Содбаатар.Я 2014.05.27 | Сонин: Үндэсний Шуудан

Я.Содбаатар: Засгийн газар бизнес рүү хийж байгаа "цахилгаан дайн"-аа зогсоох ёстой

Я.Содбаатар: Засгийн газар бизнес рүү хийж байгаа "цахилгаан дайн"-аа зогсоох ёстой
УИХ-ын гишүүн Я.Содбаатар

Я.Содбаатартай ярилцлаа. Тэрээр Ашигт малтмалын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн юм.

-Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байгаа. Та ажлын хэсэгт ажиллаж байгаагийн хувьд хуулийн төсөл нийгмийн хүлээлтийг хангаж чадахуйц болсон гэж үзэж байна уу?

-УИХ намрын чуулганаар төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгээ баталсан. Энэ баримт бичгийн дагуу ашигт малтмалын салбарт эрх зүйн томоохон өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Хөрөнгө оруулагчид, бизнесмэнүүд, ард иргэдийн зүгээс хүлээлт ч байгаа. Тиймээс хуулийн төслийг нийгмийн хүлээлтэд таарсан, бодлогын баримт бичигт тохирсон боловсронгуй болгох ёстой. Гэтэл Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд хэд хэдэн маргаантай заалт байна. Нэгдүгээрт, стратегийн орд газрын тодорхойлолтыг өөрчилж стратегийн ордод төрийн оролцоо тодорхойгүй байхаар томьёолжээ. Тухайлбал, өмнө нь тухайн ордыг эзэмшиж байгаа компанийн 50 хувийн хувьцааг эзэмшдэг байсан бол одоо тухайн ордын ашгийн буюу үр өгөөжийнх нь 34 ба 50 хувийг эзэмшихээр зохицуулсан. Би жишээ хэлье. Оюутолгойн төсөл дээр Монгол Улс өнөөдөр хувьцааны 34 хувийг эзэмшиж байгаа. Хэрвээ өнөөдрийн хүчин төгөлдөр гэрээний нөхцөлөөр ашгийн Оюутолгойн өөрсдийнх нь гаргаж байгаа саналаар 86, Засгийн газрын тооцоолсноор 53 хувийг эзэмшиж байгаа. Өмнөх хуулийн 34 хувь гэдэг одоогийн хуулийн төсөлд заасан томьёоллоор 53 хувьтай тэнцэж байгаа юм. Тэгэхээр асар зөрүүтэй ойлголт байгаа биз. Нөгөө талаас эдийн засгийн үр өгөөжийг хаанахын ямар тооцооллоор авч явах вэ гэсэн маргаан ордын хөрөнгө оруулагч, Засгийн газрын маргааны гол сэдэв байсаар ирсэн. Гэтэл үүнийг нэг мөр шийдвэрлээгүй байхад ийм тодорхойгүй томьёоллоор стратегийн ордуудын хувь заяаг шийдэх гэж байгааг буруу гэж үзэж байгаа.

-Хайгуулын лиценз олгох үйл явцад ч тодорхойгүй заалт оруулсан гэж шүүмжилж байсан. Үүнтэй санал нэгдэж байгаа юу?

-Санал нэг байлгүй яах вэ. Хайгуулын тусгай зөвшөөрлийг зогсоогоод тав дахь жилдээ орж байна. Үүнтэй холбоотойгоор маш олон хөрөнгө оруулагчид хохирч, геологийн салбар уналтын байдалд орчихсон. Тиймээс хайгуулын лицензийг шинээр олгодог болох, хүчингүй болгосон лицензээ эргэж сэргээх нийгмийн хүлээлт байгаа. Гэтэл хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтыг дөрвөн янзаар олгож төрийн захиргааны байгууллага, төрийн албан хаагч, түшмэдийн оролцоог нэмэгдүүлсэн олон заалт нэмжээ. Хуулийн төслөөр бол төр хувийн хэвшлийн түншлэл буюу концессын гэрээгээр, хэн түрүүлж өргөдөл гаргаснаар, сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагаар гэсэн хувилбараар олгох юм.

