Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум хөгжлийн төлөвлөгөөгөө баталлаа
Нутгийн удирдлагын холбоо
2014.06.05

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум хөгжлийн төлөвлөгөөгөө баталлаа

Өвөрхангай аймгийн Зүүнбаянулаан сум нь  Хөгжлийн стратеги төлөвлөгөөгөө сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 4 дугаар сарын 04–ний өдрийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэж, төслийг батлав.

Сум орон нутгийнхаа хөгжлийн өнөөгийн байдалд олон талын дүн шинжилгээ хийж, хүний хөгжлийг хангаж, мал аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн 2014-2024 он хүртэлх эдийн засгийн урт хугацааны төлөвлөгөөг  Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Өвөрхангай аймгийн 2007-2015 оны Хөгжлийн бодлого, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон бусад бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан тодорхойлж сумын хөгжлийн төлөвлөгөөг иргэдийн санал санаачлагад тулгуурлан гаргалаа.

Сумын хөгжлийн төлөвлөгөөг иргэдийн санал санаачлагад тулгуурлан гаргалаа.

Төлөвлөгөөг боловсруулахдаа өөрийн нөөц бололцоонд тулгуурлан нээлттэй хэлэлцүүлэг, бүлгийн ба ганцаарчилсан ярилцлага, сургалт зөвлөгөө, санал асуулга мөн сумын ирээдүйн хөгжлийг илэрхийлсэн эссэ бичлэг, зургийн уралдаан зэрэг судалгааны аргуудыг ашиглан сумынхаа ард иргэдтэй ажилласан болно. Иймээс сумын хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулах ажил нь дан ганц нутгийн удирдлагын байгууллагын ажил бус, нийт иргэд, байгууллагуудын идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурласан өргөн хүрээтэй ажил боллоо.

Сумын Хөгжлийн төлөвлөгөөнд 5 зорилго, 24 зорилт, 35 хөтөлбөрийн хүрээнд  19126,0  сая төгрөгийн төсөв бүхий  153 төсөл хэрэгжүүлэхээр тусгасан.

Зүүнбаян-Улаан сумын хөгжлийн стратеги төлөвлөгөөг сумын ИТХурлын дарга Т.Хүрэлбаатар ахлагчтай сумын Төлөвлөлт хяналтын хороо, Засаг дарга З.Буянбадрах, Засаг даргын орлогч Б.Баасан Тамгын газрын дарга Б.Шагдарсүрэн  ахлагчтай ажлын хэсэг хамтран 2013 оны 06 дугаар сараас эхлэн 11 сарын хугацаанд боловсруулсан.

 Төлөвлөгөө боловсруулсан алхам, үйл явц
  • Сумын  иргэд, бизнес эрхлэгчид, төрийн ба төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон 37 хүнд төсөөллийн семинар, арга  зүйн сургалтыг Монголын Нутгийн Удирдлагын Холбоотой  хамтран зохион байгуулав.
  • Төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэг бүхий Төлөвлөлт, хяналтын хороог 11 хүний  бүрэлдэхүүнтэйгээр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр, төлөвлөгөөг боловсруулах, бичиглэх ажлыг гүйцэтгэх Ажлын хэсгийг сумын Засаг даргын захирамжаар 41 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.
  • Төлөвлөгөө боловсруулах ажлын чиглэл, салбар тус бүрийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, үнэлгээ дүгнэлт өгөх үнэлгээний багийг тухай бүрт нь байгуулан ажиллуулав.
  • Сумын хөгжлийн одоогийн байдалд SWOT шинжилгээ хийж, олон нийтийн үнэлгээ, санал санаачилгыг өрнүүлэх ажлыг зохион байгуулав.
  • Төрийн ба төрийн бус байгууллагууд, бизнес эрхлэгчид, иргэдийн төлөөлөл 40  хүнийг оролцуулан олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, орон нутгийн чадавхийн үнэлгээ  хийлгэв.
  • Хөдөөгийн багийн иргэд 60 малчныг оролцуулан тулгамдсан асуудал, цаашид  дэвшүүлэх зорилтын талаар санал бодлыг сонсов.
  • Сумын ИТХ-ын төлөөлөгчид, ажил эрхэлдэггүй иргэд 120 хүнээс санал асуулгын хуудсаар санал хүсэлтийг авсан.
  • Бизнес эрхлэгч 34 хүнээс бизнесийн орчны судалгааг санал асуулгын хуудсаар авав,
  • Төсвийн байгууллага бүр дээр төрийн албан хаагчдын дунд фокус бүлгийн ярилцлагыг хийсэн, Үүнд нийт 78 төрийн албан хаагч оролцсон байна.
 Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын алсын хараа

  Орон нутгийнхаа нөөц боломжид түшиглэн  хөдөө аж ахуй,  үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал, дэд бүтэц хөгжсөн, унаган байгаль, өв соёлоо дээдэлсэн, оюунлаг чадварлаг иргэд нь  ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчинг бүрдүүлсэн  сум болно.