Ж.Батсуурь: АН-ынхан дунд ч энэ хуулийн төслийг эсэргүүцэж байгаа хүмүүс бий
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
2014.06.19

Ж.Батсуурь: АН-ынхан дунд ч энэ хуулийн төслийг эсэргүүцэж байгаа хүмүүс бий

УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг “Ярилцах танхим”-даа урьж, Газрын тухай хуулийн төслийн талаар ярилцлаа. Тэрбээр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гарсан Газрын тухай хуулийн төслийг судлах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа юм.

-Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн хуралдаандАрдын намынхан суухгүй байгаа нь саналаа нэгтгэж чадахгүй    байгаатай холбоотой гэж Ардчилсан намынхан ярьж байна билээ.Та бүлгээсээ гарсан ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа хүний хувьд энэ талаар юу хэлэх вэ?

-Зах зээлийн эдийн засгийн систем гүнзгийрч байгаа энэ цаг үед Газрын тухай хуулийг өөрчлөх шаардлага тулгарч байгаа. Үе үеийн парламентаар Газрын тухай хуулийг өөрчлөх гэж оролдож байсан нь ч үүнтэй холбоотой. Газрын тухай хуулийн төслийг ярихад хүн болгоны эрх ашиг ямар нэг байдлаар хөндөгддөг.

Ялангуяа бэлчээрийн мал аж ахуйг өргөн хүрээнд хэрэглэдэг Монгол Улсын хувьд хуулийн төсөлд өвөлжөө, хаваржааны газар болон бэлчээрийг эзэмшүүлнэ гээд оруулаад ирж байгаа нь асуудал үүсгэж байгаа юм. Малчны бүлэг, хоршоо байгуулах замаар дээрх газрыг эзэмшүүлнэ гэж заасан нь иргэдийг өдөөн турхирч байгаа хэлбэр болно.

Хэн нэгэн газар эзэмшинэ гэдэг чинь эзэн сууна гэсэн үг шүү дээ. Эзэмшил газраа хамгаалахыг хүснэ. Саяхан хөдөө орон нутагт нэг эмгэн газарт нь орсон адууг буудсан хэрэг гарсан гэж хэвлэлээс уншсан. Ийм асуудалтай цаашид байнга тулгарна л гэсэн үг шүү дээ. Тиймээс дээрх газрыг эзэмшүүлэх биш ашиглуулах ёстой гэсэн байр суурийг УИХ дахь Ардын намын бүлэг баримталж, хуулийн төслөө эргүүлэн татаж, бидний тавьж буй саналуудыг тусгасны дараа хэлэлцэнэ гэдгээ Ардчилсан намынханд мэдэгдсэн.

-Бэлчээрийн асуудлыг Газрын тухай хуулиар биш бие даасан хууль гаргах замаар шийдэхээр болсон гэж байсан шүү дээ. Тэхээр танай намын бүлгээс тавьсан саналыг Ардчилсан намынхан хүлээж авч байгаа хэрэг биш үү?

-Бид анхнаасаа ийм санал тавьж байсан. Ажлын хэсгийн хэлэлцүүлгийн явцад тиймэрхүү яриа гарч байгаа юм билээ. Гэхдээ Газрын тухай хуулийн төслийг албан ёсоор байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцээгүй байгаа. Тиймээс хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийнхэн дур мэдэн хуулийн төслийн заалтыг авч хаях боломжгүй. Тэгээд ч ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа хэн нэгэн Б.Гарамгайбаатар тэгж хэлсэн гээд асуудал шийдэгдчихдэг юм биш.

Бэлчээрийн тухай хуулийн төсөл өргөн бариагүй цагт энэ бүхэнд итгэхэд бэрх. Бэлчээр эзэмшүүлэхээс гадна тариалангийн, аж ахуйн зориулалтаар ашиглаж байгаа газрыг давуу эрхээр өмчлүүлж болно гэсэн заалт ч дээрх хуулийн төсөлд байгаа юм. Өмчилнө гэдэг чинь хэн нэгэнд худалдах, түрээслүүлэх эрх нь нээгдэнэ гэсэн үг.

Хэн ч гэсэн ашигтай ажиллахыг хүсч байгаа энэ үед их мөнгөөр газраа зарчихаад тариа тарихгүй бол яах вэ. Улаанбаатарын ихэнх газар цөөн хүний мэдэлд байдаг юм гэсэн. Тэр хүмүүс нь дандаа монголчууд гэж бодож байна уу. Үгүй шүү дээ. Ихэнхийнх нь эзэд гадны иргэд байдаг юм. Тэд чинь энэ хуулийн төслийг батлуулж, ашиглаж байгаа газруудаа өмчилж авахыг хүсээд байгаа юм.

