Л.Гантөмөр: Ардын нам арьсаа  солиод 20 жил явна гэвэл уучлаарай
2011.04.08

Л.Гантөмөр: Ардын нам арьсаа солиод 20 жил явна гэвэл уучлаарай

УИХ-ын гишүүн Л.Гантөмөртэй Сонгуулийн хуулийн талаар ярилцлаа.


-Хоёр нам нэг хэсэг
холимог тогтолцоог дэмжиж байгаад сүүлийн үед бас л гацаанд орчихлоо. Ганай намынхан хүнийг нь биш, намыг нь сонгох нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Та намынхаа баримталж байгаа энэ байр суурьтай санал нэгтэй байгаа юу?

-Бид байр сууриа маш тодорхой илэрхийлсэн.2008 оны сонгуулиас хойш пропорционалийн элемент авъя, намуудын дэвшүүлж байгаа хөтөлбөр иргэдийн дэмжлэгийг хэр авч байгаа, түүгээр нь асуудлаа авдаг тогтолцоо руу ойртуулъя гэж шийдсэн. Тэр байр суурь дээрээ хатуу байгаа. Зарим нэг гишүүд мажоритари тогтолцоогоор явахыг дэмжиж байхыг үгүйсгэхгүй. Олонх нь цэвэр пропорциональ биш юм гэхэд холимог байх нь дээр гэж байгаа. Ардын намын хувьд харин намынхаа нэрийг сольсноос хойш холимог гэж ярихаа больчихлоо. Тэд ингэж нөхцөл байдлаа өөрчилсөн нь нэр сольсонтой холбоотой болов уу гэж би хувьдаа таамаглаж байгаа юм. Гэхдээ намынх нь тодорхой удирдах байгууллагын гаргасан шийдвэрийг сонин хэвлэлээс харахад холимог системийг авъя гэсэн байр суурь дээрээ байгаа болов уу. Ингэж горьдож байна. Бидний хувьд сонгуулийн хороод ямар эрх, үүрэгтэй байх вэ гэх м.этийг нарийн тодорхой болгох зүйл их бий. Тэгэхгүйгээр хуучин Сонгуулийн хорооны тооллогыг хянахад бэрх байлаа. Өөрөөр хэлбэл, сонгууль шударга явагдах процессыг хуулиар бүрэн дүүрэн зохицуулъя л гэж ярьж. байгаа. Аль ч системээр явсан ялсан хүнээ ялагдсан нь шууд хүлээн зөвшөөрдөг тэр процессыг хуульчилж чадах юм бол том ажил болно. Энэ том ажлыг хаврын чуулганаар хийхийг оролдоно.

-Тохиролцож чадахгүй бол яах юм. Өөрөөр хэлбэл, МАН, АН хоёр байр суурь дээрээ хатуу зогссоор 2012 оныг угтвал яана?

-Ямар ч гэсэн санал хураалт явуулна. Бас нэг арга байгаа.Тэр нь улс төрийн намуудын удирдлагууд ширээний ард суугаад систем дээрээ тохиролцох, намуудын шийдвэрийг УИХ хүндэтгэлтэйгээр хүлээж авах.

-Яагаад улс төрийн намуудын саналаар шийднэ гэж?

-Сонгууль гэдэг сонгогдохыг хүсэж байгаа бүх хүнд тэгш боломжийг олгох ёстой. Түүнээс биш тодорхой намуудад эсвэл  УИХ-дөнөөдөр байгаа гишүүдэд зориулагдсан байх ёсгүй. Гишүүдийн санал дээр үндэслэнэ гэхээр төвөгтэй байдал үүсээд байгаа юм. Сонгууль дөхчихсөн байна, тодорхой хэмжээгээр тойрог руу улсын төсвийн хөрөнгө оруулалт орчихсон байгаа. Гэтэл тэрийг "Миний хийсэн ажил" гэж гишүүд эндүүрч байна. Энэ утгаараа  гишүүдийн саналаар явбал дэндүү ташаа байх магадлалтай учраас намууд ярилцаад гарсан шийдвэр дээр нь их хурлын гишүүдийн олонх байж чадаж байна уу гэдгийг л үзэх хэрэгтэй. Тэгэхээр намуудын зөвшилцлөөр нэг хийх гэж оролдоод, чадахгүй бол УИХ-ын гишүүдийн олонхоор шийддэг зарчим руу орохоос аргагүй.

-Та сая шударга сонгуулийн талаар ярилаа МАНАН гэдэг бүлэглэл шударга сонгууль гэдэг энэ үгэн дээр тоглоод, жижиг мажоритари руу орох гээд байгаа юм биш үү гэж хардаж байгаагаа Х.Тэмүүжин нарын хэд хэдэн гишүүн  хэлээд байгаа хэсэг бүлэг хүмүүсийн тохироон дээр сонгуулийн хуулийн хувилбар яригдаад байгаа юм биш үү?

