Л.Болд: Хуучны НАХЯ шиг газар бий болчихлоо
УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд
2014.05.29

Л.Болд: Хуучны НАХЯ шиг газар бий болчихлоо

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-Сүүлийн үед ар араасаа гарч байгаа баривчилгаа, буруутай нь нотлогдоогүй байхад олон сар, жилээр хорьдог байдал хэрээс хэтэрсэн талаар хүмүүс ярьж байгаа. Олны дунд яригдаж байгаа энэ сэдвийг та УИХ-ын түвшинд ха­риуцлагатайгаар мэдэгдлээ. Та ямар учраас энэ талаар Хүний эрхийн дэд хороон дээр хөндөхөд хүрэв?

-Хүний эрхийн дэд хороогоор манайд байгаа хүний эрхийн зөрчлийн талаар, тэр дундаа хорих байранд цагдан хоригдож байх хугацаандаа иргэдийн амьд явах эрх зөрчигдөж байгаа асуудлыг ХЭҮК-ийн дарга, гишүүд болон ШШГЕГ-ын хариуцлагатай ажилтнуудыг оролцуулан хэлэлцсэн юм. Нөгөө талаар УИХ-ын түвшинд хууль, шүүхийн шинэчлэл авчрах томоохон суурь хуулиудыг хэлэлцэж байна. Тэгэхээр бид өнөөдрийнхөө нөхцөл байдлыг бодитойгоор хүлээн зөвшөөрч,  үүнийг засч залруулах арга замаа хууль эрх зүйн шинэчлэлтэйгээ холбох ёстой. Бид ерэн онд хувьсгал хийж, иргэдээ айдас дор барьдаг байсан НАХЯ-ыг, хуучин нийгмийн тогтолцоог татан буулгасан. 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж, төр, иргэн хоёр тэгш эрхтэй байхаар хуульчилсан юм.

Хүнийг эрүүдэн шүүнэ, эрүүдэн байцаана гэсэн ойлголт нэрнээсээ авахуулаад хэвээрээ.

Гэтэл өнөөдөр хуу­лийн байгууллагад төр нь иргэнийхээ дээр гэсэн хандлага хэвээрээ байгаад байна. Энэ нь ялангуяа эрүүгийн хууль, байцаан шийт­гэх ажиллагаан дээр тод илэрдэг. Хүнийг эрүүдэн шүүнэ, эрүүдэн байцаана гэсэн ойлголт нэрнээсээ авахуулаад хэвээрээ. Одоо мөрдөж байгаа сталинч системээр бол хэрэгт шалгаж байгаа хүнээс мэдүүлэг авах, хэргийг хүлээлгэх гэсэн хоёрхон зүйлээр бүх амьдралыг нь шийддэг.

Сайндаа ч хүмүүсийг хориод байгаа юм биш мэдүүлэг авахын тулд л хорьдог. Тэгээд хорьж, залхааж байгаад мэдүүлэг авдаг. Мэдүүлэг авчихсан хойноо тэрүүгээр нь буруутгадаг, ялладаг. Хүн нь олдвол гэмт хэрэг нь заавал олддог. Тухайн шаардлагатай үед төр нь цаг үе хөгжил, хөдөлгөөний явцад үүсч байна уу, ямар нэг захиалгаар холбож шалгаад  хэргийг нь тулгаад өгдөг. Ийм зүйл олон жил нүдэн дээр үргэлжилж байна. Бид 1990 онд юуны төлөө хувьсгал хийсэн юм бэ. Үүнийг л өөрчлөх гэж хувьсгал хийсэн. Гэтэл хорин жилийн дараа яг хуучны НАХЯ шиг ажилладаг хуулийн байгууллагатай, түүнээсээ бүгд айдаг болчихсон байж байна. Би ерэн оны ардчилсан хувьсгалд гар бие оролцож, манлайлж явсан хүний хувьд, амиа ч алдсан хамаагүй тэр нийгмийн тогтолцоог өөрчлөх гэж зүтгэж явсныхаа хувьд өнөөгийн нөхцөл байдлыг хараад үнэхээр халширч байна. 

