Берлин хот “Монголоор амьсгалж” наадав
Тус арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Л.Болд, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар оролцов
2014.06.18

Берлин хот “Монголоор амьсгалж” наадав

Монгол Улс, ХБНГУ дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 2014 оны 6 дугаар сарын 15-ны ням гарагт Берлин хотын “Хоппегартен” морин тойруулгын цэнгэлдэхэд Монгол Улсын нэрэмжит морин уралдааны өдөрлөг боллоо.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Монголын морин спортын холбооны Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ тус арга хэмжээг албан ёсоор нээв. Тэрээр нээлтийн үгэндээ Монгол Улс, ХБНГУ хоорондын иж бүрэн түншлэлийн харилцаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, монголчуудын түүх, соёл, ахуй амьдралд морины онцгой байр суурийг дурдаж, уралдаанд оролцож буй морьдын хурд, уяа сойлго нь сайхан байх, ирсэн үзэгчдэд сайхан наадахыг хүсэн ерөөв.

Тус арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Л.Болд, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Германы Бундестагийн гишүүд, Холбооны Ерөнхийлөгчийн Тамгын газар, Холбооны Канцлерын ХЭГ, Холбооны Гадаад хэргийн яам, болон бусад яамдын төлөөлөл, Дойчэ Баан, Дойче Банк, Луфтханза зэрэг хоёр орны төр, засаг, хувийн хэвшлийн өндөр түвшний төлөөлөгчид хүрэлцэн ирж өргөнөөр оролцлоо.

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор морин уралдааны ёслолын хүлээн авалтыг нээж, хоёр улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд хийж буй ажлуудыг дурдаж, монгол-германы харилцааг цаашид хөгжүүлэх боломжийн талаар санал бодлоо хуваалцав.

Берлин хотын зүүн урд байрлах “Хоппегартен” морин тойруулгын цэнгэлдэхийн ногоон талбайд хүрэлцэн ирсэн 10.000 гаруй үзэгчдийн дунд ХБНГУ-д болон Европын бусад улс орнуудад оршин сууж байгаа Монгол Улсын иргэд монгол үндэсний дээл хувцастайгаа морилон ирж, наадмын уур амьсгалд гэр бүл анд нөхөдтэйгээ хамтдаа өнгөрөөв. Тэдгээр үндэсний урлагийн уран бүтээл, уран зургийн үзэсгэлэнгээ гаргаж, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, хоол хүнсний өргөн худалдаа явуулж, эх орныхоо үндэсний уламжлал, урлаг соёл, зан заншил, хөгжил дэвшлээс таниулан сурталчлав.

Зургаан насны морь уралдсан наадамд 1000 метрийн гол уралдаанд Л.Ж. Ройтерскигийн уясан, Шведийн Вант Улсын иргэн Омар Зававийн халзан хээр "Алкохуац" морь түрүүлж наадамчин олныг баясгав. /Морин уралдааны видео бичлэгийг эндээс үзнэ үү/ Түүнчлэн монгол жокей Г.Баярсайхан удаа дарааллан айрагдаж хүрэлцэн ирсэн монголчуудаа баярлуулав.

Өдөрлөгийн үеэр монголын язгуур урлагийн “Домог” хамтлаг цуврал тоглолт хийж хүрэлцэн ирсэн үзэгчдийг цэнгээсэн бөгөөд өдөрлөгт “Berlin TV”, “Bloomberg TV Mongolia”, “Rennbahn TV” телевиз болон бусад хэвлэл мэдээллийн төлөөлөгчид хүрэлцэн ирж арга хэмжээг сурвалжлав.