Гэтэл аль тохиолдолд нь ямар хувилбарыг хэрэглэх нь нэн тодорхойгүй. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн талбай дээр төр хувийн хэвшлийн түншлэлээр гэж бичсэн мөртлөө давхар дуудлагаар худалдаж болохоор, зарим үед сонгон шалгаруулалт явуулж ч болохоор хоёрдмол утгатай заасан. Энэ нь эргээд төрийн албан хаагчийн оролцоо нэмэгдэх, ингэснээр хүнд суртал, хээл хахууль авч, өгөлцөх үүд хаалгыг нээх вий гэсэн болгоомжлол ч бий.

Угаасаа хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход хүнд сурталтай заалт байгаа.

Угаасаа хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход хүнд сурталтай заалт байгаа. Ордыг эзэмшиж байгаа аж ахуйн нэгж хэсэгчлэн болон бүхлээр нь бусдад шилжүүлж болохгүй, талбайн 10 хувийг гурав дахь жилийнхээ төгсгөлд улсад буцааж тушаана. Зургаа дахь жилдээ 20 хувийг буцааж өгнө гэх зэргээр хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, хөрөнгө оруулагчийг үргээж болзошгүй заалттай. Тиймээс л хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, иргэд, байгаль орчны чиглэлийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай өргөн хэмжээний хэлэлцүүлэг явуулж нийгмийн зөвшилцлийн хүрээнд төслийг баталж гаргах ёстой гэж үзээд байгаа юм.

-Та ажлын хэсгийн гишүүн байж дээрх саналуудаа яагаад тусгахгүй байна вэ?

-УИХ-аар хэлэлцэх эсэх нь шийдэгдээд одоо л Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Одоогоор УИХ-д хэлэлцүүлгийн эхэнд орж ирж байна. Тодорхой байр суурь илэрхийлдэг гол гол субьектүүд уг хуулийн төсөлд сэтгэл ханамжтай биш байгаа. Тэд хүнд суртал бий болгосон, өмнөх эрх зүйн орчныг муутгасан хуулийн төсөл боллоо гэж шүүмжилсэн. Тиймээс нийгмийн зөвшилцөл ойлголцлын хүрээнд энэ хууль явах ёстой. Нэмж хэлэхэд, чоно борооноор гэгчээр энэ хуулийн нэр дор Засгийн газар өөрийн эрх мэдлийг нэмэгдүүлэх санаархал явж байгаа. Тусгай хамгаалалттай бүс нутаг буюу хилийн зурваст ашигт малтмал эрж хайж олборлох асуудал УИХ- ын бүрэн эрхэнд байдаг. Гэтэл шинэ хуулиар Засгийн газрын мэдэлд байлгахаар оролдож байна. Үүний цаана тодорхой ордуудын хувь заяаг УИХ-д мэдэгдэхгүйгээр эдийн засгийн хямрал нэрийн дор ухах гэж байгаа юм биш биз гэсэн хардлага байна. Тухайлбал, энэ намар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн гарын үсэгтэй тусгай хэрэгцээнд байгаа ордуудын хувь заяатай холбоотой бичиг хэд хэдэн газарт илгээсэн тохиолдол бий. Энэ ордуудыг хуулиар далимдуулж өөрсдийн мэдэлд авахаар улайрч байгаагийн илрэл нь энэ.

-Хуулийн төсөлд хувийн хэвшлийнхэн болон бусад хүмүүсийн байр суурийг тусгахгүй, хэлэлцүүлэг хийлгүйгээр баталчих юм биш биз дээ. Сүүлийн үед ийм байдлаар хууль бат- лаад байна шүү дээ.