Ялангуяа сүүлийн үед “Бид хаашаа яваад байгаа юм, бидний зорьж байсан ардчилал маань юуг авчирч байна, хүний эрх, эрх чөлөөний асуудлыг дахиж нэг бодох цаг иржээ” гэж бодох боллоо. Бид ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоо баяр ёслолын байдалтай тэмдэглэсэн. Үнэндээ бид хариуцлагаа ухамсарлаж, үүргээ ойлгож баймааж баяр болгон тэмдэглэх ёстой гэж боддог. Одоо нийгэм нэг л айдастай түгшүүртэй, цочирдмоор болчихоод байгаа нь нууц биш.

Хүмүүсийн хэлж байгаагаас үзэхэд хэрэгт холбож, байцааж байгаа сэдэв, хэв маяг нь үнэхээр гайхаш төрүүлмээр болсон байна. Гэхдээ бид ийм байдлыг өөрчилнө. Өөрчлөхөөс аргагүй. Ард түмнийнхээ мандатаар сонгогдож, тэднийхээ захиалгаар хуулийг хэлэлцэж хийдэг бид тийм боломжийг ч олгохгүй. Төр, иргэн эрх тэгш байх ёстой. Энэ нийгмийг  бий болгочихоод эргээд иргэнийхээ дээр байдаг хуулийн салбартай болж болохгүй.

-Урьдчилан хорих төвд хоригдож байсан Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан эмнэлгийн туслалцаа авч чадалгүйгээр хорвоог орхилоо. Хууль цагдаагийн байгууллага сэжиглэн шалгаж болох ч хүний аминаас илүү үнэтэй хэрэг гэж юу байх билээ…

-Хорих байгууллагад болсон эмгэнэлтэй явдал, үүний дараах нийгмийн хариу үйлдэл, хууль цагдаагийнхны хандлагыг харахад арай л дэндүү байна. Салах ёс гүйцэтгэсэн өдөр нь байна уу,  маргааш нь шүүх хурал нь болж байх жишээтэй. Би тэнд хүн шоронд амиа алдлаа. Яаж хүний амь эрсдэхгүй, хүний эрх зөрчигдөхгүй байлгах вэ гэж асуухад албаны хүмүүс хариулахдаа талийгаач өглөө нь ахтайгаа инээж, ханиагаад л уулзсан шүү дээ гэж хариулж байгаа юм. Юу гэсэн үг вэ. Олон сараар хоригдсон хүн ах дүүсээ хараад баярлахгүй яадаг юм.

Тэдний асуудалд хандаж байгаагаас үзэхэд ойлголтын, философийн асар их зөрүү харагдаад байгаа юм. Ийм байж болохгүй л дээ. Хүн зүгээр байж байгаад үхнэ гэж байхгүй. Цаг дээрээ хүний амь ямар бөх билээ. Манай нэг УИХ-ын гишүүн надад “Би талийгаачтай хамт  ажиллаж байсан, гэмгүй найз явсан. Ажил явдал дээр нь очмоор л байна. Даанч хардагдчих юм болов уу” гэж хэлсэн. УИХ-ын гишүүн хүн ийм айдастай байхаар жирийн иргэд ямар байх нь ойлгомжтой. Би үнэхээр цочирдсон.

-Та бас хэвтрийн хү­нийг дуудаж авчруулаад бай­цаасан талаар ярьж байсан…

-Тийм ээ. Миний танилд тохиолдсон хэрэг болохоор би хэлж байгаа юм. Утасдаад ир гэхэд нь өвчтэй байгаагаа хэлэхэд заавал ир гэсэн байгаа юм. Тэгээд дөрвөн давхар руу жолооч, хүүгээрээ түшүүлээд гарсан байна лээ. Гэтэл тэдний өгч байгаа тайлбар нь манай мөрдөх алба хоёрдугаар давхарт байдаг гэж байгаа юм. Би давхрын тухайд маргах гээгүй юм шүү дээ, уг нь. Шалгах явцдаа тэр хүн нь өвчтэй байвал ирээд асууж тодруулж болдоггүй юм уу. Тэр бүх зардлыг нь тооцоод цалин мөнгө, унаа тэрэгнийх нь зардлыг өгч байгаа шүү дээ. Хүнээ боддог байвал яасан юм.