-Жижиг мажоритари эсвэл томсгосон можаритари эсвэл томсгосон можаритари системээр явахыг хүсэж байгаа хүмүүс УИХ -ын гишүүд. Тойрог руугаа тодорхой хөрөнгө оруулалт хийчихсэн учраас  энэ хувилбараар явбал би дах ин сонгогдох магадлалтай гэж үзээд байгаа юм.Гэтэл тэр хөрөнгө оруулалт тэднийх биш гэдгийг ард түмэн тэртэй тэргүй мэдэж байгаа. Манай гишүүн энэ саналыг дээш нь уламжилж өгсөн юм байна гэдгээс биш хийсэн гэж хүлээж авахгүй.  Аль нэг тойрог дээр сод ухаан гаргаад, тэр нь ард түмэнд маш их таалагдсан хөрөнгө оруулалт байхгүй биз дээ. Шийдвэр хүлээж байгаа 100 ажлын нэгийг л санал болгосон байхгүй юу. Үлдсэн 99 нь байдгаараа л байна. Сонгогчид одоо байгаа гишүүдээс үлдсэн 99 өөл нэхнэ. Би л хувьдаа төсвийн хөрөнгөөр хийсэн ажлыг өөрийн хийсэн ажил болгож дараагийн сонгуулийнх нь суурь болно гэж огт итгэхгүй байгаа.

-Мажоритариас татгалзах болсон гол шалтгаан юу юм бэ. Ардчилсан нам олонд танигдсан улс төрч цөөтэй учраас намд санал өгсөн нь дээр гэж үздэг?

-Бид аль болохоор намууд бодлогоо уралдуулдаг, тэр бодлогыг нь иргэд ойлгоод, аль сайн бодлого дэвшүүлсэнд нь саналаа өгдөг тэр систем рүү яаралтай орохгүй бол болохгүй. Мажоритари системийн үед мөнгөний зодоон зогсохгүй байна. Энэ системийн хамгийн  гол аюул мөнгө болчхоод байдаг юм. Ардчилал хөгжсөн орнууд ч манай энэ замыг дайрч гарсан.Пропорционалийн элементийг агуулаад, нам нь хариуцлага хүлээдэг болоход сонгуулийн зардал буурах *юм байна. Одоогийн хуулиар нэг тойрог Дээр очоод хүмүүсийг хоёр хуваагаад, их юм хийсэн дүр эсгэж байна. Овоо тахиж, наадам хийж, нэг жижиг гүүр будаж байна. Энэ бүхэн үр дүн багатай мөртлөө маш их зардал шаарддаг. Гэтэл зарим нь улайм цайм мөнгө тараадаг. Мөнгөний уралдаан нь сүүлдээ УИХ-ын гишүүний албан тушаал хууль тогтоох гэхээс илүү баян хүмүүсийн мөчөөрхдөг, өөрийгөө гайхуулах хэрэгсэл болчих аюул байна.

-Нэг хэсэг холимог тогтолцоо гэж ярьж байсан ч бас л санал нэгдэж чадсангүй. Ардын намын дараагийн нэр дэвшигчид тодроод, бэлтгэлээ хийж байна гэсэн. Ардчилсан намд ч ийм байгааг үгүйсгэх аргагүй. Тэгэхээр олон хүн цаашаа мажоритариар явах юм байна гэж бэлтгээд байгаа юм биш үү?

-Мажоритариар явна гээд бэлтгэлээ базааж байгаа хүмүүсийг үгүйсгэх аргагүй. Анхан шатанд очоод намын ажлаа сурталчлаад, ажил хийж байгаа хүмүүсээ дэмжиж, тэр жагсаалтад оруулна. Огт ажил хийдэггүй, хувиа хичээсэн хүмүүсийг оруулахгүй. Ард иргэдийн дуу хоолойг намдаа хүргэх, намынхаа ажлыг иргэдэд хүргэдэг байх ёстой. Тэгж ажиллаж байгаа хүмүүст буруу өгөх аргагүй.

-Хоёр нам өөр өөрсдийн байр суурь дээрээ бат зогссоноос Сонгуулийн хууль урагшлахгүй байна. Энэ байдлаас харахад хаврын чуулганаар Сонгуулийн хуулийг багтаж хэлэлцэж амжихгүй янзтай. Ер нь амжуулах боломж байгаа юу?

