Манукол Бат-отгон.З 2014.06.25 | Сонин: Өдрийн шуудан

З.Бат-Отгон: Орчлон хорвоогийн тооно нь мөнх хөх тэнгэр, мөнх тэнгэр бол орчлонгийн төр-орчлонгийн глобаль удирдлага

Монгол Суу ухаан Манукол академийн ерөнхийлөгч, доктор З.Бат-Отгон

Монгол суу ухааны Манукол академийн ерөнхийлөгч, Физикч, философич, Монгол судлаач, доктор З.Бат-Отгонтой ярилцлаа.

-Хүн амьдралдаа зайлшгүй хийх ёстой гурван зүйлийн нэг нь ном бичих гэдэг. Таны саяхан гаргасан номын талаар ярилцлагаа эхлэх үү?

-Саяхан “Мөнх тэнгэр ба шинжлэх ухаан” гэдэг номоо гаргалаа. Миний үндсэн мэргэжил бол физик-математик. Би оюутан байх үеэсээ амьдрал, хөгжил дэвшил болон орчлон хорвоог арай өөр нүдээр харж эхэлсэн.

Гэтэл манай дэлхийд сайн сайхан зүйлсээсээ муу муухай зүйлс илүү олон байв. Жишээ нь, маш олон дайн самуун болж, хүмүүсийн цус нулимс урсаж, хагацал өнчрөл, зовлон зүдгүүр, өлсгөлөн гуйланчлал, ядуурал, хар тамхи, мансуурал, донтол, биеэ үнэлэлт, харгислал, дарангуйлал, хүчирхийлэл гэх эмзэглэл, харуусал төрөхгүйгээр маш буруу амьдарч байгааг ажигласан.

Тэгээд миний сэтгэл маш их шаналж, маш их гутарсан. Тэр үеэс л Хүн төрөлхтөн яавал энэ муу муухайгаас салах бол” гэж боддог болсон. Бас “Хүн төрөлхтний зөв, сайн сайхан оршин амьдрах арга, гарц нь юу вэ” гэж эрж хайж эхэлсэн. Байгальд хамгийн төгс шийдэл, гарц гаргалгаа байдгийг санаад эрэл хайгуулаа байгалиас эхэлсэн.

Энэ нь эцсийн эцэст орчлонгийн оршихуйн түгээмэл хууль гэж нэрлэгддэг орчлонгийн оршихуйн үндсэн хуулийг таньж мэдэх ажил болж хувирсан. Орчлонгийн оршихуйн үндсэн хуулийг би өөрийн эзэмшсэн физик, математикаас олоогүй. Хими, биологи, газар зүй, анагаах ухаан, хүн суддал, сэтгэл судлал гэх мэт шинжлэх ухааны тулгуур 20 гаруй салбар луу орж судалгаа хийсэн. Бас л олоогүй.

Шинжлэх ухааны хамгийн сүүлчийн салбар болох синергетик нь шинэхэн учраас тийм өндөр түвшний шийдэлд хараахан хүрээгүй байна. Дараа нь философи руу орсон.

Өрнө, дорнын гүн ухааныг бүхэлд нь уншиж судалсан.

Бас л олоогүй. Будда, христос, ислам хэмээх гурван том шашны сургаал номлолоос ч олоогүй. Мөн эзотерикийг уншиж судалсан боловч олоогүй.

Миний эрэл мухардсан. Тэгээд 2000-аад оноос монгол судлал руу орж судалгаа хийж эхэлсэн. Учир нь, нүүдэлчин монголчууд байгалийг илүү танин мэдсэн байдаг төдийгүй тэдний амьдрал нь байгальтай хүйн холбоотой байдаг учраас тэр. Монгол судлал руу орж, эртний Монголын гүн ухааныг судалснаар би орчлонгийн оршихуйн түгээмэл онол, үндсэн хуулийг олсон. Удаан хайсан эрлээ мухарласнаа “Мөнх тэнгэр ба шинжлэх ухаан” ном болгон бичиж эгэл түмэнтэйгээ хуваалцахаар шийдсэн юм.

-Мөнх тэнгэрийг шинжлэх ухаантай хослуулж бичсэн гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Мөнх тэнгэр гэдэг зүйлийг шинжлэх ухааны онол, хууль, мэддэгээр тайлбарлаж, баталж бичсэн.

-Монголчууд бид Мөнх тэнгэр гэж ярьдаг. Ингэхэд Мөнх тэнгэр гэж яг юу юм бэ? Будда, Есүс, Мухамедээс ялгарах онцлог нь юу юм бэ? Шүтээн гэдэг утгаараа төстэй санагдаад байгаа учраас асууж байна л даа?