Одоо тэр хүн дуудсан ч очих тэнхэлгүй, дамнуурга дээр л очих болчихоод байгаа. Хүнийг хардаж, сэрдэж болно. Битгий шалга гэж байгаа юм биш. Гэмт хэргийг хаацайл ч гэж байгаа юм биш шүү. Хүнээ боддог, хүний эрхийг дээдэлдэг байгаасай, бас ялгавартай хандахгүй байгаасай гэж хүсч байна. Юу ч байхгүй байхад юм гаргах гээд ухаад байдаг, эсвэл гэм хийсэн нь ил байхад шалгадаггүй хуучин үеийнх шиг зүйлүүд бий болчихлоо.

-Та хурал дээр Бямбын Ринчингийн талаар жишээ бас дурдаж байсан…

-Тэр үед “Далан настанд даруулга хэрэгтэй” гэж сонины нүүр дүүрэн материал нийтлэгдээд, дараахнаас нь түүнийг нийгмээрээ түүнийг гадуурхаж эхэлсэн. Тухайн үед оршуулган дээр нь хүртэл шавь нар нь айгаад очиж чадахгүй байсан гэдэг. Тэр үед салах ёс хийхээр очсон миний аав хүртэл шалгагдсан. Нийгэмд айдас бий болчихоор хүмүүс хүртэл хөдөлж чадахаа байчихдаг. Өнөөдөр яг ийм технологи үйлчлээд эхэлчихлээ. Эхлээд тухайн хүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэм буруутай мэтээр бичиж, хүмүүсийг үүндээ итгүүлж үнэмшүүлнэ, нийгэмд хор шаар болгоно. Нэгэнт ин­гээд нийгэмдээ хог шаар болчихсон хүн шоронд цагдан хоригдоно уу, тэндээ нас барна уу хэн ч сонирхохгүй болно. Ийм байдлаар хүний эрх, эрх чөлөө, нэр төрд халддаг болоод байна.

-Одоо тэр үеийнх шиг болчихсон юм биш үү?

-Харин тэгсэн байгаа биз дээ. Ийм эмгэнэлтэй байж болохгүй л дээ. Ийм ч байлгахгүй. Дуугүй байх байсан бол бид яах гэж тэр үед хувьсгал хийсэн юм. Яах гэж үхнэ гэж явсан юм. Амьд үлдсэнээрээ өнөөдрийн ийм бусармаг байдалтай эвлэрэх юм уу. Яахав намайг баахан гүтгэж, хэрэг үүсгэх гэж оролдоно биз. Аль юмнаас айж явдаг юм.

-Сүүлийн үед АТГ-ыг гурван үсэгтэй газар гээд хүмүүс нэрийг нь хэлэхээс ч цээрлэх болж. Тухайн үед УИХ-ын гишүүд Авлигатай тэмцдэг газартай болохгүй л бол болохгүй нь гээд байгуулсан биз дээ. Өнөөдөр иргэнээсээ эхлээд их хурлын гишүүд нь хүртэл айдаг болчихсоны учир нь юу вэ?

-Авлигатай тэмцэх газар байгуулахаар хуулийг санаачлагчдын дотор миний нэр байдаг юм. Тэр үед УИХ-д байхдаа С.Оюун, Р.Бадамдамдин, Батж.Батбаяр, С.Төмөр гишүүн бид хэд гадны орнуудын туршлага судалж, Монголд ийм байгууллага л байх хэрэгтэй гэдэг дээр санал нийлж байлаа. Нийгэмд байгаа авлигыг ил болгодог, муу муухайг нь ойлгуулдаг, авлига авсан хүнийг олон нийтэд ил болгож, хор уршгийг нь дэлгэдэг байгууллагатай болохоор зорьж байсан. Түүнээс өнөөдрийнх шиг нэг хүнийг буруутгаж, гэр бүлээр нь, үр хүүхдээр нь барьж хорьдог тийм аппарат болгоно чинээ бодож төлөвлөөгүй юм шүү.

