2014.06.18

Д.Сумъяабазар: Н.Батбаяр сайдад итгэж бонд гаргах эрх өгч чадахгүй

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг өнгөрсөн мягмар гаригт хуралдсан  УИХ-ын чуулганаар хэлэлцсэн.

Хэлэлцэж буй төсөлтэй холбоотойгоор Д.Сумъяабазар гишүүн Н.Батбаяр сайдад итгэж бонд гаргах зөвшөөрөл өгч чадахгүй гэдгээ хэллээ.

Тэрбээр хэлэхдээ “О.Чулуунбат, Р.Амаржаргал нар сайд байсан бол бид итгэл үзүүлээд бонд гаргах зөвшөөрөл өгөх байсан. Яагаад гэвэл эд зарцуулалтыг зөв хийж чадна. Харин таньд бол итгэж, бонд гаргах эрх өгч чадахгүй” хэмээв.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Валютын ханшийг ямар үндэслэлээр тооцож 1600 орчимд барина гэж оруулж ирсэн юм бэ. Энэ нь өөрөө хэр үндэслэлтэй юм бэ. Долоо сарын өмнө 1384-т барихаар оруулж ирэхдээ МАН-ын муу амаллаа гэх мэтээр яриад байсан. Эрх баригч та өөрөө Засгийн газрын ажлыг шударгаар хийх ёстой. УИХ Засгийн газарт хангалттай итгэл үзүүлсэн байхад өгсөн үүрэг даалгавараа биелүүлэх ёстой” гэсэн асуултад

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Энэ бол бодит тоон дээр үндэслэсэн тоо. Бид зорилт тавиад ажиллах төсөөлөл юм. Чингис бондын санхүүжилтээр хийгдсэн томоохон ажлууд олон бий. Үндсэн чиглэлд тусгагдсан ажлуудыг хамтраад хийгээд явах ёстой” гэлээ