-Тэнгэрийн сургаалд болон Монгол суу ухаанд “Мөнх тэнгэр бол орчлонгийн бүх гэрлийн эрчим хүчний дээд нэгдэл” гэж сургадаг. Эндээс Мөнх тэнгэр бол гэрэл, гэрлийн энергийн нэгдэл болох нь маш тодорхой харагдана.

Өөрөөр хэлбэл, Мөнх тэнгэр гэдэг бол цахилгаан соронзон физик, гэрлийн буюу оптикийн физик, атомын физик, цөмийн физик, квант физик гэсэн үг. Цаашилбал, синергетикийн онол, хууль, мэдээг. Тэгэхээр Мөнх тэнгэр бол сүсэг бишрэл, шашин шүтлэг огтхон ч биш. Гагцхүү шинжлэх ухааны дээд онол, дээд мэдээг, монголчуудын орчлонг бүхлээр нь бүрэн танин мэдсэн дээд шинжлэх ухаан юм.

-Тэгтэл мөнх тэнгэр, монгол суу ухаан хоёр холбогдож байна гэж ойлгож болох нь ээ?

-Нэг талаас, судалгаа маань монгол суу ухаан гэсэн шатнаас мөнх тэнгэрийн ухаан гэсэн дараагийн дээд шатанд ахисан гэсэн. үг. Нөгөө талаас, мөнх тэнгэрийн ухаанаас монгол суу ухаан соёолж, ургаж гарсан гэсэн үг. Нэг ёсондоо, монгол суу ухааныг төрүүлсэн эцэг ухаан нь мөнх тэнгэрийн ухаан.

Хэрвээ орчлон хорвоог нэг гэр гэж үзвэл түүний тооно нь Мөнх тэнгэр. Орчлонгийн орой бол Мөнх тэнгэр. Тиймээс өвөг дээдэс маань “Оройн дээд Мөнх тэнгэр бий, орчлонг чиглүүлэгч нэг гэр гэж үзвэл тэр гэр доторх бүх амьдрал гагцхүү Мөнх тэнгэрийн хуулиар буюу Мөнх тэнгэрийн зарлигаар явагддаг юм байна.

Монголчууд тэр хуулийг танин мэдээд, түүгээр улсаа бадраан хүчирхэгжүүлж Их Монгол улсыг байгуулжээ. Бидний өвөг дээдэс ингэж орчлон гэрийг бүхэлд нь бүрэн танин мэдэж, тэр мэддэгээ дэлхий гэр, улс гэр, өрх гэртээ хэрэглэснээр тэнгэрлэг, агуу оршиж ирсэн байна.

Мөнх тэнгэрийн ухааныг улс гэрт хэрэглэсэн нь Монгол суу ухаан. Тэгэхээр Мөнх тэнгэрийн ухаан бол орчлон гэрийн оршихуйн ухаан, харин монгол суу ухаан» бол улс гэрийн оршихуйн ухаан. Мөнх тэнгэрийн ухаан ч, монгол суу ухаан ч хоёулаа байгалийн ухаан төдийгүй тэнгэрийн ухаан. Чухамхүү ингэж орчлонгийн буюу тэнгэрийн оршихуйн онол, хуулиудыг баримталж оршин амьдарсан монголчуудыг тэнгэрлэг монгол гэж нэрлэдэг байсан юм.

-Мөнх тэнгэр бол орчлонгийн орой гэлээ. Тодруулж тайлбарлаач?

-Газрын нэг үндэснээс өвс ургамал ургадгийг бид мэднэ. Тэгвэл Мөнх тэнгэр гэдэг тэнгэрийн нэг үндсээс орчлонгийн бүх үзэгдэл юмс соёолон дэлгэрч, салаалж мөчирлөж, цэцэглэн дэлгэрдэг. Тиймээс Мөнх тэнгэр бол орчлонгийн бүх зүйлсийг өөрөөсөө үүсгэсэн, эргээд орчлонгийн бүх зүйлийг өөртөө хураан нэгтгэдэг.

Энэ бол супер нэгдэл. Шинжлэх ухааны сүүлчийн тулгуур онол нь супер нэгдлийн онол гэдгийг хүн бүхэн мэднэ. Тэрхүү супер нэгдэл нь монголчуудын танин мэдсэнээр Мөнх тэнгэр байсан.

Өвөг дээдсийн маань орчлонг бүхлээр нь танин мэдсэн энэ агуу мэддэг өнөөгийн монголчууд төдийгүй дэлхийн танин мэдэхүй ялангуяа, шинжлэх ухааны танин мэдэхүйд нэн чухал. Миний номыг “Интер ном” номын их дэлгүүр болон Монголын залуучуудын холбооны байрны 110 тоотоос худалдан авах боломжтой.