Сайд нарын асуудал эргэлзээ дагуулсаар байна
Засгийн газар
2014.06.06

Сайд нарын асуудал эргэлзээ дагуулсаар байна

 О.Содбилэг: Өвчин туссан үед эм уугаад хэрэггүй гэж байгаатай адил

Эрх баригчдын зүгээс эдийн засгийн хүнд нөхцөл байдалд салбарын сайдыг огцруулах нь буруу гэж ярих ёсгүй.

УИХ-ын гишүүн О.Содбилэг

Энэ нь өвчин туссан байхад эм уугаад хэрэггүй өөрөө эдгэнэ гэж байгаатай л адил. Уг салбар удирдлагагүй, жолоодлогогүй яваагүй шүү дээ. Мэдээж удирдаж байгаа хүнээс нь шалтгаалж хариуцлагын асуудал яригдана. Хариуцлагын асуудалд эрх баригчдын зүгээс ингэж хандах нь буруу. Харин ҮХАА-н сайдын суудалд суух хүний нэрийг албан ёсоор зарлаагүй байгаа. Албан ёсоор зарласан үед нь манай бүлэг нэгдсэн шийдвэрээ гаргана.

Л.Энх-Амгалан: Давхар дээлтэй гишүүн байж болохгүй

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах ёстой гэж бодож байгаа. Харин ҮХАА-н шинэ сайдын асуудлаар манай бүлгийн нэгдсэн шийдвэр гараагүй. Ер нь хувь гишүүний үүднээс давхар дээлтэй гишүүн байж болохгүй гэж бодож байна.

М.Сономпил: Н.Батбаяр сайдыг огцруулах цаг нь болоогүй

УИХ-ын гишүүн М.Сономпил

Эдийн засаг хүнд нөхцөл байдалд байгааг хэн хүнгүй хэлж байна. Үүний шалтгаан нь хөрөнгө оруулалттай холбоотой гэдгийг ч мэдэж байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг татахын тулд улс төрийн тогтвортой байдлыг хангах ёстой. Ялангуяа Засгийн газар. Ингэж байж хөрөнгө оруулалт орж ирнэ. Дотроо бужигнаад байгаа нөхцөлд байдал нь хөрөнгө оруулагчид эргэлзээ үүсгэж 'байгаа. Тиймээс асуудалд ингэж хандах нь зохимжгүй. Н.Батбаяр сайдыг огцруулах цаг нь болоогүй гэж харж байна. ҮХАА-н сайдад одоо мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд л асуудлыг шийдэх ёстой. Энэ асуудлыг зөв, буруу гэх нь тохиромжгүй. Өмнөх сайд нь давхар дээлээ тайлсан гээд дараагийн хүн дан дээлтэй байх ёстой гэсэн хууль байхгүй. Асуудлыг хуулийн хүрээнд ярих хэрэгтэй.

Х.Болорчулуун: Мэргэжлийн хүнийг сайдаар томилох хэрэгтэй

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудал дээр бие даагч гишүүд нэгдсэн байр суурьтай байна. Харин одоогоор яг огцруулахад нь дэмжинэ, дэмжихгүй гэдгээ илэрхийлэх цаг нь хараахан болоогүй байна. Засгийн газарт шинээр томилох сайд давхар  дээлтэй -байна гэдэг зохимжгүй. Нэг сайд нь давхар дээлээ тайлж байхад дараагийн сайд давхар дээлтэй байна гэдэг оновчгүй л дээ. Энэ суудалд хамгийн гол нь мэргэжлийн хүн томилох хэрэгтэй.