Х.Болорчулуун: Бэлчээрийн газрыг булаацалдах тохиолдол мэр сэр гарч байгаа
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2014.06.17

Х.Болорчулуун: Бэлчээрийн газрыг булаацалдах тохиолдол мэр сэр гарч байгаа

УИХ-аар энэ долоо хоногт Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлнэ. Энэ хуулийн төслийн талаар УИХ дахь Бие даагч гишүүдийн зөвлөл ямар байр суурьтай байгааг УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас тодрууллаа.

-Газрын тухай хуулийн төслийг бие даагч гишүүд хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол Улсын газар нутгийн 70 гаруй хувь нь бэлчээрийн газар. Бэлчээрийг хувьд хүн эзэмшиж, өмчлүүлэх нь нүүдэлчний мал аж ахуй эрхэлдэг ард түмэнд тохиромжгүй.

Монгол Улсад газрыг өмчлөлөөр шийдэх нь зохистой биш гэдгийг сүүлийн 12 жилийн жишээ харууллаа

Малчид усны тунгалаг, ургамлын соргогыг даган нүүдэллэж малаа адгуулж ирсэн уламжлалтай. Манай улс бэлчээрийн даац муутай, хур тунадас бага унадаг. Тэгэхээр манай нөхцөлд бэлчээрээ зөв зохистой сэлгэж ашиглахаас өөр аргагүй.

-Хэдийгээр бэлчээрийг өмчлүүлээгүй ч малчид нутаглаж ирсэн бэлчээрээ бараг л өмчилсөн байдаг. Бэлчээрээ булаацалддаг болсон шүү дээ?

-Газар булаацалдах тохиолдол мэр сэр гарч байгаа. Харин сүүлийн үед бэлчээрээ зохистой хуваарилаад, хоорондоо зохистой харилцаад ашиглаж байна.

-Газрын тухай хуулийн төсөлд Та бүхэн ямар тодорхой санал оруулах вэ?

-Хуулийн төсөлд газрыг аж ахуйн зориулалтаар өмчилж болно гэсэн заалт оруулсан байна. Эрх мэдэлтнүүд, компаниуд үржил шимтэй газрууд, уулын ам, хормойг тэр чигт нь өмчлөөд авчихсан байгаа. Тэгэхээр энэ хуулиар бол эрх мэдэлд ойрхон байсан хүмүүс газраа эзэмшиж, түүнийгээ шинэ хуулиар баталгаажуулаад авах нь л дээ.

Хэдхэн хүн газрыг өмчлөөд авахад баялгийн тэгш бус харьцаа үүснэ. Газар бол бүхний үндэс. Тэгэхээр ийм цаг үед бэлчээрийн газрыг өмчлүүлэх нь буруу гэж үзэж байгаа.

Мөн Газрын бирж байгуулна гэсэн заалт бий. Газрыг дуудлага худалдаанд оруулах, төрийн өмчийн газрыг эзэмших, ашиглуулах дуудлага худалдаанд оруулна гэж байна.

1991 онд байгуулагдсан Хөрөнгийн бирж өнөөдөр амжилттай ажиллаж чадахгүй байна.

1991 онд байгуулагдсан Хөрөнгийн бирж өнөөдөр амжилттай ажиллаж чадахгүй байна. Газрын бирж байгуулбал бүр дампуу юм болно.

Хүн амын дөнгөж таван хувь нь их хэмжээний газрын эзэмшиж, 95 хувь нь биржийн арилжаанд орж чадахгүй. Өнөөдөр 0.07 га газраа авч чадаагүй байгаа иргэдэд бусдын газрыг авах тухай ойлголт байхгүй.

-2002 онд гарсан иргэн бүрт газар өмчлүүлэх тухай хуулийн биелэлт хэдэн хувьтай байгаа вэ?

-Дөнгөж арав гаруйхан хувьтай байгаа. Энэ жил газраа авахгүй бол хуулийн хугацаа дуусна гэж шахаад байхад л газар өмчлөхгүй байна.

Төвөөс алслагдсан, дэд бүтцээс хол газрыг аваад яах вэ гэж иргэд бодож байна. Монгол Улс өргөн уудам газар нутагтай. Монгол Улсад газрыг өмчлөлөөр шийдэх нь зохистой биш гэдгийг сүүлийн 12 жилийн жишээ харууллаа.