-Би ажлын хэсгийн хуралдаанд байр сууриа илэрхийлсэн. Эхний удаа зүүн бүсийн ард иргэдийг оролцуулж тэнд байгаа иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулъя. Мөн бизнесийнхэнтэй уулзъя гэж саналаа хэлсэн. Цаашдаа хэлэлцүүлэг хийгээд явах байх. Гэхдээ АН-ын бүлэг энэ хуулийн төслийг олон түмнээр хэлэлцүүлэхгүй нуугдмал байдалтай, ханцуйн дороо наймаалцах байдлаар батлах гэж оролдож байгаа нь харамсалтай.

-Өмнөх лицензийг цуцалж, эзэмшигчдийг нь хорьж заримд нь ял оноогоод байдаг. Тэгсэн хэрнээ лицензийг нь сэргээнэ гэх юм. Эзнийг нь шоронд хийчихээд лицензийг нь сэргээгээд авчихдаг байж болох уу?

-АН тэргүүтэй эрх баригч бүлэглэлийн хийж байгаа үйлдэлд ард иргэд анхаарлаа хандуулмаар байгаа юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бизнес эрхлэгч хүн бүр рүү дайрч довтолж, эрүү үүсгэн шалгасан, хорьсон. Хянаж, торгосоор цаг хугацаа их алдлаа. Нийт 5200 орчим аж ахуйн нэгжид эрүүгийн хэрэг үүсгэсний 3559 нь цагдаагийн байгууллагын хүрээнд шийдэгдсэн байдаг. Энэ хүмүүсийг хааж боож гадаадад зорчих эрхийг нь хассаны төлөөс өнөөдөр улс орныг эдийн засгийн гүн хямралын ирмэгт аваачлаа. Эрх баригчид улс төрийн зорилгоор бизнес, хөрөнгө оруулагч руу хийж байгаа “цахилгаан дайн”-аа зогсоох ёстой.

-Хуулийн төсөлд бизнес эрхлэгчид уурхайгаа түр нээж хаахаа хүртэл төрийн байгууллагаас асууж ший- дэх заалт орсон биз дээ?

-Бизнес эрхлэгчид уурхайгаа түр нээх, хаах, түр зогсолт хийх, аваарын нөхцөлд ажиллах энэ бүх нөхцөлд Засгийн газрын агентлагт заавал мэдэгдэх үүрэгтэй. Хэрвээ мэдэгдээгүй бол их хэмжээний мөнгөн торгууль хүлээлгэдэг болж байна. Энэ нь хувийн өмч рүү халдаж байгаа заалт.

-Тэгэхээр яах ёстой юм бэ?

-Дэмжээд тусалдаггүй юм гэхэд бидний хэрэгт бага оролц гэж хувийн хэвшлийнхэн хүсч байгаа. Тэгэхээр бизнес, хөрөнгө оруулалттай холбоотой хуулийн төсөлд бизнес эрхпэгч, ард иргэд,

судлаачдынхаа санал дүгнэлтийг авч хэлэлцүүлгийн хүрээнд ба- талж байвал гарсан хууль нь ч амьдралд хэрэгжинэ. Хуулийн мөн чанар нь сайн байна. Уг нь одоогийн Ашигт малтмалын тухай хуульд засч сайжруулах зарим зүйл, заалт бий. Нөөцийн үнэлгээг тогтоох олон улсын арга аргачлал руу шилжүүлэх, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл рүү шахаж дэмжлэг үзүүлэх гэх мэт. Геологийн салбар уул уурхайн хөгжлийн урьдал нөхцөл болдог учраас хөгжлөөрөө уул уурхайгаасаа 5-10 жилийн өмнө явдаг байх нөхцөлийг бүрдүүлэх, бие даалган хөгжүүлэх зэрэг хуулийн хүрээнд нэмэлт өөрчлөлтөөр шийдэх шаардлага байгаа. Гэхдээ хуулийн төслийг хэлэлцүүлгийн явцад нэлээн сайжруулж гаргахгүй бол өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг улам цааш нь түлхчих вий.