-Ардчилсан намынхан хуулийн төсөлд өмчлөх тухай асуудал байхгүй. Ашиглах асуудлыг илүү боловсронгуй болгож эзэнгүйдсэн асуудлыг л тодорхой болгосон гэж байсан шүү дээ?

-Хуулийн төслийг уншаад үзээрэй. Бэлчээрийг эзэмшүүлнэ, аж ахуйн зориулалтаар ашиглаж байгаа газрыг давуу эрхээр өмчилнө гээд заачихсан байгаа. Ардчилсан намынхан тийм алхмаа хийгээгүй байж та бүхэнд зүгээр л үг дагуулаад яриад байгаа байхгүй юу.

Эзэмших, өмчлөх гэдэг чинь үндсэндээ зарчмын хувьд нэг л асуудал шүү дээ. Газрын эзэн ямар эрхтэй байх вэ. Хэн нэгэн гадныханд түрээсэлж болно биз дээ.

-Энэ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийгээгүй байгаа. Түүнээс өмнө иймэрхүү асуудлаа ярьж, цэгцэлье гээд танай намын бүлгийнхнийг ажлын хэсэг дээр дуудахаар ирдэггүй атлаа асуудлыг улстөржүүлж, олон нийтэд уг хуулийн төслийг бараг энэ чигээр нь батлах гэж байгаа мэт ташаа мэдээлэл өгөөд байгаа гэж байгаа. Та бүхэн ажлын хэсгийн хуралдаанд оролцоод энэ бүх асуудлаа хэлэлцээд явж болдоггүй юм уу?

-Би хувьдаа хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийнхэнд санаагаа ойлгомжтой хэд, хэдэн удаа хэлсэн. Хуулийн төслөө эргүүлж татаад засч ирсний дараа л хэлэлцэх эсэхийг нь шийднэ гэсэн байр суурийг манай намын бүлэг хатуу баримталж байгаа.

Газрын талаар төрөөс баримтах бодлого хэрэгтэй байна. Ард түмнээс санал асуулга авч асуудлаа шийдэж болно шүү дээ. Үүнээс өмнө хуулийн төслийг хэлэлцэхийг зөвшөөрчихвөл

Ардчилсан намынхан олонхиороо түрүү бариад л хуулийн төслөө энэ хэвээр нь баталчихыг үгүйсгэх аргагүй.
-Иймэрхүү хардлага яваад байвал Газрын тухай хуулийн төсөл хэзээ ч батлагдахгүй юм биш үү?

-Үүнийг шийдэх ёстой. Хүн болгонд сертификат олгох замаар Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлнэ гэдэг асуудлыг болих хэрэгтэй. Газар өмчлөх шаардлагагүй иргэн маш олон байна. Хүмүүст хүчээр газар өмчлүүлэхээр тулган шаардаж болохгүй. Газар өмчлөх шаардлагагүй иргэд сертификатаа худалдаад эхэлбэл юу болох вэ.

1000 хүний газрыг хэн нэгэн мөнгөтэй хүн худалдаад авлаа гэхэд Монгол хүн төрсөн сумандаа гишгэх эрхгүй болно биз дээ. Бүх иргэндээ толгой дараалан газар өмчлүүлсэн улс орон байдаггүй юм. Газар өмчлөх шаардлагатай иргэддээ тодорхой хугацааны дотор л газар өмчлүүлэхэд болно.

-Тэгэхээр иргэн бүр газар өмчлөх эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалтыг өөрчлөх хэрэгтэй гэж хэлэх гээд байна уу?

-Иргэн бүр газар өмчлөх эрх нээлттэй. Гэхдээ хүчээр өмчлүүлж болохгүй. Худалдах эрхтэй сертификат хүчээр өгөх замаар газрыг өмчлүүлэх ёсгүй л гэж хэлэх гээд байгаа юм. Газрын тухай хуулийн төсөлд ийм заалт бий шүү дээ.

1990 онд хувьчлал хийхэд цэнхэр, ягаан тасалбар гэгчийг иргэн бүрт тараасан ч өнөөдөр тэр бүгдийг хэсэг хүн гартаа төвлөрүүлж, үйлдвэрийн эзэн болсон байх аа. Гэхдээ би үйлдвэрийн эзэн болохыг эсэргүүцээд байгаа юм биш. Газрыг буруу замаар өмчилж хувьчилж болохгүй л гэж байгаа юм. Хөрвөх чадвартай сертификат гэдэг чинь 1990 оны тасалбартай л ижил зүйл.

