Энэ талаар БШУ-ны сайд Л.Гантөмөр, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нараас тодрууллаа.
2014.06.06

Төсвөө хас гээд хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрөө зогсоох гэж үү?

Эдийн засаг хүнд байгаа учраас үр ашиггүй зардлыг танаж байгаа билээ. Гэсэн хэдий ч зарим яамдын зүгээс төсвөө хасах байтугай нэмэх шаардлага байгаа гэдгийг хэлж байгаа юм.

Энэ талаар БШУ-ны сайд Л.Гантөмөр, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нараас тодрууллаа.

БШУ-ны сайд Л.Гантөмөр:

“Чуулган засварлахаас өмнө төсвийн тодотгол хийнэ. Гэхдээ нарийн тооцоо судалгаа, үндэслэлтэй хийхгүйгээр орлого буурах нь гэж үзээд зардлаа юм уу, хөрөнгө оруулалтаа хасвал амжилт олохгүй. Яг манай салбарын хувьд маш хэцүү байна. Энэ жилийн төсөв батлагдсан байдлыг харахад 7-8 тэрбум төгрөг дутаж байгаа. Дутаасаар байвал олон цэцэрлэгүүд санхүүжилтээ авч чадахгүй байгаа бөгөөд боловсролын салбарын шинэчлэлд доголдол гарахаар харагдаж байна. Тийм учраас хаана илүүдэл байна, хаана нь дутагдал байна гэдгийг ил тодоор гаргахгүй бол болохгүй. Тэгэхгүй бол боловсролын салбарт төсвөө хас гэхээр “Авьяас” хөтөлбөрөө зогсоох уу, “Ном” хөтөлбөрөө зогсоох уу, хүүхэд бүрийг хөгжүүлж байгаа технологийн шинэчлэлээ зогсоох юм уу. Надад сонголт алга.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ:

“Манай салбар өвөрмөц. Халамж, даатгалыг ямар нэгэн хэмжээгээр танах, хасах боломж байхгүй. Батлагдсанаараа л явах ёстой. Ямар нэгэн хэмнэлт байхгүй. Энэ бол иргэдэд очиж буй төрийн халамж, үйлчилгээ шүү дээ. 68 төрлийн халамж үйлчилгээ үзүүлж байгаа. Даатгуулагчийн тоо өсөөд байхад үйлчилгээ үзүүлэгч төрийн албан хаагчдын ачаалал л нэмэгдэж байна”.