Тэрбишдагва.Д 2014.06.03 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Галын аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Галын аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2014.06.03/  хуралдаанаар Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Шинэчилэн найруулсан хуулийн төсөлд галын аюулгүй байдлыг хангуулахад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас гадна энэ чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэн галын аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа, хичээл сургалтыг ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад явуулах ажлыг шилжүүлэхээр тусгажээ. Ингэснээр төрийн зарим чиг үүргийг иргэд, төрийн бус байгууллагад шилжүүлэн, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх аж.

Сүүлийн жилүүдийн судалгаанаас харахад обьектын гал түймрийн гаралт, эрсдэл улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшил хүн амын нягтрал, хотжилт, өндөр барилга байгууламж, үйлдвэржилт зэрэгтэй шууд холбогдон эрс өсөн нэмэгдэж байгаа.

Сүүлийн 10 жилийн байдлаар гал түймрийн тоо жилээс жилд 10-15 хувийн өсөлттэй байгаа

2013 онд нийт 3819 удаагийн обьектын гал түймэр гарч төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн өмчид 10.95 тэрбум төгрөгийн хохирол учирч, гал түймрийн аюулд 53 хүн амь насаа алдан, 52 хүн түлэгдэж гэмтсэн нь өнгөрсөн 2012 онтой харьцуулахад гал түймрийн тоо 9,1 хувь, хохирол 9,4 хувиар тус тус өссөн дүн ажээ. Сүүлийн 10 жилийн байдлаар гал түймрийн тоо жилээс жилд 10-15 хувийн өсөлттэй байгаа нь иргэн, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн галын аюулгүй байдлыг хангуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхэд хууль, эрх зүйн орчныг шинэчлэх нэг тодорхой үндэслэл болжээ.

Иймд хуучин Галын аюулгүй байдлын тухай хуульд гал унтраах ангийг зөвхөн төрийн өмчит байхаар тусгасныг өөрчлөн хөрш зэргэлдээ болон бусад гадаад улс орнуудын жишгийг судлан, сум бүрт гал түймэр унтраах сайн дурын нэгжтэй байх, гал түймэр унтраах хувийн болон гэрээт ангитай байхаар тусгасан байна.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Гишүүд, гал гарлаа гэхэд гал сөнөөгчид хэдий хугацааны дараа очиж чадах, түүнийг хугацааг хэрхэн багасгах талаар тодруулж байлаа. Ажлын хэсгийн гишүүдийн хэлснээр, галын дуудлага авангуут замын хөдөлгөөний төвтэй холбогдон, гал гарсан газар уруу саадгүй хүрэх ажлыг замын цагдаа нартай хамтран зохицуулахаар хуулийн төсөлд заасан байгаа ажээ. Уг хуулийн төслийн талаар гишүүд ийнхүү мэдээлэл авсны дараа хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