Бат-Эрдэнэ.Б Бямбацогт.С Тэмүүжин.Х Батхүү.Г 2014.05.30

Зөрчлийн хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Зөрчлийн хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын хуралдаанаар өчигдөр Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхлэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцууллаа.

УИХ-ын гишүүн Г.Батхүү иргэд гарцгүй газраар гүйлдэн, замын хөдөлгөөнд саад учруулдаг. Зарим улс оронд гарцгүй газраар явж байгаад автомашинд мөргүүлсэн хүнээс автомашиныг гэмтээсэн хохирлыг гаргуулдаг хууль үйлчилдэг байна. Ер нь жолооч, явган зорчигчийн аль аль талыг хариуцлагажуулах талаар хуульд хэрхэн тусгасан бэ хэмээн лавласан.

Хууль зүйн сайдын тайлбарласнаар, явган зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл торгууль ногдуулахаар Зөрчлийн тухай хуулийн төсөлд тусгасан байна. Харин явган зорчигч замын хөдөлгөөнд аюул учруулах үйлдэл хийвэл гэмт хэрэгт тооцох тухай Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд оруулсан аж.



УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Албадлагын арга хэмжээг юу гэж ойлгох вэ торгуулийн хэмжээг тооцох нэгж ногдуулна гэж байна. Монгол төгрөгөөр торгуулийг ногдуулж болохгүй юу гэсэн асуулт тавьсан.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Албадлагын арга хэмжээнд нэн тустай ажил хийлгэх гэж оруулж ирсэн. Торгуулийн мөнгө төлөх чадваргүй хүнтэй албадлагын арга хэмжээгээр харьцах боломжтой. Тэр хүмүүсээр нэн тустай ажил албадан хийлгэн хүмүүжүүлэх болон нөлөөлөх аргыг хэрэглэнэ. Төгрөгөөр торгох асуудлыг нэлээн ярьсан. Төгрөгөөр торгоно гээд баталчихвал торгуулийн үр нөлөө багаслаа гээд хуулиа байн байн засах хэрэг гарах байх гэсэн болгоомжлол байгаа юм гэсэн хариулт өгсөн юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлбэл гэмт хэрэгтэн болох уу. Зөрчил гаргасан хүнтэй хэн хариуцлага ногдуулах вэ хэмээн асуусан.Сайдын хариулснаар, Зөрчилд шийтгэл ногдуулж, гэмт хэрэгт ял оноох бөгөөд зөрчил гаргаад шийтгүүлсэн хүн ял шийтгэл эдэлсэн гэсэн үг биш аж. Сайд шийтгэл, ял хоёрын ялгааг сайн зааглаж ойлгох ёстой гээд зөрчил гаргасан хүнд гэмт хэрэг үйлдсэн гэсэн нэр хаяг зүүгдэх учиргүй хэмээсэн. Шийтгэлийг улсын байцаагчаас гадна шүүхээс ногдуулах юм байна.

 Ийнхүү хэлэлцсэний дараа санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учир төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