Уг нь авлигатай тэмцэх газрыг, авлигач хүмүүсийг нийтэд ил болгож зарлахад олон нийт тэднийг шахаанд оруулж, шийтгэлийг нийгэм нь өгч байх ёстой. Гэвч хуучны НАХЯ шиг газар бий болчихлоо.

Уг нь авлигатай тэмцэх газрыг, авлигач хүмүүсийг нийтэд ил болгож зарлахад олон нийт тэднийг шахаанд оруулж, шийтгэлийг нийгэм нь өгч байх ёстой. Гэвч хуучны НАХЯ шиг газар бий болчихлоо. Энэ бол бидний бодож санаж байсан байгууллага биш. Гэхдээ АТГ бол УИХ-ын өөрийнх нь байгууллага. Тиймээс алдаагаа засаад явж таарна. Эднийг ингэж авирлаж болохоор хууль тогтоомжийг нь хийгээд өгчихсөн учраас УИХ-ын буруу ч байгаа. Мөрддөг, барьдаг, байцаадаг, хүнийг шоронд суулгадаг том эрх мэдлийг өгчихсөн учраас өнөөдрийн энэ байгууллага яг тийм л байгаа хэрэг. Ингэхээр хүнлэг энэрэнгүй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан тогтолцооны маань үндсэн зарчим алдагдчихаад байна. Үүнийг бид засах ёстой.

-УИХ алдаагаа залруулах байх гэж та хэлж байна. Юу хийх вэ?

-Юуны өмнө хууль тогтоом­жиндоо өөрчлөлт оруулах хэрэгтэй. Бас хүний эрхийг баталгаажуулах хэрэгтэй. Гэмт хэрэг, зөрчлийн тухай хуулиа гаргах хэрэгтэй. Процессоо тодорхой болгох хэрэгтэй.
Байцааж шийтгэж, тамладаг, иргэнээ тагнадаг, чагнадаг  хуучин нийгмээсээ салахгүй зууралдаад аваад явж байгаа тэр бүхнийг өөрчлөх цаг болсон.

-Прокурорын дэргэд байсан мөрдөх албыг АТГ-ын мэдэлд аваачсан. Ингэснээрээ шүүх, цагдаагийн байгууллагынхан энэ газраасаа хараат боллоо гэсэн яриа ч гадуур байгаа…

-Бид 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаасаа хойш хоёр салбарт их консерватив хандсан нь боловсролын бо­лоод хуулийн салбар. Сөнөөгөөд шинээр эхлэх биш зөв голдрилоор аажимдаа амьдралын туршлагаар өөрчилнө гэж үзсэн. Хуулийн байгууллагаа өөрчилье гээд цагдаадаа эрхийг нь өгсөн. Төд удалгүй гуйвуулаад л эхэлсэн.

Та нар санаж байгаа байх Хууль зүйн сайд байсан Батчулууныг дуудаж хэрэгт холбоод л шоронд хийгээд л сүүлдээ амь насаа алдсан шүү дээ.

Дараа нь энэ бас болохгүй нь, арай тулхтайгаар нь прокурортоо эрхийг нь өгье гэсэн. Тэгж байс­наа прокурорыг бас л болохгүй байна, эрх баригчдын гар хөл боллоо гээд болиулсан. Явж явж бүх юмны гогцоо нь авлига юм байна, бие даасан газар байгуулья гээд АТГ-ыг байгуулсан.

