МБЗ Бямбасайхан.Б 2014.06.19 | Сэтгүүл: Mongolian Economy

Б.Бямбасайхан: Хөрөнгө оруулалтын шинэ соёл бий болно

Б.Бямбасайхан: Хөрөнгө оруулалтын шинэ соёл бий болно
Б.Бямбасайхан

2014 оны зургадугаар сарын 19-21-нд "Их Тэнгэр" цогцолборт болох гэж буй “Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт” хөрөнгө оруулалтаар цангаж буй Монголын эдийн засагт шинэ итгэл найдвар төрүүлнэ гэсэн хүлээлт бий.

Тус хурлын талаар "НоваТерра" ХХК-ийн захирал, Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайханаас цөөн зүйлийг тодрууллаа.

-Бизнесийн дээд хэмжээний уулзалт хөрөнгө оруулалтын урсгалд ямар нөлөө үзүүлэх бол?

-Монголд ирэх 10 жилд 65 тэрбум ам.долларын шинэ дэд бүтэц, барилга, уул уурхай, эрчим хүч, үйлдвэрийг бүтээн байгуулж ашиглах боломж байгаа.

Өндөр ашигтай хөрөнгө оруулалт хийх хамгийн боломжит газар Монгол хэвээр гэдгийг Монголын бизнесүүд өөрсдөө ойлгуулахыг зорьж байгаа.

Монголд олон “Оюутолгой” байгааг нээж өгөх зорилготой. Хөрөнгө оруулагчид шинэ бизнесийн төслийн талаар мэдээлэл авахын зэрэгцээ Монголын компаниудыг газар дээр нь таних, ойлгох боломжтой.

Итгэл алдарсан хөрөнгө оруулагчдад  бодит боломжоо шууд хүргэхийг  чухалчилж байгаа.

Мөн хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин яаж шинэчлэгдсэн талаар бид өөрсдөө түншүүддээ танилцуулах юм.

Түүнчлэн Монголын эдийн засгийн дунд хугацааны өсөлт, зорилтын талаарх илүү бодитой мэдээллийг мөн эндээс авах юм. Үүндээ үндэслэж тэд Монголд бизнес эхлэх, монголчуудтай хамтрах эсэхээ шийдэх байх.

Бидний зүгээс хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц боломжит нөхцөл, ашигтай төсөл, хөтөлбөрийг танилцуулна. Итгэл алдарсан хөрөнгө оруулагчдад  бодит боломжоо шууд хүргэхийг  чухалчилж байгаа.

Тэр тусмаа эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногт энэхүү уулзалтыг зохион байгуулж, эхлэлийг тавьж байна.

-Дээд хэмжээний уулзалтын онцлог юу вэ?

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт Монголын бизнесийн өсөлтийг дэмжих, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэх гол хүчин зүйл. Монголын эдийн засагт байгаа бодит хүндрэлээс гарахад Монголын бизнес л манлайлна, манай компаниуд л энэ ажлуудаа хийнэ.

Үүнд хөрөнгө оруулагчдын үүрэг оролцоо чухал. Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтууд ихэвчлэн Лондон, Хонконг зэрэг газарт болж ирсэн. Энэ удаа Монголын бизнесменүүд Монголдоо зохион байгуулах гэдгээрээ онцлог.

Монгол компаниуд өөрийн бизнес, төслөө хөрөнгө оруулагч нарт танилцуулах боломжтой болж байна. Гадаадад болдог хөрөнгө оруулалтын  хуралд хүн бүхэн оролцоод байж амждаггүй, мөн Монголын тухай зөвхөн төсөөллөөр харилцдаг байсан бол одоо Монголдоо хөрөнгө оруулагчдыг уриад, бодит хөрсөн дээр ярилцаж, өөрсдийн бэлдсэн бизнес төслүүдээ газар дээр нь хөрөнгө оруулагчдад танилцуулах завшаан гарч ирж байна.

Үүгээр дамжуулж эдийн засагт мөнгө татах, хөрөнгө оруулалтын шинэ соёл бид өөрсдөө бий болгож байна.

Энэхүү бизнесийн дээд хэмжээний уулзалтын ерөнхий зохион байгуулагчаар Монголын эдийн засгийн форумынхан ажиллаж байна. Үүнд манай бизнесменүүдийн оролцоо маш их байга. Бид өөрсдийн боломжоор дээрх уулзалтад ач холбогдол өгч, хамтран зохион байгуулахад оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд ч мөн адил дэмжиж энэ уулзалтад оролцож гэж байгаа нь мөн онцлог юм.