Алтанхуяг.Н 2014.06.16 | Хэвлэл мэдээллийн алба: Засгийн Газар

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын хуралдаан

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Тус хуульд “дугаартайгаа шилжих үйлчилгээ”-г Монгол Улсад нэвтрүүлэх талаар хэсэг, заалт нэмэхээр хуулийн төслийг боловсруулсан бөгөөд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа учраас аливаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлагагүй юм.

Дугаартайгаа шилжих үйлчилгээ гэж хэрэглэгч цахилгааны холбооны үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлээс гарч бусад цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчид бүртгүүлэн хэрэглэгч болох үедээ одоогийн ашиглаж буй дугаараа шилжүүлэн хэрэглэх боломж олгох үйлчилгээ юм.

Үүрэн холбооны хэрэглэгч нь үйлчилгээ эрхлэгчийг чөлөөтэй сонгох боломжтой боловч өмнө ашиглаж байсан дугаараа зайлшгүй солих шаардлагатай болдог.

Харин дугаартайгаа шилжих үйлчилгээ нэвтэрснээр энэ асуудлыг шийдвэрлэх боломжийг олгоно.

Ингэснээр оператораа сольж байгаа хэрэглэгч бусдад дугаараа шинээр хэлэх, нэрийн хуудсаа солих үйлдлийг хийхгүй, ирж буй дуудлагыг алдахгүй, илүү чанартай үйлчилгээг авах зэрэг үр дүн гарна хэмээн тооцоолж байна.