Эрчим хүчний форум
2014.05.26

М.Сономпил: Эрчим хүчний салбар төр-хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлана

Цаашид одоо байгаа эрчим хүч үйлдвэрлэлийн хүчин чадлаар улс орны бүх хэрэгцээг хангах боломжгүй. Тиймээс манай улс дэлхийн жишигт нийцсэн станциудыг байгуулсаар байна.

Энэ нь эрчим хүчний салбар төдийгүй эдийн засагт бүхэлд нь үр өгөөжөө өгөх давуу талтайг салбарынхан онцолж байна. Мөн нар, салхи зэрэг эрчим хүчний нөөцийг ашигладаг сэргээгдэх эрчим хүчний станциудыг байгуулж байна. Тухайлбал 53 мгв бүхий салхин станцийг Сайншандад барих ажлыг эхлүүлсэн. Цаашид нарны болон усан цахилгаан станци барих төслийн ажил явагдаж байгааг салбарын сайд хэллээ.

Эрчим хүчний сайд М.Сономпил:

Эрчим хүчний асуудлыг зөвхөн төр даана гэвэл дийлэхгүй. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар ажиллах ёстой. Аймггийн станциудын барилгын ажлыг хувийн хэвшилтэй хамтарч, томоохон хүчин чадлын станциудын асуудлыг концессийн журмаар гүйцэтгэх бодлогын шийдвэр гарсан. Сая батламж гардууллаа. Олон жил яригдсан тавдугаар цахилгаан станцийн ажил урагшилж байна. Багануурт цахилгаан станци барих ажил эхэлж байна. Мөн Таван толгойд 450 мгв-ын станци барих төсөл хэрэгжиж байна.

Салбарын яамнаас энэ онд нийслэлийн дулааны цахилгаан станциудын хүчин чадлыг нэмэхээр болсон. Гуравдугаар ЦС-ийг 50 мгв-аар, дөрөвдүгээр ЦС-ийг 120 мгв-аар өргөжүүлэх ажлыг хийжээ. Түүнчлэн эрчим хүчний тарифын асуудлаар эрчим хүчний зохицуулах хорооноос ямар арга хэмжээ авах талаар ярилаа.

Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Д.Бассайхан:

Гадны хөрөнгө оруулагчдыг татахтай холбоотой Монголд цахилгаан станци барихаар хөрөнгө оруулж буй, дамжуулах, түгээх шугам барьж буй гадны хөрөнгө оруулагчдын үнэ тарифын асуудал, орон нутагт хэрэгжиж буй хувийн хөрөнгө оруулалтын үнэ тарифын асуудлаар яамтай хамтарч гэрээ байгуулах ажил хийгдлээ. Эрчим хүчний зохицуулах хороо олон улсын жишигт нийцсэн тарифын бодлогыг хэрэгжүүлэхээр болж байна.

Дэлхийн өндөр хүчин чадалтай станциудын ихэнх нь усан болон цөмийн цахилгаан станциуд байдаг. Харин манай улсын хувьд уран олборлох ажил эмзэг асуудал учраас цөмийн цахилгаан станци барих ажил тодорхойгүй байна.