Ганбат.Д 2014.06.12 | Телевиз: МҮОНТВ

Галт зэвсгийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлууллаа

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2014.06.11/ хуралдаанаар Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Галт зэвсгийн тухай одоо мөрдөж байгаа хуульд сумны эргэлттэй холбоотой зохицуулалт байхгүй, галт зэвсгийн хэв загварыг өөрчлөх, үйлдвэрийн бус аргаар хийж бэлтгэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын хэм хэмжээ байхгүй аж.

Шинэ хуулиар хариуцлагын хэмжээг нэмэгдүүлэх, иргэд аж ахуйн нэгжийн өмчилж болох галт зэвсгийн техникийн үзүүлэлт тодорхойлолтыг байлдааны зориулалттай галт зэвсгээс ялгаатай тогтоох, Хууль зүйн сайд тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг бүрэн хариуцаж, хяналт тавьдаг байх, буудлага спортын чиглэлээр сургалт, тэмцээнд оролцоход галт зэвсэг, сумны эрэлт хэрэгцээ их байгаа хэдий ч улсын хилээр оруулах асуудал хүндрэлтэй байгаа зэрэг асуудлыг зохицуулан хуульчлах шаардлагатай байгаа ажээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат  “Ан хийх зориулалтаар худалдан авсан галт зэвсгийг ашиглахыг хориглох нь нэг талдаа хүний хувийн өмчид халдсан үйлдэл болж хувирах гээд байна. Нэгэнтээ хэрэглээг нь хязгаарлаж байгаа бол төрөөс нөхөн төлбөр олгодог ч юм уу, тэр талын зохицуулалт шаардлагатай” гэв.