Эрх мэдлүүдийг нь ч өгсөн, прокурорт байсан эрхийг ч өгсөн. Гэтэл одоо ийм байдалд биднийг хүргэчихээд байна шүү дээ. Цаад үндэс суурь тогтолцоогоо эрүүлжүүлэхгүй бол тагнаж чагнаж, шалгаж бүхний дээр байх эрх мэдэл нь нэг газарт төвлөрөөд байвал бас л болохгүй юм байна. Нийгэмд гэмт хэрэг бага гарч, хууль мөрдөгдөж байх ёстой. Харин энэ бүхний цаана хүний эрх зөрчигдөж болохгүй. Хуулийн шинэчлэл үүнд чиглэгдэж бай­гаа гэж ойлгож байгаа. Яригдаж байгаа хуулиудаа яаралтай батлах хэрэгтэй. Үүний тулд Хууль зүйн байнгын хороо ачаалал авч ажиллах цаг болсон. Хууль шүүхийн шинэтгэлийн хуулиудыг баталж чадвал өнөөгийн УИХ-ын түүхэн гавьяа нь энэ болж үлдэнэ шүү.

-Сөрөг хүчний зүгээс биднийг шалгаж байна, хэлмэгдүүлж байна гэж ярих нь бий л дээ. Харин таны харьяалагддаг нам эрх барьж байгаа энэ үед та ингэж хэлж байна гэхээр асуудал арай өөр төвшинд хүрснийг илтгэж байх шиг. Эсвэл таны ойр орчмын олон хүнийг байцааж шалгаж байгаагаас та бухимдаад байгаа юм уу?

-Энэ нь надад, миний эргэн тойронд мэдрэгдээд ингээд байгаа юм биш. Нийгэмд нэлэнхүйдээ мэдрэгдэж байгаа учраас гаргаж тавихаас аргагүй болсон байна. Намайг бол сүүлийн 20 жил тасралтгүй шалгаж байна. Үүнд ерөөсөө эмзэглэдэггүй. Нэгэнт хариуцлагатай алба хашиж байгаа хүнийг сайн ч шалгаж байх ёстой, шалгуулах ч хэрэгтэй. Нэг нам гарахаар нөгөөхөө илүү шалгадаг, өөрийн нам гарахаар арай бага шалгадаг байж магадгүй. Заримдаа өөрийн намынхан эрх барьж байхад илүү ширүүсдэг ч тал бий. Би хувьдаа шалгуулахаас айж эмээх асуудал алга. Албан тушаалтан байнга шалгуулж, хяналтад, хардлагад байх ёстой. Үүнд надад эмзэглэж байгаа юм байхгүй.

-Хэн нэгэн хүнийг баривч­лахынхаа өмнө хэвлэлээр баахан сөрөг мэдээлэл явуулж нийгмийн сэтгэлзүйг бэлддэг. Дараа барив­чилдаг болсон байна гэж та хэллээ. Үнэхээр ийм болчихоод байгаа юм уу?

-Хэн нэгэн хүнийг буруутгах болбол хэвлэлээр баахан сөрөг мэдээлэл явуулж нийгмийн сэтгэлгээг бэлддэг. Үүний дараа тэр хүнийг хэдэн жил сараар хорьж байсан ч хамаагүй болж эхэлдэг. Энэ бол тоталитар нийгмийн сэтгэлгээ юм л даа. Үнэндээ хэрэг хийсэн хүн тун цөөхөн байдаг юм.

Хэрэг хийсэн хүн явж, явж айдаггүй. Хэргээ нуухыг л боддог. Харин ихэнх хүн хэрэг хийгээгүй атлаа нэр хүндийг нь гутаахаас хамгийн их айдаг.

Нэгэнт тэр хүнийг хэрэг хийсэн гээд зарлаад гутаачихсан хойно бол хэрэг үйлдсэн тэр хүмүүстэй л адил байр суурин дээр очно. Нийгэмдээ шахагдана. Хэрэг хийгээгүй атлаа хийсэн юм шиг л буруутан болж байна. Энэ нь хүний хамгийн нандин зүйл нэр хүндэд халдаж байгаа хэрэг. Хуучин цагт дуртай хүнээ, дуртай хэргээрээ буруутгадаг байсан болохоор хүмүүс ийм нийгмийн эсрэг боссон юм шүү дээ.

