Яагаад НӨАТ-ын босгыг 200 сая биш, 50 сая болгох гэж байна вэ?
Сангийн сайд Ч.Улаан
2014.05.23

Яагаад НӨАТ-ын босгыг 200 сая биш, 50 сая болгох гэж байна вэ?

Сангийн сайд Ч.Улаан УИХ дахь төсвийн байнгын хорооны хуралдаанаар НӨАТ-ын хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх явцад ямар байр суурьтай байсныг тоймлон хүргэе.

Тус хуулийг өнгөрсөн жил УИХ-ын гишүүдээс өргөн барьж НӨАТ төлөгчийн босгыг 200 сая болгох санал дэвшүүлсэн. Гэхдээ өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газраас боловсруулан НӨАТ төлөгчийн босгыг 50 сая болгохоор болсон байна.

Энэ талаар Сангийн сайд Ч.Улаан хэлэхдээ:

“Эдийн засгийг эрчимжүүлэх энэ зорилтын хүрээнд татварын багц хуулиудыг өргөн барьж байна. Эдгээр нь бүгдээрээ эдийн засаг, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хуулиуд. Өнөөгийн нийгэм эдийн засгийн хурдацтай өөрчлөлтийг даган татварын хууль тогтоомжийг шинэчлэх шаардлага бий болсон.  

Хуучин татварын хуулиар явах нь олон учир дутагдалтай байгаа. Тухайлбал ойлголтын зөрүү үүсч, татвар төлөгчтэй ойлголцохгүй байх, улмаар татварын үйл ойлголцол бий болгох зэрэг асуудалтай. Иймд бизнесд ээлтэй орчин бүрдүүлэх, татварын энгийн ойлгомжтой тэгш шударга байх зарчмыг хангах эдийн засгийн өсөлтийг дэмжих, олон улсын жишигт нийцүүлсэн тогтвортой орчинг бий болгоход, НӨАТ-ын тухай шинэчилсэн найруулгын зорилго оршиж байна. НӨАТ-ын тухай хуулийн төсөлд дараах өөрчлөлтүүдийг тусгасан.

  1. Албан татвар төлөгчийн төлсөн татварын 20 хувийг буцаан олгох
  2. Албан татвар төлөгчөөр орох босгын хэмжээг эдийн засаг, инфляцийн өсөлттэй уялдуулан, оновчтой тогтоох
  3. НӨАТ-ын падааныг электрон хэлбэрт оруулах
  4. Хариуцлагатай холбоотой зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх
  5. Татварын энгийн ойлгомжтой байх зарчмын хүрээнд хоёрдмол агуулга бүхий зарим нэр томьёо, тухайлбал албан татвар төлөгч, суутгагч, зэргийг нэг мөр оновчтой тодорхойлсон зэрэг болно
  6. Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа эдийн засгийн эрчимжилтийг нэмэгдүүлэх аяны хүрээнд хуулийн төслийг багц болгон өргөн барьж байна.
Гишүүдээс хууль өргөн баригчид тавьсан асуулт, тодруулга: НӨАТ-ын босгыг 200 сая болгоогүй шалтгаан юу вэ. Яагаад заавал 50 сая гэж тогтох болов оо?

Сангийн сайд Ч.Улаан: “Шинэчилсэн хуулийн концепциор авч үзвэл НӨАТ-ын босгыг өөд нь өргөх нь НӨАТ төлөгчдөд өөрсдөд нь ашиггүй  эдийн засгийн нөхцлийг үүсгэнэ.  Ер нь босгыг өөд нь өргөж болно, гэхдээ сайн дураар НӨАТ төлөгч болох сонирхол илүү давамгайлах уу.  Иргэд эцсийн эцэст НӨАТ төлдөг учир, ард иргэдийг бараа үйлчилгээ худалдан авсныхаа төлөө НӨАТ-ынхаа 20 хувийг буцаан авах ёстой.

Ингэснээр НӨАТ маань хяналтын татвар гэх агуулгадаа илүү нийцнэ. Тийм учраас 50 сая байх уу, 100 сая байх уу гэдэг дээр зарчмын маргаан үүсгэх хэрэггүй. Хэлэлцүүлгийн явцад өөрчлөөд явах боломжтой.