Баасанхүү.О 2014.05.26 | Телевиз: МҮОНТВ

Зөрчлийн тухай хууль батлагдвал мөнгөтэй хүмүүсийн талд үйлчлэх болно

Парламентын хэлэлцүүлэг нэвтрүүлэг

МҮОНТ-ийн парламентын хэлэлцүүлэг нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн О.Баасанхүү оролцлоо.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Миний бодлоор Зөрчлийн тухай хуулиар хуулийн этгээд мөн үү үгүй юу гэдгээр бус мөнгөтэй хүмүүс нь зөрчил гэсэн ангилал руу ороод мөнгөө төлөөд гараад явчихна. Харин мөнгө муутай хүмүүс нь яланд унах болно. Ийм зүйл байж болохгүй. Хууль санаачилж буй хүн онолоос гадна бодит амьдралд ямар байх, ямар хор үр дагавартай байх талаар бодох ёстой. Хуулийн төслийг УИХ-аар сайн ярилцана гэсэн боловч боловсруулах хоёр жилийн хугацаандаа сайтар ярилцсан гэж байна.

Ийм байдлаар ард түмнийг төөрөгдүүлэх хэрэггүй. Хуулийн төслийг эргүүлэн татаж, тусгай ажлын хэсэг томилж сайжруулах хэрэгтэй. Бид өөр хоорондоо дэмий яриад ард түмэнд хүрэхгүй. Би өмгөөлөгч байсан хүний хувьд уг хуулийн төсөл Монголын бүх иргэдийг гэмт хэрэгтэн болгоно гэдгийг хэлмээр байна. Нэг бол Гэмт хэргийн хуулийн гэмт хэрэгтэн, эсвэл Зөрчлийн хуулийн гэмт хэрэгтэн болно. Гэтэл Үндсэн хуулинд шүүхээр гэм буруугүй нь тогтоогдвол хэнийг ч гэм хэрэгтэн гэж үзэхгүй гэж заасан байгаа. Үүнийг л бид бодох ёстой.