Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон дүнг хэлэлцлээ
Гадаад харилцааны сайд Л.Болд
2014.06.02

Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон дүнг хэлэлцлээ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 23-25-нд ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон.

Засгийн газрын хуралдаанаар энэхүү айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.   

Ерөнхий сайд тус чуулга уулзалтын “Өөрчлөлтийн эрин үеийн харилцан итгэлцэл” сэдэвт нэгдсэн хуралдаанд оролцож, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, хоёр орны улс төр, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломж, хоёр талын хооронд яригдаж ирсэн асуудлуудыг урагшлуулах талаар өргөн хүрээнд санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрсэн нь Монгол Оросын харилцааны цаашдын хөгжилд түлхэц үзүүлнэ гэж үзэж байна.

Ерөнхий сайд Петербургт байх үедээ “Оросын төмөр зам” НХН-ийн Ерөнхийлөгч В.И.Якунин, “Ростех” корпорацийн Ерөнхий захирал С.В.Чемезов, “Росатом” корпорацийн Ерөнхий захирал С.В.Кириенко нарыг тус тус хүлээн авч уулзан Монгол Оросын хамтарсан үйлдвэрүүдийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах, ураны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрсэн нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо гэж үзлээ.