УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2014.06.20

Ж.Эрдэнэбат: Нэг хувийн татвар хүнд суртал, шат дамжлага үүсгэхгүй

МАН-ынхан олонхийг байнга сөрөх биш, түших хүчин гэдгээ батлахаар нэгэн хуулийн төсөл санаачилжээ.

“Эдийн засгийг идэвхижүүлэх 100 хоног” хөтөлбөрийн хүрээнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулснаа өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Я. Содбаатар нар хэвлэлийнхэнд дуулгалаа. Төслийн талаар Ж.Эрдэнэбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Засгийн газраас ийм төрлийн хуулийн төсөл санаачилсан ч эргүүлэн татсан. Та нарын санаачилсан төсөл үүнээс юугаараа ялгаатай вэ?

-Зарчмын хувьд ялгаатай. Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгжийн улсад төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох агуулгатай байсан.

Гэвч энэ төсөл батлагдвал хүнд суртал, шат дамжлагыг ихэсгэх хөшүүрэг болно гэж гишүүд үзсэн учраас Засгийн газар хуулийн төслөө татан авсан. Харин аж ахуйн нэгжүүд төлсөн татварынхаа 90 хувийг нь буцаан авахын тулд олон шат дамжлага туулахын оронд шууд нэг хувийн татвар төлөх нь зүйтэй гэж манай намын бүлэг үзэж байна.

Нэг хувийн татвар нь аж ахуйн нэгжүүдийн цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх, ажлыг нь хөнгөвчлөх чухал ач холбогдолтой.

- Ямар үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж энэ хуульд хамаарахгүй вэ?

-Уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний импорт, газрын тосны экспорт, үүрэн холбооны операторын үйлчилгээ, архи, спирт, тамхины төрлийн бизнес эрхлэгчид хамаарахгүй.

Үүнээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй орлоготой аж ахуйн нэгжид оногдуулах татварын хэмжээг нэг хувь болгон өөрчлөх буюу 90 хувиар хөнгөлнө.

-Төслийг баталснаар эдийн засагт ямар эерэг үр дүн авчрах бол?

-Эдийн засгийн хямралыг хохирол даван туулах, баялаг бүтээгчдэд бодитой дэмжлэг үзүүлэх зорилготой. Түүнээс жижиг, дунд бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын татварын ачааллыг бууруулах, түүнийг тайлагнах, журмыг хөнгөвчлөх, бизнесийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, зарим татварын хөнгөлөлт үзүүлэх, далд эдийн засгийг бууруулах зорилготой.

Хамгийн гол нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлж, хувийн хэвшлийг дэмжихэд оршиж байна. Энэ оны төсөвт нөлөөлөл үзүүлэхгүйгээр 2015 оноос хэрэгжиж эхэлнэ гэж тооцож байна.