Монголын хүнсдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа
2014.05.26

Х.Гиймаа: Валютын ханшны өсөлтөөс болж зарим үйлдвэр 13-14 тэрбумын алдагдал хүлээсэн

Улсын хэмжээнд нийт 1400 хүнсний үйлдвэр ажиллаж байна. Эдгээр үйлдвэр техник, технологио шинэчилж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж байгаа ч эдийн засгийн хүндрэлийг даван туулах чадвар сул байна. Засгийн Газраас импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд хүнсний салбараас 17 төслийг шалгаруулсан ч санхүүжилт нь хүлээлт үүсгээд байна.

Өнгөрсөн оноос Монголд Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль хэрэгжиж эхэлснээр хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн хариуцлага өндөрсөж, бүтээгдэхүүний чанар стандарт сайжрахад тодорхой нөлөө үзүүлж байгаа. Хууль эрх зүйн орчноос гадна бизнес эрхлэгчдэд тулгардаг нэг хүндрэл бол татвар. Түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шат дамжлагыг үйлдвэрлэгчид өөрсдөө хариуцдаг. Түүнээс гадна бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай туслах материалаа импортоор авах, дотоодод эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг давхар давхар татварын дарамт ирдэг.

Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа

Татварыг гааль дээр биш, дотоодод бүтээгдэхүүн гаргах явцад ноогдуулж байвал үйлдвэрлэгчдийн маань мөнгөн гүйлгээ, санхүүгийн байдалд дэмжлэг болно.

Ханшийн өсөлтөөс үүдсэн инфляцийн өсөлтөнд хувийн хэвшлийнхэн, тэр дундаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчид хамгийн ихээр өртөж байна. Өнгөрсөн оны байдлаар долларын ханш 1300-1400 –д хүрсэн ч он гараад эдийн засаг тогтворжино гэсэн хүлээлт хувийн хэвшлийнхний дунд бий болсон. Тодруулбал УИХ-аас 2014 оны төсвийг долларын ханш 1380 төгрөг байхаар баталсан нь хувийн хэвшлийнхэнд найдлага төрүүлсэн. Гэвч хямралд бэлэн бус байсан олон жижиг дунд үйлдвэрүүд хаалгаа барьсаар байна.

Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа

Үйлдвэрлэгчид валютын ханшны зөрүүг нөхөхийн тулд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмье гэж бодъё. Гэтэл иргэдийн худалдан авах чадвар улам муудсаар байна. Том жижиг гэлтгүй үйлдвэрлэгчдэд хүндрэл тулгарлаа. Долларын зээлтэй хүмүүст бүр ч хэцүү. Зарим томоохон үйлдвэрүүд валютын ханшнаас болж 13-14 тэрбумын алдагдал хүлээсэн.

Валютын үнэ долларын зээлтэй хүмүүст хамгийн хүнд цохилт болсон.

Засгийн Газар эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийг эхлүүлсэн. Уг ажлын хүрээнд санаачилсан импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих 17 төслийн санхүүжилтыг яаралтай шийдэхийг Хүнсчдийн холбоо хүсч байна.