-Энэ бүх асуудлыг Ардын намынхан олонхи байхдаа яагаад цэгцэлчихээгүй юм бэ?

Бид хуулийн төсөл боловсруулаагүй биш боловсруулжбайсан. Харамсалтай нь энэ ойлголцолд хүрч чадахгүй 20 орчим жил болж байгаа асуудал. Газрын тухай Ясуудлыг зевхөн өнгөрсөн парламентын үеэс хэлэлцсэн юм биш шүү дээ. О.Дашбалбар, М.Зэнээ нар амьд сэрүүн ахуйдаа энэ талаар юу хэлж байсныг олж сонсоорой.

Одоо байгаа хуулийн төслөөр бол нэг хэсгийгээ ядууруулаад нөгөө хэсэг нь худалдаж авсан газраа гадныханд түрээслэх замаар амьдрах гээд зүтгээд байгааг л би эсэргүүцэж байгаа юм. Түүнээс биш намын эрх ашиг гэж би огт яриагүй.

-Засгийн газраас өргөн барьсан гээд байгаа Газрын тухай хуулийн төсөл чинь Ардын намыг Засгийн эрх барьж байх үед боловсруулагдсан хуулийн төслийн сайжруулсан хувилбар гээд байгаа шүү дээ?

-Сертификатаар  газар өмчлүүлэх тухай асуудлыг сонгуулийн өмнөхөн УИХ-ын гишүүн Л.Болд тэргүүтэй хүмүүс ярьж байсан. Энэ хуулийн төслийг хэдэн парламент дамжиж ярьж байгаа хэдий ч анх бояовсруулсан чигээр нь дахин өргөн барина гэдэг үлгэр.

-Та бүхний тавьж байгаа саналыг хүлээж аваад хуулийн төслийи заалтуудад өөрчлөлт оруулаад явбал хуулийн төслийг гацаахгүйгээр хэлэлцэх боломж бий юу?

-Бид энэ асуудлыг гацаагаагүй шүү дээ. “Хэлэлцэхээ боль” гэж огт хэлээгүй. Гэхдээ бидний саналыг хүлээж авч байгаа дүр эсгээд хуулийн төслийг энэ хэвээр нь баталчихвал яах юм. Тиймээс хуулийн төслөө татаж аваад дахин боловсруулж, дахин өргөн барь гээд байгаа юм. Миний утсанд “Газрын тухай хуулийн төслийг эргүүлж тат” гэсэн мессежийг иргэд маш ихээр ирүүлж байна.

-Тэр болгон танай намынхны явуулж байгаа буруу мессежний үр дүн юм биш үү?
-Ямар буруу ойлголт гэж асуудал ялгаагүй гэж хэллээ шүү дээ. Тэгэхээр хуулийн төсөлд үнэхээр өмчлөх гэдэг үг байхгүй юм биш үү?

-Өмчлөх гэсэн үг байгаа. Тариалангийн болон аж ахуйн зориулалтын газрыг давуу эрхээр өмчлүүлнэ гээд заачихсан байгаа. Тариалангийн болон аж ахуйн зориулалтаар гэдэг чинь хэдэн мянган га-гаар нь газрыг өмчилж болно гэсэн үг. Энэ бүхний хамгийн гол асуудал нь мөнгөтэй хүнд давуу эрх олгох уу гэдэгт л байгаа юм. Ардчилсан намынхан дунд ч энэ хуулийн төслийг эсэргүүцэж байгаа хүмүүс байгаа юм шүү.

-Танай намын бүлгийнхэн аль 2002 онд батлагдсан хуульд байсан Гадаадын иргэн болон аж ахуйн нэгжид газар ашиглуулна гэсэн хуулийн заалтыг одоо гаргаж ирсэн мэтээр улстөржүүлээд байгаа юм биш үү?

-Ашиглах эрх бүх зүйлд нээлттэй. Би ашиглах эрхийг хязгаарла гэж нэг ч үг дугараагүй. Газар ашиглах эрх байхгүй бол бид газар дээгүүр яаж явах юм. Манай намын бүлгээс хэн тэгж яриад байгаа юм. Би тэр асуудлыг мэдэхгүй юм байна. Гэхдээ газар өмчлөх, эзэмших эрхийг авахын тулд яах гэж үхэн хатан зүтгээд байгаа вэ гэдгийн цаана гадныханд түрээслүүлэх, ашиглуулах л зорилго байгаа.

-Ярилцсанд баярлалаа.