2014.06.18 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

22 төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах тогтоол өргөн барилаа

22 төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах тогтоол өргөн барилаа

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.06.18/ УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж  Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурал бүрэн эрхийн дагуу төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл, хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг батлах бөгөөд нийт 22 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, өөрчлөн байгуулахаар Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгажээ.

Төрийн өмчит хуулийн этгээдүүдийн хувьчлалыг “төрийн эзэмшлийн хувийг бүрэн хувьчлах”, “төрийн эзэмшлийн хувийг бууруулах” гэсэн хоёр ангилалд хуваасан бөгөөд хувьчлалыг хийхдээ зах зээлийн тааламжит нөхцөл бий болсон, хөрөнгийн зах зээл дээр хүлээн авах чадамж бүрдсэн, хувьчлалын бэлтгэл ажил бүрэн хийгдэж дууссан үед гүйцэтгэхээр тогтоолын төслийг боловсруулсан тухайгаа төсөл санаачлагч танилцуулав,

Бүрэн хувьчлагдах хуулийн этгээдүүд

1. “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани болон “Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийг өргөтгөх, техник, технологийг шинэчлэх, зардал бууруулах, үйлчилгээний шуурхай, найдвартай байдлыг хангах зорилгоор нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар үндэсний компанид хувьчлах;

2. “Цагаан шонхор” төрийн өмчит үйлдвэрийн газрыг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах;

3. “Оргил рашаан сувилал” төрийн өмчит хувьцаат компанийг үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүй нөхцөлтэйгээр нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;

4. “Кино урлагийн дээд сургууль” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгож, татгалзсан тохиолдолд нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;

5. ”Авто импекс” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгож, татгалзсан тохиолдолд төрийн эзэмшлийн хувийг хөрөнгийн биржээр дамжуулан арилжих;

6. “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан арилжих;

7. “Монсам” төрийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувьцааг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах;

 8. “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах;

9. Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпораци, Эрчим корпораци, Армоно корпораци болон Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийг үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүй нөхцөлтэйгөөр оюуны өмчийн үнэлгээг харгалзан зөвхөн салбарын эрдэмтэн, судлаачдын багт хаалттай уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах;

Төрийн эзэмшлийн хувийг бууруулах хуулийн этгээдүүдийн талаар

 1. “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн бүтцийг өөрчлөн зохион байгуулж, нийт хувьцааны 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хувийг үе шаттайгаар стратегийн болон санхүүгийн хөрөнгө оруулагч нарт санал болгох, хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр нээлттэй арилжих;

 2. “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” /төрийн өмчит үйлдвэрийн газар/-г компанийн хэлбэрт шилжүүлж, компанийн 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг үе шаттайгаар хувьчлах;

 3. “Хөдөө аж ахуйн бирж” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлж, нийт хувьцааны 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг Монголын хөрөнгийн биржээр үе шаттайгаар хувьчлах;

 4. “Монгол шуудан” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцааны 34 хувьтай тэнцэх хэмжээнд нэмэлт хувьцаа гаргаж, Монголын хөрөнгийн биржээр арилжих;

 5. “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 49 хүртэлх хувийг нээлттэй уралдаант шалгаруулалтаар хувьчлах;

 6. “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг 34 хувь байлгах хэмжээнд нэмэлт хувьцаа гарган хөрөнгө оруулагчдыг татах;

 7. “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд үе шаттайгаар хувьчлах;

 8. “Шивээ-Овоо” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн 20 хүртэл хувьд ногдох хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр арилжих;

 9. “Багануур” хувьцаат компанийн нийт хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгах хэмжээнд нэмэлт хувьцаа гаргаж, Монголын хөрөнгийн биржээр арилжих.

 10. “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит хязгаарлагдмал хувьцаат компанийн 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг үе шаттайгаар хувьчлахтай холбогдуулан “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 64 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт”-ын “Хоёр. Дэд бүтцийн салбар” гэсэн бүлгийн “10. Сансрын холбооны газрын станц,

11. Олон улсын АТС” гэсэн хэсгийг хасах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулав. Олон улсын АТС нь зөвхөн төрийн өмчийн төдийгүй, хувийн хэвшлийн энэ чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд байгаа болно.