Хэрэв нам төрөөс “ардын дайсан” гээд зарласан л бол тэр хүний амьдрал хэдэн үеэрээ дуусдаг байлаа. Үр хүүхэд нь сургуульд сурах эрхгүй, удмаараа дайсны үр сад гэсэн нэр зүүж явдаг байлаа.  Албан тушаалтныг шалгаж болно оо. Хэрэв буруутай нь тогтоогдсон бол шийтгээд нотолж чадахгүй бол буруугүйг нь зарлаад явах хэрэгтэй. Гэтэл найман сараар, хоёр жилээр хорьчихоод хэргээ нотолж чадахгүй үргэлжлүүлээд хориод байна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Нотолж чадахгүй атлаа өөрөө хэрэг хүлээтэл нь хорьчихдог. Сүүлдээ хүмүүс залхаад ямар ч хамаагүй хэрэг хүлээх нь ч байдаг. Өөрөөр нь хэрэг хүлээлгэх биш өөрсдөө нотолдог байх ёстой. Хэргээ өөрөө хүлээсэн ч хуулийн байгууллага тэрийг нь нотолж чаддаг жишиг байх хэрэгтэй. Гэтэл манайд яасан нь ч мэдэгдэхгүй нэг хүнийг нийгмийн хог шавхруу болгож, шавартай нь хутгаад хаядаг. Үнэндээ тэр хоригдож суухаас илүү нэр хүндээ алдана гэдэг аймаар хэрэг шүү дээ. Хүнээ авч үлдэх, хүний нийгмээ авч үлдэх нь чухал юм бол бид үүнийг л мөрдөх цаг болсон.

-Хэрэг нь нотлогдохгүй баахан хоригдож байгаад гарсан хүмүүс “За суллагдсан нь их юм” гээд л үлдэх болж. Уг нь төрөөс нөхөн төлбөр авах ёстой биз дээ?

-Уг нь тийм. Гэхдээ хүмүүс гарсандаа баярлаад л үлдэж байна. Энэ маш буруу. Хэрэг хийснийг нь нотолж чадаагүй хорьсон байцаагчид тухайн хүний зовлон шаналалд нь дүйцэхүйц хариуцлага оногдуулах хэрэгтэй. Дахиж хэзээ ч хүнийг хилсдүүлж алдаа гаргахгүй болтол нь. Үүний нөгөө талд нь гэмт хэрэгтэй тэмцэж байгаа хүмүүсийнхээ аюулгүй байдал, нийгмийн халамж, цалин мөнгөнд нь төр гар татаж болохгүй. Төрийн нэрийн өмнөөс авсан эрх мэдлээ буруу ашиглах бус Үндсэн хуулинд заасанчлан хүнлэг энэрэнгүй байхыг шаардах ёстой.

-Сүүлийн үед АТГ нь хүнийг шалгаж баривчилдаг биш соён гэгээрүүлэх ажлаа хийж байвал зүйтэй. Үгүй бол УИХ энэ байгууллагаа татан буулгавал таарна гэсэн яриа гараад байна л даа. Та үүн дээр юу хэлэх вэ?

-Бидний энэ нийгмийн гол үзэл санаа тэр шүү дээ. Жишээ нь, арван хүнийг  гэмт хэрэгт сэжиглэж шалгалаа гэхэд тэр дунд гэм буруугүй хоёр хүн байлаа гэж бодьё. Тэгвэл давын өмнө тэр гэмгүй хоёр хүний гэм буруугүйг тогтоож, эрх ашгийг нь хамгаалах л чухал. Гэтэл өнөөдрийн энэ байгаа хэлбэр нь биш байна аа гэдэг дээр хүмүүс саналаа хэлж байна. Гэхдээ яавал илүү сайн болох вэ гэдгийг ярилцаж, нийгмийн зөвшилцөл хийж байж шийдэх асуудал. Ямар ч байсан гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцдэг бас айдас хүйдэсгүй тийм нийгэм л байх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.