Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг өргөн барилаа
Хуулийн төсөл өргөн барив
2014.06.10

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийншинэчилсэн найруулгын   төслүүдийг хамтад нь  Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр / 2014.06.09 / өргөн барилаа.

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөл батлагдсанаар хууль хэрэгжих цахим орчныг бүрдүүлэхэд Олон Улсын Санхүүгийн Корпорациас техникийн туслалцаа үзүүлэхээр Хууль зүйн яамтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд уг хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт ачаалал нэмэгдэхгүй, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө барьцаалах эрх зүйн орчин сайжирна хэмээн үзэж байна.

Мөн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны бүртгэлийн нээлттэй, хурдан шуурхай, энгийн систем нэвтрэх, банк, санхүүгийн байгууллагууд хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг барьцаалан зээл олгосноор зах зээл дэх зээлийн нийлүүлэлт нэмэгдэх, энэхүү өрсөлдөөний үр дүнд зээлийн хүү буурч, хугацаа уртсан жижиг, дунд бизнес эрхлэлтэд бодитой дэмжлэг үзүүлэх юм байна. 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд бүртгэлийн цахим мэдээллийн сүлжээ /онлайн хэлбэр/-г нэвтрүүлэх эрх зүйн үндсийг тодорхой болгож, хуулийн этгээдийн нэр хайх, баталгаажуулах, бүртгэлийн болон бусад өргөдөл гаргах, өргөдлийн шийдвэрлэлтийн явц зэрэг мэдээллийг цахим хэлбэрээр авах зохицуулалтыг тусгажээ.

Мэдээллийг цахим хэлбэрээр авах зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн этгээдийн бүртгэлийг 2-3 хоногийн дотор хийж, цахим гэрчилгээг өргөдөл гаргагчдад цахим хэлбэрээр илгээх, хүссэн үедээ хэвлэх боломжийг бүрдүүлэхээр тусгасан байна. Хуулийн этгээдийн бүртгэлийн асуудлаар төрийн болон бусад байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцсоноор иргэд төрийн байгууллагад биеэр очдог чирэгдлийг багасган, бүртгэлийн байгууллага болон төрийн бусад байгууллагууд өөр хоорондоо мэдээлэл шуурхай солилцож, цаасгүй орчинд шилжих, хуулийн этгээдийн жагсаалтыг гараар хөтөлдөг байсныг цахим хэлбэрээр хөтөлдөг байхаар тусгасан тухай хууль санаачлагч дурдлаа