- Амжуулах боломж бүрэн байгаа. Манай улс төрийн намууд илүү хариуцлагатай хандах хэрэгтэй. Намуудын санаачилгаас их юм шалтгаална. Зарим гишүүд сэмээрхэн гулсуулж байгаад энэ хуулиараа орчихъё гэсэн саналтай байхыг үгүйсгэхгүй. Тийм ч учраас энэ асуудал өнөөдрийг хүртэл дорвитой газар авахгүй байгаа юм болов уу гэж би харж байна л даа. Тэгэхээр баттай хэлэхэд хэцүү ч миний хүсэж байгаа зүйл энэ хуулийг батлуулахын төлөө ямар ч компанит ажилд ороход бэлэн байна.

-Сонгуулийн тогтолцоог өөрчлөхөд Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай гэж яриад байгаа.Тиймдээ ч энэ хоёр хуулийг өөрчлөх тухай зэрэг ярьж байна?

-Үндсэн хуулийг өөрчлөх ямар ч шаардлага байхгүй. Сонгуулийн холимог, мажоритари, пропорциналь системийн аль иргэдийн санал егсөн шууд сонголтоор парламент бүрдэж байгаа. Үндсэн хуулийн заалт бол парламент бүрдүүлэх л заалт. Тийм учраас сонгогчид намд саналаа өгнө гэхэд намын жагсаалтад байгаа хүн л парламентад орно гэсэн үг. Шууд сонгоно гэдгийг манайхан гуйвуулаад зөвхөн Л.Гантөмөрийг сонгох ёстой гэж үзээд байгаа.Гэтэл тэр хүний өгсөн саналаар сонгогдож байвал би шууд сонгогдож байна гэсэн үг. Шууд бус гэдэг нь пропорционалиар бодогддог.

-Саяхан МАН-ын дарга бусад намын дарга нарыг цуглуулаад хоёр танхимтай парламент байгуулах талаар санал гаргалаа. Та энэ саналыг юу гэж үзэж байгаа вэ. Цаг үе нь мөн үү?

-Нэг танхимтай парламент яагаад болохгүй байна вэ гэдэг тайлбар их чухал.Тэр тайлбар үндсэндээ байхгүй байна лээ. Миний харж байгаагаар өнөөдрийн парламентын тогтолцоо юун дээр буруу байгаа юм бэ гэдгээ нэгдүгээрт ярих ёстой. Надад үүнээс илүү хариуцлагын, эрэг шургийн асуудал байх ёстой гэж үзэж байгаа. Цагаар жишээ авья л даа. Цагийн үндсэн схем нь зөв байгаа хэрнээ дотор нь байгаа олон эрэг шураг нь мөлийчихсөн, давхардчихсан, зогсчихсон. Тэрийгээ янзлахгүйгээр бид цагийнхаа өнгийг будаад тэр цаг явах уу үгүй юу. Тийм учраас бид парламентын зарчмын шинэ шийдэл хайхын оронд өнөөдөр бугшчхаад байгаа асуудлаа шийдэх шалтгаанаа гүйцэд гаргах л хэрэгтэй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал бол УИХ, Засгийн газрыг салгая л гэж байгаа юм. Засгийн газар Их хурал дээр дэндүү жин дараад, бүрэн эрхэд нь халдаад байгаа. Тэрнээс яг дээд, доод танхим гэдэг нь өөрөө Монголын хөгжлийн гаргалгаа гэж харагдахгүй байгаа. Зүүж байгаа цагийнхаа гадна галыг солиод, том бага зүүнийхээ. өнгийг өөрчилж байгаа юм биш үү. Арьсаа солиод цаашаа 20 жил явна гэвэл уучлаарай л байна. Гол хийх ажил бол авилгал, хээл хахууль, хариуцлагагүй байдал, залхуурал, архидалт, ядуурал, мөнгөний уралдаан, ялгаварлан гадуурхал, боловсролын систем, эрүүл мэндийн системийн доройтол гэх мэт энэ бүх болохгүй зүйлийн эх сурвалж ямар ч байсан парламент биш. Тэр дундаа нэг танхимтай байгаа тогтолцоо нь лав биш. Тогтолцоогоороо тоглоод яваад байх юм бол цаашлаад ардчилалд итгэх итгэл алдарна. Уг нь 76-г сонгодог зарчим нь өөрөө тунгалаг болох нь хамгийн чухал биз дээ. Дээд танхимтай болсон ч ялгаагүй 76-г сонгож л таараа, эд нар төрөө барьж л таараа. Дээд танхим яг л Ерөнхийлөгчтэй адил хууль буцаах л эрхтэй. Өнөөдөр ард түмэн 76 тойргоос гарсан 76 хүнд дөрлүүлж байгаа бол хоёр танхимтай болбол 36О тойргоос гарсан 360 хүнд дөрлүүлнэ л гэсэн үг. Тэгэхээр байгаа дутагдал, мөн чанарынхаа учрыг олоогүй байж шинэ зүйл рүү орно гэдэг явцгүй юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.