгрөг цалингийн зард­лаас гарна. Мөн орон нутгийн өмчит үйлд­­вэрийн газар, нийслэлийн өмчит үйлд­вэрийн газруудыг нэгтгэж, орон тоог нь цомхотгосноор тэр хэмжээний тоо гарах байх. Гэхдээ нарийн мэдээллийг бид нийслэлийн бүлгийн удирдлагуудтай ярилцаж байгаад дахин хэлж болно.

-Ийм хэмнэлт хийх санаачилгыг нийслэлийн удирдлагууд хэрхэн хүлээж авч байгаа вэ. Ер нь боломжтой гэж үзэж байна уу?

-Боломжтой. Ухаалаг төр лүү явахын тулд Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт хийхийг Ерөнхий сайдад үүрэг болгочихсон учраас энэ бүрэн боломжтой. Хийх хугацааг нь энэ оны наймдугаар сарын 1-ний дотор гэж тогтоосон.

-Цалингийн зардлыг хасна гэхээр төрийн албан хаагчид халагдана, эсвэл цалинг нь багасна гэсэн үг. Энэ нь бас л асуудал дагуулна даа?

-Төр захиргааны ажлын байрыг нэмс­нээрээ ажлын байр нэмэгдүүллээ гэж үзэж болохгүй. Үүний оронд хувийн хэвшлийг дэмжиж ажиллах ёстой. Жижиг бизнес эрхлэгчдээ бүрэн дүүрэн дэмжиж, тэндээ ажлын байр бий болгох нөхцөлийг бүрдүүлэх нь чухал.

-Иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа тал дээр та ямар бодолтой байгаа вэ?
Жижиг бизнес эрхлэгчдээ бүрэн дүүрэн дэмжиж, тэндээ ажлын байр бий болгох нөхцөлийг бүрдүүлэх нь чухал.

-Манай улсад бол бодит хямрал нүүрлэчихсэн. Тал талх, ургамлын тос 3/1-ээрээ савлагдсан байна. Бүх зүйл жижгэрчихлээ. Энэ бол хямралын хамгийн том илрэл. Үүнээс бид яаж гарах вэ гэвэл гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулах, өрийн босгыг нэмэх юм. Өмнө нь авсан зээлүүдийн зарцуулалт тодорхой бус байхад дээрээс нь нэмж зээл авна гэдэг бүтэшгүй зүйл. Одоо Монгол Улсын авчихсан өрийн нэг иргэнд ногдох тоо нь таван сая орчим байгаа. Дахиад нэмж зээл аваад 10 сая хүргэх гэсэн төсөөлөл байж болохгүй. Бид үүний эсрэг хатуу байр суурьтай байгаа. Өмнө нь болоод байсан учраас төрийн бүтцээ цомхотгоод, зардлаа ашигтай болгож чадвал бид энэ хямралыг бүрэн дүүрэн давах чадвартай.

-Төсвийн зардлыг хэмнэнэ л гээд байгаа өнөөгийн эдийн засгийн хямралыг хэрхэн давах бол?

-Эдийн засгийн хямралтай холбоотой асуудлыг илүү ухаалгаар шийдэх ёстой. Бодит нөхцөл байдлаа зөв дүгнэж, эдийн засгийн хэмнэлтийг бий болгох нь зүйтэй. Бид хэмнэж байж, хуримтлал бий болгож хямралаас гарна. Онолын хувьд ийм л ойлголт байдаг. Үүнийг дагах хэрэгтэй. Олсныхоо хэрээр бүтцээ томсгоод, үрэлгэн загнаад байвал тэр хэмжээгээр зардал өсч, төрийн ажил ч цалгардана.

Ялангуяа хороодод ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажлын хүртээмжийг сайжруулах чиглэлд анхаарах хэрэгтэй. Би УИХ-ын гишүүний хувьд долоо хоног бүр нийслэлийн нэг хороон дээр ажиллаж байгаа. Эндээс харахад бид илүү ухаалаг, зөв бүтэцтэй, чадварлаг байх ётой. Тэгж байж цаашаа явна гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа. Монгол төр хариуцлагатай, илүү цэгцтэй, зохион байгуулалттай байх ёстой.